January 19, 2011

Морин хуур

Бэлтгэсэн: Д. Төмөр
Төв Азийн цээжинд амьдарч буй нүүдэлчин монголчууд олон зууны тэртээгээс хойч үедээ өвлүүлэн өнөөд хүргэсэн хөгжмийн зэмсэг бол морин хуур. Морин хуургүйгээр монгол хүнийг, нүүдэлчдийн ахуй соёлыг төсөөлөх аргагүй. Тийм ч учраас ЮНЕСКО-гийн соёлын үнэт өвөөр бүртгэн авсан. Монголын нэрт найрагч Мишигийн Цэдэндорж: 
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгvй нэгэн овог

Азийн цээжинд нутагтай  хэмээн шүлэглэж байв. Монгол хүн бүхэн морин хуураа дээдлэх тухай МУ-ын ерөнхийлөгчийн зарлиг хүртэл гарч Монголчуудын үндэсний үзэл сэргэж айл өрхүүд морин хуураа гэрийн хоймортоо залах болсон ч энэ нь нэг тийм хэлбэр төдий зүйл болсон юм шиг. Орчин үед морин хуурыг найз нөхөд, хамаатан садан, хүндэт зочиддоо бэлэглэх явдал түгээмэл болсон. Гэхдээ Монголчуудын дотор морин хуураа тоглодог хүн цөөхөн байна.  Хэдийгээр үндэсний үзэл сэргэж Монгол хүнийг морин хуургүйгээр төсөөлөх аргагүй энэ тэр гэж ярьдаг ч морин хуураа тоглож чаддаггүй монголчууд бидний олонхи болж байна. Хэрвээ морин хуураа тоглож чадахгүй бол  энэ зүгээр л нэг үзмэр, хэлбэр төдий зүйл болж байгаа юм. Тийм учраас энэ тал дээр бодох зүйлс, бодлого боловсруулах хэрэгтэй гэж бодогддог шүү.  Бодлогын чанартай ажлууд хийхгүй бол монголчууд бид морин хуурын уянгалаг аялгууг театрын тайзнаас сонсч, бидний өвөг дээдэс нэг ийм хөгжим урлаж бий болгосон юм билээ гэж ярих цаг ойрхон.

Морин хуур хэрхэн үүссэн тухай олон домог байдаг. "Хайртай морио үхэхэд маш ихээр харамссан Хөхөө Намжил мориныхоо дэл сүүлнээс авч хөгжим урласан нь морин хуурын эхлэл байсан" хэмээн ам дамжин ярьсаар өнөө хүрчээ. Эртний түүх сударт Хүннүгийн үеийн "хун хуур" гэж бичсэн байдаг. Улмаар шанаган хуур, матар хуур, арслан хуур, луу хуур, морин хуур гэх мэтчилэн хувирч өөрчлөгдсөөр өнөөдрийг хүрчээ. Эхлээд морин хуурыг айргийн хутгууртай төстэйгээр сийлэн хийдэг байжээ. Морин хуурын чавхдасыг зөвхөн адууны дэл, сүүлний сор болсон урт хялгасаар татаж хийдэг бөгөөд үүнд л уг хөгжмийн зэмсгийн дууны өвөрмөц өнгө аяс оршдог. ХIX-ХХ зууны үед Богдын Шар хуурч гэж алдаршсан төрийн их хуурч Дамдин-Очир болон Д.Түдэв, С.Түвдэн, Б.Алтангэрэл нарын хуурч байсан бол XX зууны хамгийн алдартай хуурч нь Гомбодоржийн Жамъян гуай юм. Түүнчлэн өдгөө манайд Морин хуурын чуулга болон Үндэсний хөгжмийн найрал үйл ажиллагаагаа явуулж, олон улсад үндэсний урлагаа сурталчилж байгаа.

Морин хуур
Унаган хөлгөө дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч хатуужиж суухдаа

Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгvй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзvvлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишигдэлтэй

Хорвоо гэдэг єргєн
Хотол гэдэг олон
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөхсөөр дөхсөөр тодорно
Хоёрхон чавхдасан дээгvvр
Хойнох тоос нь ч зурайна

Хоёрхон чавхдасан дээгvvр
Урдах зам нь ч дурайна
Алаг зvрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд

Хоёр чавхдасаар лугшин
Хонгор амрагаа мєрєєднє
Хоёр чавхдасаар лугшин
Хvслийн далайд умбана

Хоёрхон чавхдасны эгшгэнд
Хорвоо юундаа уярана вэ
Хоёрхон чавдасны эгшгэнд
Хорвоо юундаа баясана вэ

Буурал хорвоогийн тvvхийг
Буман олны хvслийг
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ

Хорвоо гэдэг хоёрхон єнгє
Хар цагаан хосолно
Хотол гэдэг хос амраг
Зовлон, жаргал хосолно

Өргөн орчлонд хоёрхон чавхдас бий
Өдөр гэж бий. Шөнө гэж бий
Өнөр олонд хоёрхон тохиол бий
Учрал гэж вий. Хагацал гэж бий

Хорвоо гэдэг өргөн ч
Хотол гэдэг олон ч
Хоёрхон чавхдасанд багтааж
Холбохын учир энээ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөхсөөр дехсөөр тодорно
Хоёрхон чавхдасан дээгvvр
Хойнох тоос нь зурайна
Хоёрхон чавхдасан дээгvvр
Урдах зам нь ч дурайна

Алаг зvрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд
Хоёр чавхдасаар лугшин
Хонгор амрагаа мөрөөднө

Хоёр чавхдасаар лугшин
Хvслийн далайд умбана
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгvй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзvvлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишигдэлтэй.
Мишигийн Цэдэндорж 1964 он

Хөхөө Намжилын домог
Эрт урьд цагт монголын зүүн хязгаарт Хөхөө Намжил гэж нэгэн сайн эр байжээ. Тэр үнэхээр хосгүй сайхан дуулдаг байв. Гэтэл Хөхөө Намжил цэргийн албанд татагдаж, монголын баруун хязгаарт очжээ. Дарга нь Хөхөө Намжилаар ажил хийлгэхийн оронд гурван жил шахам дуу дуулуулсаар байжээ. Хөхөө Намжил нэгэн сайхан гүнжтэй танилцаж гэнэ. Хөхөө Намжил цэргээс халагдан нутаг буцах болов. Гүнж нь Хөхөө Намжил тэр мориороо явж нутагтаа ... ирэхэд нь хүмүүс ихэд сонирхон, түүнээс өөр морь унахгүйд нь бас гайхдаг байжээ. Хөхөө Намжил “Жонон хар” мориороо монголын баруун хязгаарт нисэн очиж, нөгөө гүнжтэйгээ уулзаад өглөө босоход зүүн хязгаарт ирж адуугаа туусаар харьдаг байлаа. Хөхөө Намжилынхтай ойролцоо нэгэн баян айл байв. Тэр баянд сүрхий ховч хүүхэн байдаг байжээ. Ховч хүүхэн “Жонон хар” морины нисдэгийг нь мэджээ. Хөхөө Намжил үдэш явж гүнжтэйгээ уулзаад тэр шөнөө буцах замдаа адуугаа туусаар үүр шөнөөр буцаж ирээд “мориныхоо хөлсийг намдаагаад үүр цайхад морио тавья” хэмээн гэртээ орж гэнэ. Ингэхдээ мориныхоо нууц жигүүрийг нуухаа мартжээ. Ховч хүүхэн морины төвөргөөн сонсож Хөхөө Намжилын ирэхийг мэдээд уяан дээр нь сэм очвол жонон хар морь санаа муутан ирсэнийг танилгүй, сайн эзнээ хэмээн баясаад хөлстэй биеэ шилгээн газар цавчлан байж хоёр суганаасаа ид шидийн хүчтэй жигүүрээ дэрвэлзүүлэв. Ховч хүүхэн гүйн харьж, үйлийнхээ хайчийг ханцуйлж ирээд жонон хар морины жигүүрийг хайчлаад хаяжээ. Сайхан “жонон хар” морь шидэт жигүүрээ хайчлуулснаас болж удалгүй үхэж гэнэ. Морь нь уяан дээрээ үхсэнийг хараад Хөхөө Намжил жонон хар мориныхоо толгойг дуурайлган модоор сийлэв. Урлан бүтээсэн толгойд урт иш бөхлөн,үзүүр талд нь цар хийв. Цараа ширлэж, мяндсан сайхан сүүлнээс нь авч уртааш нь татлаа. Модны давирхай түрхэж дуугардаг болгов. Жонон хар мориныхоо янцгаах дуу, алхаа гишгээг тэр хөгжимдөө оруулдаг болж гэнэ. Түүнээс эхлэн морин толгойтой хуур монголд анх үүсэж гарсан домогтой.

0 сэтгэгдэл:

Post a Comment