October 28, 2010

Хэрмэн цав

Хэрмэн цав - Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тосон Бумбын нурууны салбар уул Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүрт Ингэн Хөөвөрийн хоолой руу хандсан 10 гаруй км урт үргэлжилсэн 100-200 метр гүнзгий жалгатай мөргөцөг юм.  Хэрмэн цав нь  нар салхи, усны элэгдлийн үйл ажиллагааны улмаас үүсч бий болжээ. Хэрмэн цав нь Монголын говийн нэгэн гайхамшигт тогтоцын нэг бөгөөд хэрмэн цавыг үзэх хүсэлтэй жуулчдын тоо жил ирэх дутам өсч байна. Хэрмэн цав нь Ингэн хөөвөрийн хоолойн үзэсгэлэнт баянбүрдүүдийн нэг юм.  Хэрмэн цав дунд байх баянбүрдэд хулан, чоно зэрэг амьтдын мөр элбэг таарч байлаа.  Хэрмэн цав руу аялах нь анхандаа Монголын аялал жуулчлалын хэцүү бэрх, айдас төрүүлсэн чиглэлүүдийн нэг байлаа.  Анх 1999 онд бид Хэрмэн цав руу явж байхад зам байхгүй, цул элсэн дундуур явдаг, машин тэрэг эвдэрвэл бараг амь гарахгүй айл амьтан байхгүй мэтээр л нутгийнхан ярьдаг байв.  Анхны аяллын үед бага зэрэг айдас төрж байлаа.  Нутгийнханы ярьсан зүйлс бас ч оргүй хоосон зүйл байгаагүй юм.  Хэрмэн цав руу явсан зам гэхээр юм ч байсангүй, сайр жалга, дов толгодыг даван элсэнд суух үедээ сууж байж хүрсэн. Түүнээс хойш олон удаа очсон. Одоо ч энэ байдал нь хэвээрээ л байна.  Зундаа жуулчид их очдог болсон тул Хэрмэн цав руу тод замтай байдаг.  Харин хавар эрт зам гэхээр юм байдаггүй. Энэ нь салхи шуурганы улмаас замууд нь элсэнд дарагдаж алга болдог.  Хэрмэн цав руу очиход Зулганайн баянбүрдээс Хайчин уулыг чиглэн явж очиж болно.  Нөгөө нэг зам нь Наран даацаас Шаригийн Сондог уул хүрээд ертөнцийн зүгээр баруун хойш чиглэн явж хүрч болно. GPS солибцол N43°27'9.4", E99°51'33" оршино.  Хэрмэн цав руу аялах үедээ  та бүхэн  ус болон хоол хүнсний нөөцөө сайн базаах хэрэгтэй шүү,  Хэрмэн цав орчимд 30-40 км-т ганц айл байхгүй.  Ус байгаа хэдий ч уух аргагүй байдаг.  Эхний айлууд Шаригийн Сондог уулын ар бэлээр, мөн Наран даац орчимд л байгаа.

Доор Хэрмэн Цав руу хүрэх замуудыг зурж өглөө.  Зургийн масштаб нь 1:500000 буюу 1см-т 5км.

Хэрмэн Цав бол Монголын говьд амьдарч динозаврын өлгий нутгуудын нэг юм.  Анх 1969 онд академич Р.Барсболд, Л.П. Татаринов, А.Розанов нарын удирдлагаар Монгол-Зєвлєлтийн палеонтологийн хамтарсан экспедици Ингэн хөөврийн хоолой орчимд судалгаа хийж Хэрмийн цав, Хайчин уул зэрэг шинэ олдворт газрууд нээн олж динозавр, хєхтєн, шавьж, шувуу, яст мэлхий, матар, нуур усны амьтад болон ургамлын олон шинэ олдворуудыг олжээ.  Түүнээс хойш Монголын шинжлэх ухааны академи болон гадаадын палеонтлогийн судалгааны экспедицүүдийн хамтарсан судалгааны ажил жил бүр л хийгдэж байна.  Энэ экспедицүүд судалгааны ажлын үед жуулчдыг авч очвол их зүгээр байдаг. Бидний хувьд палеонтлогич биш тэр бүр нарийн ширийн зүйлсийг жуулчдад хүргэж чаддаггүй.  Харин судалгаа хийж буй эрдэмтдийн амнаас маш сонирхолтой зүйлс ихийг сонсож чадна шүү.  Сүүлийн жилүүдэд палеонтлогич Б.Лигдэнгээр ахлуулсан олон улсын экспедици жил бүр Хэрмэн цавд ажиллаж байна.  Энэ судалгааны баг нь Хэрэмийн Цав Шаригийн ганга, Бүгийн цав, Зулганай, Наран Даац, Зуун модны баянбүрдүүдээр явж судалгаа хийж байлаа.
Иймэрхүү жижиг хэмжээний яс их олдоно доо.  Яс мөн үү чулуу юу гэдгийг та бүхэн өөрсдөө ялгаж сурах хэрэгтэй.  Динозаврын ясны өнгө голдуу цагаан шаргал өнгөтэй, хэлээ хүргэхэд үл мэдэг наалдамтгай юм шиг байдаг.
Хэрэмийн Цавд дотор аялж байхад үнэхээр үлгэр домгийн хотоор аялж буй мэт сэтгэгдэл төрдөг. Өндөр байшингууд, өргөн сайхан гудамж, цэцэрлэгт хүрээлэнгүүд, хөшөө дурсгалууд хүртэл ч байна. Хэрмэн цавын тухай судалгаа, сурталчилгааг Монголын аялал жуулчлалынхан бид сайн хийж олон нийтэд хүргэвэл Монголын говь руу зорих жуулчдын тоог нэмэгдүүлж чадна даа.  Хэрмэн цавд  аялж байхад газар орон нар, ус, салхины элэгдэлд хэрхэн ордог болохыг тодорхой ажиглаж болдог.
Хэрмэн Цавын баянбүрд
Хэрмэн цавд судалгаа хийж байсан Монгол - Солонгосын палеонтлогийн судалгааны багийн кэмп.
Хэрмэн цавд сүүдэр газраа сайхан сэрүүхэн байдаг.
Хэрмэн цавд буй сфинкс буюу эртний египетийн хүн толгойт арслангийн Монгол дахь хувилбар.  Жуулчдын үзэх дуртай хамгийн сонирхолтой газруудын нэг.  Үүнийг үзэхийн тулд ихэнхи жуулчид Хэрмэн цавыг зорих нь их байдаг.  Сфинксийн байрлал нь Хэрмэн цавын баруун хойд төгсгөлд байна.  Хэрмэн цавын эх дээр өөр бас нэг сфинкс байгаа, гэхдээ хэмжээний хувьд жижиг.
Хэрмэн цавд буй ус салхины элэгдлийн улмаас үүссэн агуй.  Агуй дотор энд ирсэн хүмүүс нэрээ бичиж үлдээсэн бичиглэл олон байлаа.
Агуйн ам
Монголиа Экспедишнсийнхэн Хэрмэн Цавд 2008 оны намар.  Цаг агаар нилээд хүйтэн байлаа.  Уг нь Хэрмэн цавд 7-8 сард хамгийн халуун байдаг бөгөөд зарим үед хөрсөн дээр 55-60 градус хүрч хална.  Их халуун үед Хэрмэн цавд очиход их хэцүү, амьсгалах ч аргагүй байдаг. 4-5 литр ус уугаад байхад ганц ч дусал шээс гардаггүй юм даа.  Хөлрөөд л дуусна.
Хэрмэн цаваа гэж...ганцаар суугаад юм бодож бясалгахад сайхан газар шүү.
Цөлийн ятуу, гарын бугуй шиг том гүрвэл ч элбэгдээ.  Гүрвэл нь газрын өнгөтэй адил тул та санамсаргүйгээр бараг дэргэд нь хүрчихдэг.  Гэнэт цочиж ч болзошгүй бас эвгүй амьтан шүү гүрвэл гэдэг.   Энэ замба гүрвэл.  Цочоод зургийг нь авч чадаагүй.
Хэрмэн цаваар нилээд удаан явсаны эцэст олсон олдворууд маань, одоо ч бүтэн араг яс олоход хэцүү болсон бололтой.  Гэхдээ бид олдворуудаа буцаагаад олсон газраа эргүүлж нуулаа.  Дараа ирээд олоход амар байдаг.  Хүмүүс динозаврын ясыг эндээс ихээр зөөснөөс болоод одоо яс олоход хэцүү болсон.  Яс олвол үлдээчих хэрэгтэй шүү.
Энэ бидний олсон хамгийн ховор олдвор маань. Бидний хувьд шүү.

0 сэтгэгдэл:

Post a Comment