January 4, 2011

Индиана Жонс Монголд аялсан түүх буюу “Эртний хүний мөрөөр” ном монгол хэлнээ орчуулагдан гарлаа.

Орчуулагч Д. Гэрэлтөв
"Эртний хүний мөрөөр"
Хорьдугаар зууны кино хуудаснаа нэрээ мөнхөлсөн Индиана Жонс хэмээх дүрийг дэлхий нийтээр мэдэх болохоос түүнийг бодит хүнийн амьдралаас, тэр тусмаа Монголд шинжилгээ судлагааны өргөн аялал хийж нэрээ мөнхөлсөн домогт судлаачийн амьдралаас санаа авч бүтээсэн байж мэдэхийг уншигч авхай нар хэр мэдэх вэ? Холивүүдын эл кинонуудаас аймшиггүй чин зориг гарган, амь өрссөн адал явдал тээн харь нутгаар хэрэн хэсэхдээ өөрийн эр зориг, аз, самбайн ачаар аюул, гамшигаас амь мултарч, баатарлаг гавъяа байгуулж буй тухай уран сайхны дүрийг бид мэдэх билээ. Угтаа энэ дүрийг XIX-ээр зууны сүүлчээс XX-аар зууны дунд үе хүртэл амьдарсан, Америкийн агуу судлан нээгч, эрдэмтэн доктор, Америкийн Байгалийн түүхийн музейн захирал агсан Рой Чапмэн Эндрюс хэмээх эрхэмийн амьдралаас сэдэвлэсэн хэмээн үздэг ажгуу. Тэрбээр хар багаасаа амьтан шохоорхон цуглуулж, улмаар Нью Йорк дахь Америкийн алдарт байгалийн түүхийн музейд цэвэрлэгчээр ажиллаж байхдаа амьтан судлалаар магистрийн зэрэг хамгаалж, төд удалгүй амьдралынх нь нэрийн хуудас болсон дэлхийн алс бөглүүд нутгаар бэдэн хэрэх аялалаа эхэлсэн юм. Эндрюс өмнөд Азийн шугуйд анхны аяллаа хийж, Японд халимны иж бүрэн судалгаа явуулж, Солонгосын ариун догшин уул хадаар хэрэн тэнэж, улмаар ороо бусгаа үеийн Хятадын нутгаар аялсан байдаг.  Цаг хугацааны хувьд 1910-аад оны сүүлч үед хамаарах чухам энэ үесдээ хүний гарал үүслийг хайх зорилгод сэтгэл шулуудаж, үүнийг хайх хамгийн тохиромжтой газрыг Монголын говь цөл хэмээн сонгожээ. Ийнхүү орчин цагийн шинжлэх ухааны түүхэнд "Төв Азийн шинжилгээний анги” хэмээн нэрийдсэн энэ бүрэн цогц ажлаа тэрбээр өөрөө гардан удирдаж, Монгол улсад 1922, 1923 ба 1925 онууд иж бүрэн судлагаа хийжээ. Хувьсгал дөнгөж мандан, богд хаант ардын засаг байгуулагдаад байснаас 1925 онд Монголд Зөвлөлтийн нөлөө бэхжин тогтох хүртэл цаг хугацаанд энэ аялалууд хамаарч буйгаараа нэн онцлог бөгөөд сонирхолтой. Эдгээр аяллынхаа талаар 1926 онд "Эртний хүний мөрөөр” хэмээн бүтээл туурвиж, дэлхий дахинаа өөрийн судлагааны ажлаа тайлагнасан байна. Эндрюс аялалынхаа бэлтгэлд найман жилийг зарцуулсан хэмээн үздэг. Нэн түрүүнд зохих зөвшөөрлийг авах байсан тул ганцаараа Монголд "шилэн фордоор” түрүүлэн ирж, Их хүрээнд айлчлан тэр үеийн түшмэдүүдтэй яриа хэлэлцээ хийж байжээ. Эхнийхээ шинжилгээний ангиа зохион байгуулахад хэрэгтэй хэмээн тооцсон 250,000 америк доллар олохоор Америк дахь ажлаа тэрбээр эхэлжээ. Бараг бүтэн жил хөөцөлдсөн энэ ажлаа тэрбээр магад хамгийн хэцүү үйлсийн нэг хэмээн хэлсэн нь бий. Энэ бол эдүгээгийн ханшаар 3 сая орчим доллар болно. Анхныхаа арван мянган долларын хандиваа Америкад төдийгүй дэлхийд нэр нь цуурайтсан Ж.П. Морганаас гардан авсанаа тэрбээр дэлгэрэнгүй бичсэн нь нэн сонирхолтой. Анхныхаа судалгааны ангид тус бүр суудлын 5, ачааны 2 машин, 125 гаруй тэмээ ашиглаж, Монгол талаас Т. Бадамжав, Монголд байнга оршин амьдарч байсан Монгол гүн хэмээх Ф.А.Ларсон тэргүүтэй хүмүүсийн дэмжлэгээр тэмээ малаа базаан, яриа хэлэлцээ хийж, хээрийн аялалаа зохион байгуулжээ. Эндрюс Бээжин дэх түр байрандаа аялалынхаа сүүлийн бэлтгэлийг базаасан хойноо Хаалган хотоос тэмээн ачаагаа хаврын 3 сар орчимд Монголын их говь уруу хөдөлгөж, өөрөө араас нь машинтайгаа цуг одоогийн Замын Үүд орчмоор Монголын тал нутаг руу аялан орсон байдаг.
Эдүгээг хүртэл XIX ба XX зууны эхэн үесд Монголыг байгалийн шинжлэх ухааны талаас нь судласан хүмүүс голцуу Оросын эрдэмтэд байсан гэсэн ойлголт бидний дунд түгээмэл мэт бөлгөө. Тэгвэл машин техник дөнгөж нэвтрээд байсан 1922 онд тэртээ алсын Америк нутгаас амьтан судлал, газар зүй, геологи, ургамал, ус, цаг уур судлал, улмаар палеонтологи буюу эртний амьтад судлаач зэрэг шинжилгээний иж бүрэн баг авчиран ажиллуулж, говь хэмээх нутгийг өрнөд орнуудын ард нийтийн сонорт хүргэж, эдүгээ хүртэл ач холбогдлоо алдаагүй сонин хачин нээлт хийсэн судлаач Монголд ирж ажиллаж байсан нь Рой Чадмэн Эндрюс буюу мөнөөх Индиана Жонс хэмээх киноны баатрын бодит дүр болсон хэмээн үздэг энэ эрхэм байжээ. Цаг төрийн байдал ороо бусгаа байсан цагт одоогийн Өмнөговь аймаг хийгээд Монголын олон нутаг орноор газар зүй, хүн ам, ёс заншил, ан амьтны талаар иж бүрэн судалгаа хийсэн нь туйлын сонирхолтой болно. Түүний анги одоогийн Дорноговь, Говьсүмбэр, Төв, Архангай, Баянхонгор аймгийн газар нутгаар дамжин хэрсээр Өмнөговь аймагт хүрч байжээ. Эндээс галав эртний хэвлээр явагчдын чулуужсан ясны баялаг олсноор цаашдын судалгаагаа зөвхөн энэ хэсэгт төвлөрүүлж, 1923, 1925 онуудад дан Өмнөговь аймгийн нутагт ажилласан байдаг. Энэ үеэс одоогийн Өмнөговийн нутаг дахь алдарт Баянзагийг нээж, дэлхийд анхны динозаврын өндөг, хамгийн эртний хөхтөн амьтад хийгээд динозаврын урьд өмнө олдож байгаагүй бүтэн араг ясыг ч нэн олноор малтан гаргаж, судлагааны дээжис болгожээ. Түүгээр үл барам Булган сумын нутгаас Монгол нутагт нэн эртнээс хүн аж төрж буйг илтгэсэн эд зүйлсийн баялаг орд газрыг нээсэн нь эдүгээ хүртэл бий. Үзэл суртлын нөлөөгөөр энэ хүний байгуулсан гавъяаг монгол уншигчид тэр бүр мэдэлгүй явсаар ирсэн хэмээн үзэхэд болохгүй гэлтэй. Орчин үеийн машин тээврийг ердийн тэмээн хөсөгтэй дэлхийд анх хэрэглэсэн шинжилгээний энэ ангийн гавъяагаар "говь” хэмээх гайхамшигт нутаг, түүний хүн зон, зан заншлын мэдээ Америк төдийгүй дэлхийн уншигчдын оюунд анх удаа хүрсэн ажээ. Эндрюсийн мөрөөр одоо ч Монгол улсад аялагчид зорин ирж, очих дуртай газар нь өмнийн говь нутаг болсон билээ. Эндрюсийн шинжилгээний ангийн дэлхийн шижнлэх ухааны түүхэнд оруулсан хувь нэмэр олон буй. Түүнээс хамгийн тод нь анх удаа Төв Азид, тэр дундаа Монголд шинжлэх ухааны бүрэн хэмжээний, олон талт судлагаа хийсэн, түүхэнд анх удаа моторт тээврийн хэрэгслийг ердийн хөсөгтэй хамтатган ашигласан (тэрбээр дан ганц 1922 онд гэхэд нийт 6000 орчим бээр зам туулсан гэж бичсэн нь бий. Хожим тэдгээр машинуудаа анхных нь үнээр зарсныг Хаалган Өргөө хотуудын хүн тээвэрт ашиглаж байжээ ), мөн дэлхийд үлэг гүрвэлийн анхны өндөг Монголын Говиос олсон зэрэг нь нэн тэргүүнд тооцогдох бүлгээ. 1926 онд түүний туурвисан "Эртний Хүний Мөрөөр” хэмээх Монгол орноор аялсан аян замын тэмдэглэл манай уншигчдын гар дээр тун удахгүй очих гэж байна. Эндрюсийн Монголын олон нутаг орноор газар зүй, хүн ам, ёс заншил, ан амьтны талаар иж бүрэн судалгаа хийснээ дэлхий дахинаа тайлагнан хэлэлцсэн бүтээл нь энэ ном юм. Ердийн уншигчдад ойлгомжтой байхаар онц сонирхолтой бичигдсэн энэ хүүрнэл тэмдэглэлээс Эндрюс шинжилгээний ангиа хэрхэн зохион байгуулсан, Монгол орон руу ямар замаар аялсан, нийслэл хүрээнд юутай учирсан, монголчуудын аж байдлыг хэрхэн дүгнэсэн, аль нутаг хошуугаар дайрсан, ямар хүмүүстэй учирсан, аль сүм хийдээр зочилсон хийгээд Өмнөговь аймгийн нутгаар хэрхэн аялсан, ангын ямар олз омогтой байсан, шинжлэх ухаанд урд өмнө мэдэгдээгүй юуг нээсэн, тухайн үеийн газар орны байдал, хүн зоны амьдралыг хэрхэн дүгнэсэн зэрэг "иж бүрэн”, сонирхолтой тэмдэглэлүүдийг уншиж болно. Нийт 19 бөлөгтэй, 58 фото зурагтай энэ номыг монгол хэлнээ хөврүүлэхэд шинжлэх ухааны нэр томъёоны хянагч, зөвлөхөөр ШУА-ын Палеонтологийн Төвийн захирал академич Р. Барсболд, ахлах ажилтан, боловсролын доктор Д. Бадамгарав нар ажиллаж, Монгол эхийг төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр ариутган шүүжээ. Уншигч олны оюуны мэдлэгт дусал нэмэр болуузай хэмээн Рой Чапмэн Эндрюсийн "Эртний хүний мөрөөр” хэмээх алдарт тэмдэглэлийг монгол хэлнээ хөврүүлснээ танилцуулахад ийм буюу. 
Орчуулагч Д. Гэрэлтөв
Дор уг экспедицитэй холбоотой ховор бичлэгийг оруулав.

0 сэтгэгдэл:

Post a Comment