February 20, 2011

Ачит нуур - Ачит нуурын домог.

Ачит нуур
Алтайн уулархаг нутаг нуур нилээд олонтой боловч Хангайн, Хэнтийн уулсыг бодвол харьцангуй цөөн юм. Ачит нуурын усны ил талбай 311 хавт.дөр.км, хамгийн урт хойноосоо урагш 30 км, өргөн 16 км хүрэх ба 1464 метрийн үнэмлэхүй өндөрт оршино. Ачит нуур 10500 хавт.дөр.км талбайгаас усжиж байгаа нь Ховд голын ус хуралдуулах сав газрын 21 хувьтай тэнцүү байна. Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхийн усаар тэжээгдэж илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгнө. Нуурын гүн, усны нөөц тодорхойгүй. Э.М.Мурзеавын тэмдэглэснээр хойт талдаа 10 метр гүн байсан бөгөөд өмнөт эрэг хавьд үүнээс гүн байж болох юм. Ачит нуур Дэвэлийн арал орчмоор 158 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Монгол орны Улаан номонд орсон хар өрөвтас, гангар хун, хээрийн галуу, хошуу галуу, цагаан сүүлт нөмрөг, зэрлэг гургуул, хонин тоодог, жороо тоодог, Азийн цацууль, итэлгэн цахлай зэрэг ховор шувуудтай. Нуур усандаа Алтайн сугас, Монгол хадран зэрэг загастай. Бөхмөрөн голын адагт намагжсан нугатай томоохон садараа адагтай. Өмнөд хэсэг нь хадан хясаа, нуур руугаа тvрж ороод эгц хошуу vvсгэсэн байдаг. Зvvн хойд эргээр нь одоогийнхоо түвшнээс 50-60 м өндөр буюу 1520 м vнэмлэхvй өндөрт урьд нуурын усны эзэлж байсан газарт олон жижиг нууртай. Эндээс эртний төрмөлийн амьтны vлдэгдэл олддог. Ачит нуураас баруун хойш орших Шанаган хэмээх газраас тvрэгийн бичигт хөшөө vлдсэн .
Ачит нуур - Алсад харагдах Асгат Түргэний уулс
Ачит нуурын домог: Галдан Бошигт манжийн цэргээс зугатаан Ховдод ирсэний дараа их зуд болжээ. Хамаг мал сvрэг нь vхэж vрэгдэн, хамж базаасан амуу тариагаа дуусгасан тул цэргvvдэд хэд гурваараа хэрэн тэнэж хоол хvнс эрж явдаг байжээ. Хавар цагт нэгэн хэсэг цэрэг Цагаан голын өгсөн явж нэгэн нуурын дэргэд ирж амсхийж ядарч туйлдсан цэргvvд нэгнийгээ нуурын харзалсан уснаас ус авхуулахаар явуулжээ. Өнөө цэрэг модон хувингаараа ус хутгатал устай цуг олон загас хувинд орсонд бөөн баяр болоод аваад иржээ. Ийнхvv цэргvvд өлсөж vхэх аюулаас аврагдан тэндээ саатан тухалж тэнхэрч аваад уг нуурыг vхэх аюулаас аварсан ачит нуур минь гэснээс болж “Ачит” нуур нэртэй болсон гэх домог бий. Өөр нэгэн домог: Эрт vед хvмvvс дайснаас дvрвэж өвс ,ургамал , бэлчээр сайтай нутаг хайж яваад аяншин ядарч , өлсөж ундаасан зvдэрч байтал нэгэн томоохон нуур харагдахаар тэнд очжээ. Гэтэл тэр нуурын мандлаас нэг том загасны сэрвээ цухуйгаад хөлдчихсөн байжээ. Дээрх хvмvvс тvvнийг цавчин авч идэн тэнхэрч ихэд баярлан “Ээ хөөрхий Ачит нуур минь” гэж дуу алдсан гэдэг .Vvнээс хойш тэрхvv нуурыг “Ачит” нуур гэж нэрлэсэн гэдэг.

0 сэтгэгдэл:

Post a Comment