May 23, 2012

ОУХМ С. Бат-Эрдэнэ Эверестийн оргилд гарсан Монголын гурав дахь уулчинболлоо.

Монголын гурав дахь уулчин дэлхийн дээвэр Эверестийн оргилыг эзэлсэн баяртай мэдээг дөнгөж сая хүлээж авлаа. Дөрөвдүгээр сарын 8-нд эх орноосоо мордсон ОУХМ С.Бат-Эрдэнэ багийнхны хамт өнөөдөр өглөө Эверестийн оргилд хүрсэн байна. Энэ тухай товч мэдээллийг С.Бат-Эрдэнийн авиралтын гадаад харилцаа, бэлтгэл ажлыг хариуцан ажилласан “Монголиа Экспедишнс” компанид “Everest North Cole International Expedition 2012” экспедицийн ширпагаас арваад минутын өмнө утсаар өгсөн байна.
Ширпа багийн авиралтыг амжилттай болсон гээд Монголын уулчин С.Бат-Эрдэнэ Эверестэд гарсныг мэдэгджээ. Манай уулчин “Everest North Cole International Expedition 2012” экспедицийн бүрэлдэхүүнд багтан, Канад, Испани, Балбын долоон уулчинтай хамтран Түвдийн талаас авиралтаа эхлүүлсэн юм. Уулчид яг хэдэн цагт оргилд гарсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор ирээгүй байгаа бөгөөд оргилоос уруудаж яваа бололтой. Өчигдөр 18.40 цагт авсан мэдээллээр бол уулчдын багийнхан 8200 метрээс өндрийн дайралтаа эхлэхээр бэлтгэж байсан юм.
Орхон аймгийн Уулын спортын холбооны тэргүүн, ОУХМ С.Бат-Эрдэнэ Монгол орныхоо өндөр цаст оргилуудад авирч байсны дээр Японы Фүжи уул, Европ тивийн ноён оргил Эльбрусын оргилд 2010 онд авирч байсан юм. Түүний Эверестийн оргилыг эзлэх түүхэн авиралтыг “Эрдэнэт үйлдвэр” ХК, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт” үйлдвэрийн засвар угсралтын цех, “Хангарьд” клуб ажиллажээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин Готовдоржийн Өсөхбаяр хамгийн анхлан 2005 оны тавдугаар сарын 30-ны өдөр эх орныхоо далбааг Эверестийн оргилд мандуулж байсан бол Гавьяат тамирчин Бадамгаравын Гангаамаа 2011 оны тавдугаар сарын 21-нд энэ амжилтыг давтаж байлаа. Тэгвэл 2012 оны тавдугаар сарын 19-ний энэ өдөр Монголын гурав дахь уулчин Дэлхийн зулайд мөрөө тамгаллаа.
Авиралтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид “Монголиа Экспедишнс” компанийн тусламжтайгаар цаг тухайд нь хүргэх болно.

May 3, 2012

Пазырык - Пазырыкчууд гэж хэн бэ?

Пазырыкын шивээст хүний тухай. Төмөр зэвсгийн эхэн үе МЭӨ VII-III зуунд Евразийн тал нутагт бие биетэйгээ адил төстэй нүүдэлчдийн олон соёл оршин байсан Монгол, Байгал нуурын наад бие нутагт дөрвөлжин булштангууд, Тувад уюукчууд, Алтайд Майэмир, пазырыкчууд, Дундад Ази, Казакстанд Сакууд, Минусын хотгорт Тагарчууд, Хар Тэнгис орчимд Скифчууд амьдарч байсан ба эдгээр соёлуудыг багцалж скиф хэлбэрийн соёлууд гэх буюу Скиф-Сибирийн ертөнц гэж нэрлэдэг. Судлаачид Оросын нутаг дэвсгэрт энэ үеийн олон археологийн соёлыг нээн судлаад байгаагаас Минусын хотгорт тагарын соёл, Тувад Аржаны ба уюукийн (саглыний соёл) соёл, Алтайд майэмирийн ба пазырыкийн соёлыг өргөн хүрээтэй судлаж ирлээ. Монгол Алтайтай хил залгаа Орос, Хятад, Казахстаны Алтайд МЭӨ VI-II зуунд холбогдох соёлыг пазырыкийн соёл гэж нэрлэнэ.

Пазырыкчууд гэж хэн бэ? - Эртний хятадын түүх сударт нэр нь гардаг юэчжи нар юм гэж судлаачид үздэг. Пазырыкчууд бол хагас нүүдэлчид. Тэд голчлон мал аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд мал аж ахуйгаас гадна газар тариалан, загас агнуур тодорхой үүрэгтэй байсныг үгүйсгэх аргагүй. Мөн гар урлал өндөр хөгжсөн байсан нь пазырык булшнаас гардаг олдворууд, урлагийн бүтээлүүд гэрчилдэг. Тэд антропологийн хэв шинжийн хувьд монгол, европ төрхтний холимог бөгөөд жирийн иргэдийн хувьд европоид төрх давамгайлдаг бол язгууртны дунд монголоид төрх давамгайлдаг байжээ.

Нийгмийн зохион байгуулалтын хувьд нарийн бүтэцтэй давхраажсан болох нь "хаадын булш" ба жирийн иргэдийн булш хэмжээ хэлбэр, дагалдуулсан эд өлгийн зүйлийн хувьд эрс ялгаатай байдгаас харагдаж байдаг. "Пазырык" гэдэг үг нь Оросын Алтайд байх нэгэн асар том булшны нэр бөгөөд уг булшийг 1929 онд С.И.Руденко нар малтаж судалсан байна. Үгийн утга нь монголчилбол "булш" гэсэн үг бололтой. Монголын мончок-тува нар булшийг "бажираг" гэж хэлдэг байна. Эрдэмтэд пазырыкийн соёлын он цагийг VII-V, VII-VI, VIII-VI, IX-VI, IX-VII зуун гэхчлэн янз бүрээр тогтоож байгаагаас А.С.Суразаков нарын эрдэмтдийн дэвшүүлсэн санал олонхийн дэмжлэгийг авснаар дараах үеүдэд хуваадаг.