August 22, 2022

Хонгорын Элснээс дугуйгаар буусан нь.

Бидний хэдэн нөхөд Монгол , Израиль жуулчид нийлсэн 8 хүнтэй баг Алтай нуруу, Говийг туулсан 1000 орчим км дугуйн аялал хийсэн юм.

Аяллын үеэр Хонгорын элснээс дугуйгаар буух боломж бидэнд олдсон юм. 2022 оны 7-р сар 28-ны өдөр бид Хонгорын элсэнд дугуйгаар аялж очив. Элсний доор жуулчидтайгаа хамт байх үед манай багийнхан Хонгорын элс рүү дугуйгаа үүрч гараад бууж үзье гэлээ. Өмнө нь 2019 онд бид Говийн дугуйн аялал хийж явах даа Хонгорын элсэнд авирч гараад дугуйгаар бууж үзэж байсан юм. Тэр үед дугуйгаар бууж байгаа бичлэгээ хийсэн боловч манай багийн гишүүн Энхтөр бичлэг хийх үедээ timelapse тохиргоон дээр бичлэг хийгээд бүтэлгүйтэж байсан юм. Тэр үед дахиж гарахаас залхуураад орхиж билээ. Энэ удаа бид найдвартай нь дээр гэж үзээд Gopro ашиглаж бичихээр болов. Ингээд манай багийн гишүүн Энхтөр, Бамбар бид гурав Хонгорын элсний Дуут манхан өөд авирлаа. Өдөр 13 цагийн үед элсний өөд өгсөхөд элсний гадаргуу шатам халуун байгаа нь хөлд мэдрэгдэж байлаа. Элс рүү өгсөх хоёр алхам өгсөөд нэг алхам ухарч явсаар байгаад бараг цаг гучин минут зарцуулж орой дээр гарлаа. Ингээд дугуйгаа унаад уруудлаа. Үдийн наранд халсан элсний уруу уруудахад дугуй маань элс рүү гүн шигдээд хурд авахгүй байлаа. Гэхдээ цаг гучин минут зарцуулж гарсан элсэн манханаас буухад ердөө нэг минут гаруй хугацааг л зарцууллаа. Гэхдээ авсан мэдрэмжийг үгээр илэрхийлэх аргагүй юм.