Showing posts with label Домог яриа. Show all posts
Showing posts with label Домог яриа. Show all posts

October 17, 2017

Байгаль нуурын аялал - Ольхон арлыг тойрсон дугуйн аяллын тэмдэглэл.


2013 онд Хөвсгөл нуурыг Ханх тосгоноос Хатгал тосгон хүртэл мөсөн замаар туулж явахдаа Байгаль нууран дээгүүр нэг ингэж дугуйгаар аялнаа гэж бодож байсан юм.  Тэр хүслээ биелүүлж энэ жил буюу 2017 оны 3-р сард Mongolia Expeditions компаний менежерүүд Батсүрэн, Энхнарангийн хамтаар Байгаль нуурын Ольхон арлыг мөсөн замаар дугуйгаар тойрлоо.  Байгаль нуурын 27 том жижиг аралтай байдгаас Ольхон арал хамгийн том нь юм.  Арлын урт нь 72 км, өргөн нь 12 км, арлын нийт 730км/кв. Арлын нийт оршин суугчид 1600 гаруй. Ольхон гэдэг нь Ойхон гэдэг буриад үг.  1937 онд буриадын автономит тойргоос тасалж Эрхүү мужид нэгтгэсэн. Бөөгийн ариун газар гэдгээрээ алдаршсан арал юм.  Бурхан хад Бөөгийн хад гэж нэрлэдэг өвөрмөц тогтоцтой хад нь арал дээр орших Хужир тосгоны дэргэд далай түрж орж өвөрмөц тогтоцыг үүсгэдэг.  Байгаль нуур нь манай гаригийн хамгийн цэнгэг, хамгийн урт настай нуур, нуурын насжилт нь 25-35сая жил. Мөн хамгийн гүн нуур юм. Нуурын хамгийн гүн хэсэг Ольхон арлын Жима уулын дэргэд 1632метрт хүрнэ.

February 25, 2011

Богд Очирваань Отгонтэнгэр уул.

Богд Очирваань Отгонтэнгэр уул
Богд Очирваань Отгонтэнгэр уулыг Монголчуудыг эрхшээн тэтгэгч Догшин Их Бурхан Богд Очирвааны дүр гэдэг. Отгонтэнгэр уулыг Бурхан багшаас замбуулинд хайрласан таван их тэнгэр уулын отгон нь гэсэн домог ч байдаг байна.
Тэнгэрийн цэнхэрлэгт бүтсэн, сэтгэлийн цэнхэрлэгт оршсон, мөнхжин­гийн цаглашгүйд амьсгалсан язгуур дээд Очирваань мон­гол хүн бүхнийг өлгий дээрээ инээмсэглэн тосон авч ав­рал­даа багтаадаг байна. Очирваань бурханыг нэгэн үзүүрт сэтгэлээр сүсэглэн явбаас сүсэглэсэн хүнийг есөн үед нь элбэрлийн сахиу­сан­даа авран хамгаалдаг.
Монголчууд яагаад Алтайн сүрлэг цаст оргилыг төрийн хэмжээнд тахидаггүй мөртлөө Отгонтэнгэр уулыг Хан Хэнтий уулын адил төрийн хэмжээнд эртнээс тахиж ирсэн юм бол?...Яагаад Отгонтэнгэр... Богд Очирваань гэж нэрлэсэн юм бол?... Отгон­тэнгэр хэмээх энэхүү нэр үе үеийн бич­гийн мэргэдийн оюун бодлын түлхүүрийг үл амраажээ.  Энэхүү нэрийн учир шалтгааныг сонирхон судалбаас дараах таамаглалууд урган гарч ирдэг. 
1. 1227 оны 7-р сард Чингис хаан Тангуд улсыг дайлаар мордох үедээ тэнгэрт хальжээ.  Тэнгэрт хальсан газраас  Их хааны төрөлх нутаг руу нь зөөсөн тухай "Монголын Нууц Товчоо"-нд дурдсан байдаг.  Эзэн Богд Чингис хааны шарилыг ачсан хасаг тэрэг Алтайн нурууг даван Бурхан Халдун ууланд ирэх замдаа газрын холд шарилыг муутгахгүйн тулд  Отгонтэнгэр уулын мөнх цасанд хөлдөөж хадгалсан байх магадлал өндөр байдаг.  Тэнгэрт хальсан их хааныхаа шарилыг агуулж байсан энэ уулаа сүсэглэн хүндэтгэж "Отгонтэнгэр" гэж нэрлэсэн байж болох юм.  "Отгон" гэдэг үгийн утга нь хамгийн сүүлчийнх гэсэн үг.  Монголчууд эртнээс бага хүүгээ отгон хөвүүн гэж нэрлэдэг учиртай.  "Тэнгэр" гэдэг үг нь тэнгэрийн хүү тэнгэртээ халилаа гэсэн утгатай болно.  Монголчууд эзэн Богд Чингис хааныг мөнх тэнгэрийн хөвүүн гэж боддог.

February 20, 2011

Ачит нуур - Ачит нуурын домог.

Ачит нуур
Алтайн уулархаг нутаг нуур нилээд олонтой боловч Хангайн, Хэнтийн уулсыг бодвол харьцангуй цөөн юм. Ачит нуурын усны ил талбай 311 хавт.дөр.км, хамгийн урт хойноосоо урагш 30 км, өргөн 16 км хүрэх ба 1464 метрийн үнэмлэхүй өндөрт оршино. Ачит нуур 10500 хавт.дөр.км талбайгаас усжиж байгаа нь Ховд голын ус хуралдуулах сав газрын 21 хувьтай тэнцүү байна. Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхийн усаар тэжээгдэж илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгнө. Нуурын гүн, усны нөөц тодорхойгүй. Э.М.Мурзеавын тэмдэглэснээр хойт талдаа 10 метр гүн байсан бөгөөд өмнөт эрэг хавьд үүнээс гүн байж болох юм. Ачит нуур Дэвэлийн арал орчмоор 158 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Монгол орны Улаан номонд орсон хар өрөвтас, гангар хун, хээрийн галуу, хошуу галуу, цагаан сүүлт нөмрөг, зэрлэг гургуул, хонин тоодог, жороо тоодог, Азийн цацууль, итэлгэн цахлай зэрэг ховор шувуудтай. Нуур усандаа Алтайн сугас, Монгол хадран зэрэг загастай. Бөхмөрөн голын адагт намагжсан нугатай томоохон садараа адагтай. Өмнөд хэсэг нь хадан хясаа, нуур руугаа тvрж ороод эгц хошуу vvсгэсэн байдаг. Зvvн хойд эргээр нь одоогийнхоо түвшнээс 50-60 м өндөр буюу 1520 м vнэмлэхvй өндөрт урьд нуурын усны эзэлж байсан газарт олон жижиг нууртай. Эндээс эртний төрмөлийн амьтны vлдэгдэл олддог. Ачит нуураас баруун хойш орших Шанаган хэмээх газраас тvрэгийн бичигт хөшөө vлдсэн .
Ачит нуур - Алсад харагдах Асгат Түргэний уулс
Ачит нуурын домог: Галдан Бошигт манжийн цэргээс зугатаан Ховдод ирсэний дараа их зуд болжээ. Хамаг мал сvрэг нь vхэж vрэгдэн, хамж базаасан амуу тариагаа дуусгасан тул цэргvvдэд хэд гурваараа хэрэн тэнэж хоол хvнс эрж явдаг байжээ. Хавар цагт нэгэн хэсэг цэрэг Цагаан голын өгсөн явж нэгэн нуурын дэргэд ирж амсхийж ядарч туйлдсан цэргvvд нэгнийгээ нуурын харзалсан уснаас ус авхуулахаар явуулжээ. Өнөө цэрэг модон хувингаараа ус хутгатал устай цуг олон загас хувинд орсонд бөөн баяр болоод аваад иржээ. Ийнхvv цэргvvд өлсөж vхэх аюулаас аврагдан тэндээ саатан тухалж тэнхэрч аваад уг нуурыг vхэх аюулаас аварсан ачит нуур минь гэснээс болж “Ачит” нуур нэртэй болсон гэх домог бий. Өөр нэгэн домог: Эрт vед хvмvvс дайснаас дvрвэж өвс ,ургамал , бэлчээр сайтай нутаг хайж яваад аяншин ядарч , өлсөж ундаасан зvдэрч байтал нэгэн томоохон нуур харагдахаар тэнд очжээ. Гэтэл тэр нуурын мандлаас нэг том загасны сэрвээ цухуйгаад хөлдчихсөн байжээ. Дээрх хvмvvс тvvнийг цавчин авч идэн тэнхэрч ихэд баярлан “Ээ хөөрхий Ачит нуур минь” гэж дуу алдсан гэдэг .Vvнээс хойш тэрхvv нуурыг “Ачит” нуур гэж нэрлэсэн гэдэг.

January 19, 2011

Морин хуур

Бэлтгэсэн: Д. Төмөр
Төв Азийн цээжинд амьдарч буй нүүдэлчин монголчууд олон зууны тэртээгээс хойч үедээ өвлүүлэн өнөөд хүргэсэн хөгжмийн зэмсэг бол морин хуур. Морин хуургүйгээр монгол хүнийг, нүүдэлчдийн ахуй соёлыг төсөөлөх аргагүй. Тийм ч учраас ЮНЕСКО-гийн соёлын үнэт өвөөр бүртгэн авсан. Монголын нэрт найрагч Мишигийн Цэдэндорж: 
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгvй нэгэн овог

Азийн цээжинд нутагтай  хэмээн шүлэглэж байв. Монгол хүн бүхэн морин хуураа дээдлэх тухай МУ-ын ерөнхийлөгчийн зарлиг хүртэл гарч Монголчуудын үндэсний үзэл сэргэж айл өрхүүд морин хуураа гэрийн хоймортоо залах болсон ч энэ нь нэг тийм хэлбэр төдий зүйл болсон юм шиг. Орчин үед морин хуурыг найз нөхөд, хамаатан садан, хүндэт зочиддоо бэлэглэх явдал түгээмэл болсон. Гэхдээ Монголчуудын дотор морин хуураа тоглодог хүн цөөхөн байна.  Хэдийгээр үндэсний үзэл сэргэж Монгол хүнийг морин хуургүйгээр төсөөлөх аргагүй энэ тэр гэж ярьдаг ч морин хуураа тоглож чаддаггүй монголчууд бидний олонхи болж байна. Хэрвээ морин хуураа тоглож чадахгүй бол  энэ зүгээр л нэг үзмэр, хэлбэр төдий зүйл болж байгаа юм. Тийм учраас энэ тал дээр бодох зүйлс, бодлого боловсруулах хэрэгтэй гэж бодогддог шүү.  Бодлогын чанартай ажлууд хийхгүй бол монголчууд бид морин хуурын уянгалаг аялгууг театрын тайзнаас сонсч, бидний өвөг дээдэс нэг ийм хөгжим урлаж бий болгосон юм билээ гэж ярих цаг ойрхон.

Морин хуур хэрхэн үүссэн тухай олон домог байдаг. "Хайртай морио үхэхэд маш ихээр харамссан Хөхөө Намжил мориныхоо дэл сүүлнээс авч хөгжим урласан нь морин хуурын эхлэл байсан" хэмээн ам дамжин ярьсаар өнөө хүрчээ. Эртний түүх сударт Хүннүгийн үеийн "хун хуур" гэж бичсэн байдаг. Улмаар шанаган хуур, матар хуур, арслан хуур, луу хуур, морин хуур гэх мэтчилэн хувирч өөрчлөгдсөөр өнөөдрийг хүрчээ. Эхлээд морин хуурыг айргийн хутгууртай төстэйгээр сийлэн хийдэг байжээ. Морин хуурын чавхдасыг зөвхөн адууны дэл, сүүлний сор болсон урт хялгасаар татаж хийдэг бөгөөд үүнд л уг хөгжмийн зэмсгийн дууны өвөрмөц өнгө аяс оршдог. ХIX-ХХ зууны үед Богдын Шар хуурч гэж алдаршсан төрийн их хуурч Дамдин-Очир болон Д.Түдэв, С.Түвдэн, Б.Алтангэрэл нарын хуурч байсан бол XX зууны хамгийн алдартай хуурч нь Гомбодоржийн Жамъян гуай юм. Түүнчлэн өдгөө манайд Морин хуурын чуулга болон Үндэсний хөгжмийн найрал үйл ажиллагаагаа явуулж, олон улсад үндэсний урлагаа сурталчилж байгаа.

December 1, 2010

Домбор буюу домбыра - Домбор хөгжимийн тухай домог.

Домбор
Домбор буюу домбыра - Дуу хөгжим, хурдан морь бол Казахын ард түмний хос жигүүр билээ. Казах түмнийг домборгүйгээр төсөөлөх аргагүй. Домбор бол Казах үндэстний эртний чавхдаст хөгжмийн зэмсгүүдийн нэг билээ. Казах айл болгонд домбор байдаг бөгөөд хүүхэд хөгшид гэж ялгалгүй домбор хөгжимөөрөө тоглож чаддаг. Домборыг гаднаас нь харахад том модон шанага шиг хэлбэртэй. Домбор нь шанага, нүүр, иш, чих гэсэн үндсэн хэсгүүдтэй. Домборыг урлахдаа нарс модыг шанаган хэлбэрт оруулан зорж цар үүсгэн хатаагаад, царан дээрээ хавтгай мод нааж хонь, ямааны өлөн гэдсийг ээрч утас хийгээд, хоёр утас татаж ишин дээр нь 9 эгшигийн хөг данг тохируулж өгнө. Ингэж домбор хөгжим бий болно.

Эрт цагт хүмүүс домборын чавхдасыг хонь ямааны өлөн гэдсээр хийдэг байсан бол одоо сатурк утас ашиглах нь элбэг болсон. Анхандаа казахчууд домборыг хоёроос гурван утастай хийдэг бөгөөд өнөө үед голдуу хоёр утастайгаар хийдэг. Орчин үед гурван утастай домбор хийх уламжлал Казахстаны Семиплатинскийн бүс нутагт л үлджээ. Домбороор олон хөг аяыг түүн дотроо эх нутгийнхаа уул тал, гол горхи, жигүүртэн шувуудын жиргэн донгодох, хонь ямаа, түмэн агтны төвөргөөнийг аялгуулан тоглодог. Казахууд домбороо маш их хүндэлж хайрлана. Адуу малдаа явсан ч биеэс салгахгүй, орой үдэш орон гэртээ харьж ирсэн ч домбороо хөгжимдэн, дуулан бүжиглэж, айл хотлоороо наргиж цэнгэнэ.

November 28, 2010

Жанжин овоо.

Дөргөн нуур - Жанжин овоо
Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн зааг нутаг, Их нууруудын хотгорт Дөргөн гэж нэг сайхан нуур бий. Дөргөн нуур нь гадагш урсгалгүй шорвог нуур, Хомын хоолойгоор Хар нууртай холбогдоно. Нуурын урд эрэгт Жанжин овоо гэж домог түүх ихтэй нэгэн овоо бий. Жанжин овооны домог: Урьд эрт цагт энэ нуурын хавийн газар нутаг догшроод улс амьтан хэцүүджээ. Хэдэн жилээр мал хуй нь барагдаж, өвс ургамал гундаад хүн зон зовжээ. Тэгээд нэгэн зун нутаг усаа аргадаж тайж наадам хий­сэн гэнэ. Гэтэл нэг мэргэн хүн хэлжээ. Энэ наадамд жаахан охин унасан шарга морь та­сар­хай хол түрүүлж ирнэ. Тэр бол хүн биш,тиймээс түүнийг барьж авч үгүй хийвээс ард олон, ахуй мал амаржина гэ­жээ. Энэ ёсоор мөнөөх охиныг түрүүлэн ирэнгүүт хүмүүс барьж аван, морьтой нь хамт чулуугаар дарж овоо босгосон нь энэхүү Жанжин овоо бол­жээ. Үнэхээр тэр хүүхдийн эх эцэг, морины эзэн гэж хэн ч гарч ирээгүй ажээ. Төдөлгүй ну­таг орон өвс цэцгээр бүр­хэг­дэж, хүн зоны сэтгэл тэнийж амар сайхандаа жаргаж гэнээ. Энэ бол домог юм. Өдгөө энэхүү Жанжин овоонд сүлд хийморио даатган ирж мөр­гө­дөг хүмүүс олон. Алдартай бөх болох гэсэн хүмүүс ирж зо­­­дог шуудагтайгаа тойрч дэвээд, цол гуншинтай болсон түүх ч буй гэнэ.