October 28, 2010

Вансэмбэрүү - Тэнгэрийн цэцэг

Вансэмбэрүү цэцэг нь ихэвчлэн 3000 метрээс дээш өндөрт уулын таг царманд, хад асганы дунд ургадаг. Ван­сэм­бэрүү цэцгийг монголчууд эртнээс тэнгэрийн цэцэг хэмээн хүндэтгэн үздэг билээ. Эрсэн, хайсан хүнд тийм ч амархан олдохгүй. Үзэгдэх хүндээ л үзэг­дэнэ. Хосоороо ургадаг цэцэг бүлгээ. Дэлбэгэр том том цагаан дэлбээт цоморлиг дундаа хүүхдийн зулай мэт зөөлөн бүлээн хүрэн толгой­той. Атганд багтахгүй бүдүүн но­гоон иштэй. Үн­дэс­нээс эхлээд ишээ дагаж уртсан ургасан гонзгойвтор өргөслөг хүрээтэй, навч нь шүүслэг нойтон байдаг. Эрт цагаас оточ маарамбууд эмийн цэцгийн сор болгон тунгаар хэмжин өвчин зовлонтой хүн ардыг тэтгэн тэнхрүүлж ирсэн. Вансэмбэрүүг эрт үеэс эм тан хийх зорилгоор нилээд түүдэг байжээ.
Вансэмбэрүү - Хархираа Түргэний уулс
Орчин үеийн анагаах ухаан төдийлөн сайн шинжлэн судалаагүй боловч дорнын анагаах ухаанд амьсгалын замын өвчинүүдийг анагаахад өргөн хэрлэдэг. Хүмүүсийн буруутай үйл ажиллагааны үр дагавраас болж энэ ургамлын нөөц эрс хомсдон ховордож монгол нутагт бүр мөсөн устаж болох нөхцөл бүрдсэн байна. Вансэмбэрүүг байгалиас авахдаа вансэмбэрүү цэцгэн дээрээ майхан бариад газар лусыг аргадан идээ будаа өргөж эх газ­рынх нь хүйснээс тэнгэрт үзүүлэлгүй тасалж авдаг ёстой. Ингэж авсан ургамлаа хатааж, хорт хавдар, уушгины өвчин, ханиадны эм бэлтгэхэд хэрэглэдэг байна. Манай орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн өндөр уулсаар маш ховор тархан ургадаг.

Вансэмбэрүү / Saussurea Involucrata./ нь банздоогийн ангилалд багтана. Баг цэцгийнх нь голч 10-15 см. Нэлээд том хэмжээний ягаан өнгийн цэцэгтэй. Хос бэлэгтэй, нэг гэртэй ургамал. Энэ нь нэг ургамал дээр эр, эм бэлэг эрхтэн хамт байрладаг байна. Үрээр маш муу үрждэг. Хоорондоо 10-20 метрийн зайтай ургадаг бөгөөд энэ нууцыг нь одоо болтол тогтоогоогүй. Үрийг гадаадад худалдах, гаргахыг 1974 онд олон улсын конвенцээр хоригложээ. Монгол улсын улаан номонд орсон цэцэг.

3 сэтгэгдэл:

Anonymous said...

Ховорхон сайхан цэцэг шүү. Яг гартаа барьж үзэхсэн

Amundara said...

Тэнгэрийн цэцэг гэдэг юм байна лээ. Хүмүүсээ хэрвээ энэ цэцэгтэй тааралдвал хамаагүй тасдаж болдоггүй юм шүү.
Илбийн юм шиг хосгүй сайхан
Ихэр ботго шиг хорвоод ховор хос цэцэг сэтгэл бахдам сайхан цэцэг гээд дуу байдаг байхаа

Сайнаа said...

Энэ цэцэгний талаар илүү их мэдээлэл хэрэгтэй байна. Яаж холбогдох вэ?

Post a Comment