August 27, 2025

Лхасын зүрх Жоканг хийд болон Рамоче хийдийн тухай

Жоканг хийдийн өмнө
Төвөдийн нийслэл Лхас хотын зүрхэнд орших Жоканг хийд болон ойролцоох Рамоче хийд нь VII зуунд эзэн хаан Соронзонгомбо (618–650)-гийн үед байгуулагдсан, Төвөдийн Буддын шашны хамгийн эртний, хамгийн ариун төвүүдийн тоонд зүй ёсоор ордог. Эдгээр хийдүүд зөвхөн шашны төдийгүй тухайн үеийн Төвөд, Тан улс, Балба гурван орны улс төрийн харилцаа болон соёлын солилцооны бэлгэ тэмдэг болон үлджээ.

Эзэн хаан Соронзонгомбо өөрийн улсын нөлөө, хүчийг өргөжүүлэхийн зэрэгцээ хөрш гүрнүүдтэй энх тайван, найрамдлыг бататгахын тулд дипломат гэрлэлтийн замаар хоёр хатан авсан нь Төвөдийн түүхэнд онцгой үүрэгтэй байв. 641 онд Тан улсын эзэн хааны гүнж Вэньчэн Лхаст ирж, хааны хатан болсон нь Төвөдийн Буддын шашинд гүн ул мөр үлдээжээ. Тэрээр Хятадын Чанань / одоогийн Сиан/ хотоос Бурхан Буддагийн 12 настай үеийн дүрийг харуулсан Жово Шакьямуни бурханыг авчирчээ. Энэ хөрөг нь өнөөдөр ч Төвөдийн хамгийн ариун, хамгийн их тахигддаг бурхан бөгөөд түүнийг амьдрал дээр Будда Шакьямунийг өөрийг нь харсантай адил ачтай тустай хэмээн гэж сүсэгтнүүд үздэг. Вэньчэн гүнж зөвхөн ариун шүтээн авчраад зогсохгүй, Төвөдийн урлаг, одон орон, анагаах ухаанд Хятадын мэдлэгийг нутагшуулахад чухал нөлөө үзүүлжээ. Жоканг гэдэг нь Жово Шакьямунигийн ордон гэсэн утгатай үг юм. 

Рамоче хийд
Соронзонгомбо хаан Балбын хаант улсын гүнж Бхрикутиг өөрийн  хатнаа болгон авч, Балба–Төвөдийн найрамдлыг бэхжүүлсэн нь мөн Буддын шашныг дэлгэрүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан. Бхрикути гүнж өөрийн орноос Бурхан буддагийн 8 настай үеийг харуулсан Жово Микёо Дорже дүрийг, бусад ариун хөрөг, Буддын судар болон Непалын урчууд-ыг авчирч олон сүм хийд барилга бариулсан нь, Лхас хотын уран барилга, уран дархны урлагт шинэ өнгө төрхийг бий болгожээ. Жоканг болон Рамоче хийдийн модон сийлбэр, алтан дээвэр, ханын зурагт энэ нөлөө тод харагддаг бөгөөд Балбын хэв маяг Төвөдийн соёлд хүчтэй шингэжээ. Түүнийг Төвөдийн уламжлалд “Ногоон Тара бурханы хувилгаан” хэмээн үздэг нь Буддын шашныг түгээсэн гавьяаг нь үнэлсэн хэрэг юм. Рамоче гэдэг нь агуу хатны хийд гэсэн утгатай төвөд үг юм.

Сорнзонгомбо хааны зарлигаар Жово Шакьямуни бурханыг Рамоче хийдэд, Жово Микёо Доржег Жокангт тахиж байсан боловч түүхийн туршид шүтээнүүдийн байр солигдож, өнөөдөр Жоканг хийдэд Жово Шакьямуни, Рамоче хийдэд Жово Микёо Дорже бурханыг тахиж байна. Энэ нь VII зууны үеийн хоёр гүнжийн авчирсан ариун бэлгүүд өнөөдрийг хүртэл Төвөдийн шашны гол цөм хэвээр үлдсэнийг илэрхийлнэ.

Жово Шакьямуни 
Цаг хугацааны урсгалд Жоканг хийд хааны ордны сүмээс давж, бүх Төвөдийн хамгийн ариун мөргөлийн газар болжээ. Цаг хугацааы эргэлтэнд хийдийн эргэн тойронд горооны тойрог бий болж, мөргөлчид өдөр бүр хийдийг баруун гар талдаа гороолон, газар мөргөж, мянга мянган удаа “Ом мани падмэ хум” тарнийг уншдаг заншил тогтсон бөгөөд үүнийг Баркор горооны зам гэж нэрлэж байна. Баркор гэдэг нь сүмийг тойрох гэсэн утгатай үг юм. XV зуунаас эхлэн энд жил бүрийн эхэн сар Мүнлам Ченмо (Их хүсэл мөргөл)-ийн ёслолыг буддын шашны бүх ургсгал, сургуулийн лам нар нэгдэн зохион байгуулдаг болсноор Лхасыг бүх Төвөдийн сүнслэг нийслэл болгожээ. Харин Рамоче хийд Жокангтай адил олон удаагийн довтолгоо, сүйрлийг давж, XIII зуунд Монголчуудын довтолгоо, XVII зуунд хошуудын нөлөөг бууруулах Галдан бошготын дайралт, XX зууны Соёлын хувьсгалын үеийн сүйтгэл зэрэг олон сорилтыг туулсан ч, сэргээгдэн, өнөөдөр ч Жово Микёо Доржегийн ариун төв хэвээр байна.

Жово Микёо Дорже 
XX зууны дунд үед Жоканг болон Рамоче хийдүүдийн аль аль нь ихээхэн эвдэрч, Жово бурхан устах аюулд орсон ч нутгийн ард олны гүн сүсэг, лам хуврагуудын хүчин чармайлтаар хамгаалагдан үлджээ. Харин 2000 онд Жоканг хийд Потала ордон, Норбулинкатай хамт ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэнээр дэлхий даяар түүний үнэ цэнэ дахин баталгаажсан юм. Өнөөдөр ч Жоканг болон Рамоче хийдүүдэд өдөр бүр мянга мянган мөргөлчид газраар мөргөж, Баркор тойргийг гороолж, зул өргөн, ариун шүтээнүүдийн өмнө залбирсаар байгаа нь Төвөдийн Буддын шашны уламжлал, олон улсын харилцааны эртний түүх, хоёр гүнжийн сүсэг бишрэлийн нөлөө өнөөдөр ч амьд байгааг гэрчилж байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment