October 28, 2010

Бүргэд - Зоригт анч бүргэдийн тухай.

Монголд 19 багийн, 60 овгийн, 200-гаад төрлийн 458 зүйл жигүүртэн байдаг. Эдгээрийн томоохон төлөөлөгчийн нэг нь махчин шувууд. Махчин шувуудыг дотор нь өдрийн ба шөнийн идэвхтэй гэж хоёр хуваана. Өдрийн махчинд шонхор хэлбэртний баг, шөнийн махчинд шар шувуу хэлбэртний баг ордог.  Махчин шувуудыг дотор нь шонхортны, харцагатны, явлагтны гэсэн гурван овог болгоно. Бүргэд нь шонхортны багт багтдаг ажээ. Монгол нутагт Цармын, таравжи, бор, хан гэсэн дөрвөн төрлийн байдаг. Цармын болон таравжи бүргэд нь монгол нутагт байнга байдаг. 
Цармын бүргэд далайн түвшнээс дээш гурваас дөрвөн мянган метрийн өндөрт, ихэвчлэн өндөр, эгц цавчим уул хадтай, хүн хүрч чадахааргүй газарт үүрээ засдаг.  Харин таравжи буюу талын бүргэд 1500-2300 метрт багавтар асга хадтай газар заримдаа тал дээр ч үүрээ зассан байдаг. Yүрээ барихдаа энэ хоёр бүргэд өөр өөр зүйлийн материал ашиглана. Цармын бүргэд голдуу модний мөчир ашигладаг бол талын бүргэд үс ноос, өвсөөр үүрээ засдаг. Шувуудын дотор хамгийн цэвэрч нь цармын бүргэд, үүрээ тойруулаад байнга цэвэрлэгээ хийж байдаг.  Таравжи буюу талын бүргэд насан туршдаа нэг л үүртэй байдаг бол цармын бүргэд доод тал нь хоёр үүртэй байна.  Цармын бүргэд нь 1,5 км орчим зайтайгаар хэд хэдэн үүр барина. Эм бүргэд эдгээр үүрнүүдээс сонгож өндөглөнө. Хэрэв ангаахай нь ямар нэгэн шалтгаанаар эндэж, үхвэл тэр үүрэндээ дахиж хэзээ ч өндөглөдөггүй.  Үүрийг нь ашиглан бүргэдийн насыг тодорхойлж болдог ажээ. Бүргэд жил бүр үүрээ нэг давхар модон үеэр давхарладаг тул үүгээр нь  мэдэх боломжтой.  Бүргэдийн үүр болгон хоол идэх тавцантай.
Бүргэдийн биеийн жин нь 3.8-6.5 кг, эр бүргэдийн биеийн жин нь эмийнхээс арай бага 3-3.5 байдаг.  Эм бүргэдийн биеийн урт 0.9 м орчим бол эрийнх нь 0.8 м орчим байна.  Далавчны дэлгэц эм бүргэдийнх 2.4-2.7 метр байна.  Бүргэд 4 наснаасаа эхлэн үржилд орж, үүрээ засан хосоороо амьдарч эхэлдэг.  Бүргэдийн ороо нэгдүгээр сараас эхлэнэ.  Орооныхоо үеэр эр бүргэд ууртай цочмог ааштай болдог. Энэ үедээ бүргэд байнга нисэж байх бөгөөд тэнгэрт үржил нь явагддаг.  Бүргэд 1-р сараас эхлэн нийлж, 2-р сараас эхлэн үүрээ бариж засан 3-р сарын эх, зарим тохиолдолд 4-р сарын эхээр өндөглөнө. Эм бүргэд ихэвчлэн хоёр өндөг гаргана. Заримдаа нэгийг ч гаргадаг байна. Эхний өндөг гарсны дараа дөрвөөс тав хоногийн дараа удаах өндөг нь гардаг.  Өндгөө ихэвчлэн эм бүргэд нь дарна.Эм нь эрээсээ биеэр том байдаг.  Энэ үед эр нь идэш, тэжээлийг бэлдэнэ. Хоёр сар шахам дарсны эцэст эхний өндөг хагарч ангаахай нь хоол нэхэн орилж эхэлнэ. Хэдхэн хоногийн дараа дүү нь гарах учраас энэ үеэс аав, ээжүүд хоёулаа хоолны эрэлд гардаг байна. Ангаахай бараг ой хүртлээ эцэг эхээрээ тэжээлгэдэг.  Өд сөд нь ургаж гүйцэхээр эцэг эх нь ангаахайгаа нисгэж сургадаг. Ингэхдээ үүрнээсээ түлхэж доош унагаадаг. Ингэж түлхэгдсэн ангаахай өөрийн эрхгүй далавчаа дэлгэн нисдэг байна. Түүний дараагаар бусад амьтны адил ангаахайгаа анд сургана. Ингэхдээ туулай, тарвага зэргийг шархдуулан барьж авчираад, түүн дээрээ дасгал хийлгэнэ. 2500-3000 метрийн өндөрт нисдэг Цармын бүргэдийн гол хоол нь үнэг, хярс, туулай, харин таравжи бүргэдийнх тарвага.  . Бүргэд барих гэж буй ангаа хайхын тулд 2500-3500 метрийн өндөрт гарна. Учир нь хэр зэрэг өндөрт байна, тэр хэмжээгээр ангаа сайн хардаг. Махчин шувуудын нүдний хараа маш хурц байдаг. Бүргэдийн хараа ч гоц сайн. Хүмүүсийн харах чадвараас 5-7 дахин илүү байдаг.  Дээрээс харж байгаад барих ангаа олж харсан бол алгуур доошилж байгаад нэг юм уу хоёр зуун метрээс огцом дайрч ангаа нуруун дээрээс нь шүүрч барина. Түүний дайрах үеийн хурд 100-150 м/сек хүрдэг.  Бүргэд өөрөөсөө том биетэй амьтан руу дайрч байгаад гэмтэх тохиолдол гардаг. Учир нь бүргэд нэг хөлөөрөө амьтны нурууг зуурч, нөгөө хөлөө ойролцоо байгаа бут, ургамлаас зуурч тогтоогоод авч нисдэг. Хэрэв бүргэдээс илүү  хүчтэй амьтан түүнийг гуд татан харайж  хоёр хөлийг нь салгачихдаг тул анч казахууд бүргэдийн хөлийг сураар холбож өгсөн байдаг.  Бүргэд өдөрт нэг кг гаруй мах иддэг. Тэгэхдээ ан баригдахгүй үед хоёр гурван хоног ч юм идэхгүй тэвчиж чадна. Ихэвчлэн туулай, тарвага, малын мах иддэг бөгөөд хамгийн дуртай нь шар шувууны мах юм.  Бүргэдийн насыг толгойн ясаар мэдэж болно. 
Бүргэд нь 25-30 насалдаг. Эм бүргэд нь эрээсээ илүү олон жил амьдардаг. Түүний арав хүртлэх насыг нь гадна төрхөөр ялгаж таньж болно. Учир нь нас насанд өнгө нь өөр болдог. Бүргэдэд бараг дайсан байдаггүй. Энэ нь өндөрт үүрээ засдагтай холбоотой.  Түүний ганц дайсан нь шар шувуу бөгөөд өдөр нь шар шувууг бүргэд, шөнө нь бүргэдийг шар шувуу барьж иддэг.  Иймд бүргэд шөнө унтахдаа толгойгоо нууж унтдаг байна. Дэлхийд шувуугаар ан хийлгэдэг цөөхөн үндэстэн байдаг, тэдний нэг казахууд юм. Казахууд эртнээс байгалийн хүчит, махчин шувуудын хэл, зан авирыг мэддэг байжээ. Тиймдээ ч бүргэдийг ан агнахад сургадаг уламжлалт заншил тогтсон түүхтэй.  Энэ уламжлал төв Азид 6000 мянган жилийн өмнө үүссэн. Энэ бүхнээс үзэх юм бол казах эр, бүргэд хоёр олон мянган жилийн өмнөөс нөхөрлөсөн гэхэд болно. Тэр үеэс л бүргэдийн гайхамшигт хараа, хүч, чадлын тухай яриа гарсан байх. Казахад бүргэдтэй холбоотой олон домог, хууч яриа бий. Сүүлдээ анчин казах эрийг бүргэдгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Нэлээд сүүлд бүргэдээр ан хийх арга Европын улс оронд нэвтэрсэн. Италийн жуулчин Марко Пологийн тэмдэглэлд Алтайн хязгаарынхан бүргэдээр ан хийдэг хэмээн тэмдэглэгдэн  үлджээ. Мөн XIII зууны үеийн хөлгөн судруудад Чингис хааны үед ч бүргэдээр ан хийдэг тухай тэмдэглэсэн байдаг.
Анчин бүргэдээ ангаахай байхад үүрнээс нь авдаг. Гэхдээ зөвхөн эмийг нь сонгодог. Эм бүргэд эрээсээ биеэр том, хүч чадал сайтай байдаг.  Бүргэдийг үүрнээс авах олон арга байдаг. Гэрийн хана болон аргамжаа ашиглан үүрэнд хүрч авах, дуу чимээ гаргах түмпэн савыг чулуугаар дүүргээд олсоор унжуулж бүргэдийн ангаахайг айлган цочоож буулган барьж авах, тор ашиглан барих, хавх тавих, мориор хөөж цуцааж барих гэх мэт олон аргыг казах түмэн хэрэглэдэг.  
Анч казах эрийг бүргэдээ барин ирэхэд нь айл хотлоороо цуглана.  Гэрийн эзэгтэй бүргэдэд шар шувууны өд зүүж өгнө.  Энэ нь бүргэдийг хойшид аюул занал, осол гэмтлээс хамгаалж явна.  Бүргэд барьж ирсэн айлд ахмад настанууд цуглаж бүргэдийг шинжинэ.  "Анч бүргэд болох болтугай", " Сайн бүргэд болог" гэсэн ерөөлийг өргөдөг.  Хүүхэд төрж байх үед бүргэд барьж ирвэл ихэд билэгшээн хүүхдийн нэрээр бүргэдээ нэрлэх, бүргэдийн насыг оруулсан нэрийг хүүхэдэд өгдөг заншил казахуудын дунд байна.  Анч бүргэд бүхэн дуудах нэртэй. Казах түмэн бүргэддээ голдуу "Ага ига", "Кара кыран" гэдэг нэрийг голдуу хайрлана. "Ага ига", "Кара кыран" гэдэг нь цагаан мөрт, хар хүчтэн хэмээх утгатай юм. Казах түмнээс "кыран" хэмээх нэрийг хүндэтгэлтэйгээр хүртсэн бүргэд эзнийхээ баруун гарын шуун дээр сууж,  үе үе анд мордож хэдэн бээр газар, усыг туулдаг. Эзнийхээ хөдөлгөөн, царай зүсийг андахгүй. Ялангуяа, дуу хоолойгоор нь гайхалтай танина.  Кыран гэдэг нь хурц дайчин, хүч чадалт гэсэн утгатай үг.  Эрэлхэг зоригт, хурц хараатай "кыран"-ы толгой болон хүзүү ганцхан хоромд 360 градус эргэдэг.  Өтөлсөн кыраныг анчид идэх хоолтой нь ууланд аваачин тавьдаг. Бүхий л насаа уул хаданд бус, эзнийхээ бүүвэйнд элээсэн өвгөн бүргэд ууланд хаягдсан ч, ээл нөмрийг нь санадаг ч юм уу эргээд л эзэндээ хүрээд ирдэг байна. Гарамгай бүргэд сайн морь, атан тэмээний үнэтэй ч казахууд бүргэдээ наймаацахыг асар их цээрлэдэг аж.
Казахуудыг бүргэдийн анч шинжийг хурдан морины адил шинждэг.  Бүргэд болгон өөрийн онцгой шинжийг агуулсан байдаг. Сайн бүргэдийн шинж: Хурдан шаламгай нисэхэд зохицсон богино, дөрвөлжин биетэй, булчин сайтай шөрмөслөг гуятай, толгой том, ам даравгар, сарвуу томтой, цэхэр ногоон нүдтэй, монхор хошуутай, мөрөн дээрээ цагаан өдтэй, том биетэй байдаг. Том биетэй байх тусам том анг барих чадалтай байна.  Мөн амыг нь анайлгаж харвал хэлний дор  хар мэнгэ, иржгэр толботой байна.  Хэрэв бүргэд улаанаар эргэлдсэн нүдтэй бол зүрх зориг ихтэйн шинж юм.  Хэрэв бүргэд биеэр бага,гуя нь нарийн, сарвуу жижиг, хар шар нүдтэй бол тааруухан бүргэдийн шинж юм.
Бүргэдийг анд сургахдаа казахууд гарамгай.  Барьж ирсэн бүргэдээ хөр бууцанд өнхрүүлж үнэрийг гаргана.  Зэрлэг бүргэд ихэд догшин байдаг тул тусгайлан бэлтгэсэн савлуурт сарвуунаас нь дүүжилж  дуу чимээ гарган цочоож ядрааж, номхоруулж авдаг.  Мөн тарган бүргэдэд ус цас, туулга өгч бүргэдийн ходоодыг цэвэрлэн, хоол өгч гаршуулан дасгана.  Үүний дараагаар бүргэдийг анд сургана.  
Шинэ бүргэдийг морин дээр авч хол газар давхин гарт оруулна.  Шинэ мах харуулан өөр рүүгээ дуудан ирүүлж сургана.  Ангийн бэлтгэлийг хийж эхэлнэ.  Үнэгний чихмэлийг мориор чирч бүргэдээ бариулж сургана.  Үүний дараагаар амьд үнэгний аманд мод чагталж уяад бүргэдээрээ бариулж сургана.  Энэ нь үнэг бүргэдийг дайрах үед нүх рүү оруулахгүй байлгах арга юм.  Ингэж сайн сургуулилсны дараагаар шинэ бүргэд анд бэлэн болно.
Казахууд бүргэдээр голдуу үнэг агнадаг. Үнэг агнах үед бүргэдийн хошуувчийг авангуут бүргэд эгц дээшээ нисдэг. Бүргэд их чимээ бүхий дуу гарган ан руугаа ойртоно.  Үнэг дайсан айсуйг мэдээд зугтахад улам дөхөж очоод хаяж буй мэт буцаад нисдэг байна.  Энэ үед үнэг дайсан холдлоо хэмээн тайвширдаг ингээд үнэгийг нуувчнаас гарч ирэхэд бүргэд дахин дайрч баридаг. Ангаа барьсан бүргэд маадгар, их тайван байдаг. Харин ан үзэгдээгүй буюу олз омоггүй буцах үед бүргэдийн зан авир өөрчлөгдөж, уур уцаартай болдог ажээ.  Ан хийх үед бүргэдэд аюул бас тохиолдоно. Туршлагагүй залуу бүргэдийг зальт үнэг овжин хуурч, чулуу, бут мөргүүлэн гэмтээдэг. Баригдах үедээ эргэж ноцон сарвууг гэмтээх тохиолдол бас нилээдгүй байдаг.  Казахууд бүргэдийн анг 10-р сараас буюу анхны цаснаас эхлэн 3-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд хийдэг.  Ан хийхдээ айл саахалтын анчид хамтарч ан хийдэг.  Анг үргээх хүмүүс уулын хяраар дуу чимээ гарган анг үргээн гаргаж ирнэ.  Анчин, бүргэд хоёр уулын оройгоор явна.  Анг хармагц анчин бүргэдийн нүдний боолтыг авч тавина.
Хэдийгээр социализмийн үед Монголын казахууд бүргэдээр ан хийх нь орхигдож байсан боловч сүүлийн жилүүдэд Монголын баруун бүс нутаг, тэр дундаа Баян-Өлгий аймагт аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буйгаас шалтгаалан казахуудын дунд бүргэдээр ан хийх уламжлан хурдацтай сэргэсэн. Бүргэдээр ан хийх эл уламжлал ч аялал жуулчлалын нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн болж үүнийг үзэх гадна, дотнын жуулчдын тоо жил ирэх тутам өсч байна.  Үүний нэгэн тод илэрхийлэл бол Баян-Өлгий аймагт жил бүр зохион байгуулдаг "БҮРГЭДИЙН БАЯР" юм.  Бүргэдийн баяр жил бүрийн 10-р сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдээр зохион байгуулж байх тухай аймгийн засаг даргын захирамж байдаг.  Эл баярт оролцогчидын тоо жил ирэх бүр өсч байна. Бүргэдийн туулайг хэрхэн барьж буйг доррос үзээрэй.

0 сэтгэгдэл:

Post a Comment