Богд Очирваань Отгонтэнгэр уул |
Богд Очирваань Отгонтэнгэр уулыг Монголчуудыг эрхшээн тэтгэгч Догшин Их Бурхан Богд Очирвааны дүр гэдэг. Отгонтэнгэр уулыг Бурхан багшаас замбуулинд хайрласан таван их тэнгэр уулын отгон нь гэсэн домог ч байдаг байна.
Тэнгэрийн цэнхэрлэгт бүтсэн, сэтгэлийн цэнхэрлэгт оршсон, мөнхжингийн цаглашгүйд амьсгалсан язгуур дээд Очирваань монгол хүн бүхнийг өлгий дээрээ инээмсэглэн тосон авч авралдаа багтаадаг байна. Очирваань бурханыг нэгэн үзүүрт сэтгэлээр сүсэглэн явбаас сүсэглэсэн хүнийг есөн үед нь элбэрлийн сахиусандаа авран хамгаалдаг.
Монголчууд яагаад Алтайн сүрлэг цаст оргилыг төрийн хэмжээнд тахидаггүй мөртлөө Отгонтэнгэр уулыг Хан Хэнтий уулын адил төрийн хэмжээнд эртнээс тахиж ирсэн юм бол?...Яагаад Отгонтэнгэр... Богд Очирваань гэж нэрлэсэн юм бол?... Отгонтэнгэр хэмээх энэхүү нэр үе үеийн бичгийн мэргэдийн оюун бодлын түлхүүрийг үл амраажээ. Энэхүү нэрийн учир шалтгааныг сонирхон судалбаас дараах таамаглалууд урган гарч ирдэг.
1. 1227 оны 7-р сард Чингис хаан Тангуд улсыг дайлаар мордох үедээ тэнгэрт хальжээ. Тэнгэрт хальсан газраас Их хааны төрөлх нутаг руу нь зөөсөн тухай "Монголын Нууц Товчоо"-нд дурдсан байдаг. Эзэн Богд Чингис хааны шарилыг ачсан хасаг тэрэг Алтайн нурууг даван Бурхан Халдун ууланд ирэх замдаа газрын холд шарилыг муутгахгүйн тулд Отгонтэнгэр уулын мөнх цасанд хөлдөөж хадгалсан байх магадлал өндөр байдаг. Тэнгэрт хальсан их хааныхаа шарилыг агуулж байсан энэ уулаа сүсэглэн хүндэтгэж "Отгонтэнгэр" гэж нэрлэсэн байж болох юм. "Отгон" гэдэг үгийн утга нь хамгийн сүүлчийнх гэсэн үг. Монголчууд эртнээс бага хүүгээ отгон хөвүүн гэж нэрлэдэг учиртай. "Тэнгэр" гэдэг үг нь тэнгэрийн хүү тэнгэртээ халилаа гэсэн утгатай болно. Монголчууд эзэн Богд Чингис хааныг мөнх тэнгэрийн хөвүүн гэж боддог. 2. Очирваань гэж яагаад нэрлэх болов - Монголчуудын дунд Чингис хаан тэнгэрт халиад Очирваань бурхан болсон тухай домог байдаг. Очирваань гэдэг нь бурханы нэр. Бурханы сургаалаар Замбуу тив дээр диваажингийн орон гэж байдаг. Түүний эзэн Авид бурхан. Авид бурханыг муу муухай, ад зэтгэрээс хамгаалуулахын тулд Очирваань бурханаар хамгаалуусан байдаг. Юан улсын төр засах хөтөлбөр Арван буянт номын цагаан түүх хэмээх сударт "...Монгол газарт Очирваанийн хувилгаан Тэмүүжин нэрт хан хөвгүүн төрж..." гэж бичсэн байдаг.
3. Саяханыг хүртэл энэхүү нэрийн "Отгон" гэдэг нь түрэг монгол хэлний дундын гэгдэх "Отхан буюу галын хан" "голомт сахигч хүү" гэсэн утгатай үг гэлцдэг байв. Гэтэл эрдэмтэн мэргэдийн бодол тааврын зөргийг өөртөө татсаар ирсэн энэхүү нэр нь монгол хэлний эртний үгийн сан болон аман зохиолын баримтаас иш үндэс болгон тунгаахад "этүгэн" буюу эх газар хэмээсэн унаган монгол үг юм.
4. Тан улсын бичиг сударт наймдугаар зуунд Орхон мөрний хөвөөнөө мандаж асан Түрэгийн хаад бидний Отгонтэнгэр хэмээн сүсэглэх энэхүү уулыг тайн тахиж, рашаан усыг нь эм эмнэлэгт ашиглаж байсан тухай тодорхой дурджээ. Үүгээр ч үл барам Отгонтэнгэр хэмээх нэрийг тайлбарлахдаа "тэнгэр уул" хэмээсэн байдаг.
Монголын олон овог аймаг түрэг угсаатнаас аль эрт Отгонтэнгэр уулыг тахиж байсан бөгөөд хожуу үеийн баримт дурдахад 1585 онд эл уулыг Богд Очирваань хэмээн сүсэглэн дээдэлж байсан баримт байдаг. Очирваанийн орон буюу Отгонтэнгэрийг анх 1828 онд дархан цаазтай болгож жил бүр тайн тахиж байх зарлиг гаргасан байна. Мөн 1911 онд Монгол улс Манжын нөлөөнөөс гарсан даруйд олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын хууль зарлигаар Отгонтэнгэрийг жил бүр тайж тахиж байхаар тогтоосон байдаг. Эл зарлиг нь цагийн аясаар саарч 1930- аад оны үеэс бүрмөсөн зогссон юм. Гэвч монголчууд Отгонтэнгэр уулаа сэтгэлдээ тээн зуун гол, зуун уулыг давуулан идээ будаа, цайныхаа дээжийг өргөн амь амьдралаа даатган хишиг буян хүсдэг уламжлал тасараагүй билээ. 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тайлгат уул болгон тахилгыг сэргээж, 4 жилд нэг удаа тахиж байхаар тогтоосон байна.
Богд Очирваань Отгонтэнгэр уулын эргэн тойронд гайхаж биширмээр, сонин содон зүйлс ихээ. Очирваанийг тойрсон найман цэнгэг нуур буй. Гүн цэнгэг нуурууд тийн Очирваанийн найман тахилын бэлгэдэл болдог. Уулын баруун хойд зүгт орших бага Отгонтэнгэр уулнаас эх авсан Эх Дээд, Дунд гялаан гэж буй. Үргэлжлэлийг нь Тагийн мараа гэнэ. Ар тахилгатай буюу Хатан бэйлийн даваанаас эх авсан Богдын голын эхний Дээд, Дунд, Доод гялаан, зүүн урд талд нь Даян чулуу, Дамар хайрхан, Хөх, Цагаан нуурууд арц вансэмбэрүүний үнэр сэнгэнүүлэн салхилах бөлгөө. Очирваанийн өмнө этгээдэд Манхагтай ногоон байшинтын рашаан, Цамбагарав, Охиндойн хонхор, Хүрэл тогоот хэмээх гүн бишрэлт уулс бас бий.
Богд Очирваань Отгонтэнгэр ууланд таван зүйлийн арц ургана. Энэхүү арц дорно дахинаар алдартай. Монголчууд эртнээс Отгонтэнгэрийн арц хэмээн сүслэн дээдэлж иржээ. Үнэр, өнгө гойд. Хатаагаад нүдэж нунтаглах тусам тослогтоод үнэр нь улам хурц тод болдог. Дээдсээс Очирваанийн шүншигтэй гэж үзэн ямар ч ном гүрмийг орлох чадалтай хэмээн гал голомт, бие сэтгэлээ ариусган ариуладаг. Арцыг гишгэх, мөчрийг нь гэмтээхийг хатуу цээрлэнэ. Хэрэв авах шаардлагатай бол авдаг газраас нь ном гүрмийг уншуулж хормой дэвсэн сөхөрч суугаад гуйж авна.
Отгонтэнгэр уул |
Отгонтэнгэр ууланд монгол хүнд тэнгэрийн ивээлээр заяасан тэнгэрийн цэцэг буюу вансэмбэрүү цэцэг царам асганд нь ургана. Тэр бүр эрсэн хүнд олдохгүй. Үзэгдэх хүндээ 20,ЗО-аараа үзэгдэнэ. Нутаг орныхон ихэр цэцэг хэмээнэ. Хосоор ургадаг, хүйн холбоотой амьд цэцэг юм. . Эрт цагаас оточ маарамбууд эмийн цэцгийн сор болгон хэрэглэж, өвчин эмгэгийг засаж ирсэн түүхтэй. Вансэмбэрүү цэцгийг авахдаа вансэмбэрүү цэцгэн дээрээ майхан бариад газар лусыг аргадан идээ будаа өргөж, нохойгоор татуулан эх газрынх нь хүйснээс тасалж, тэнгэрт үзүүлэлгүй авдаг ёс дэгтэй. Дэлбэгэр том том цагаан дэлбээт цоморлиг дундаа хүүхдийн зулай мэт зөөлөн бүлээн хүрэн толгойтой. Нас бие гүйцсэн нь гурван настай хүүхэд шиг өндөр. Атганд багтахгүй бүдүүн ногоон иштэй. Үндэснээс эхлээд ишээ дагаж уртсан ургасан гонзгойвтор өргөслөг хүрээтэй, навч нь шүүслэг нойтон байдаг.
Отгонтэнгэр уулаар аялж явахад айлууд авдартаа арц, вансэмбэрүү цэцэг, Дуут нуурын чулуу, Алтан элс зэрэг зүйлсийг нандигнан хадгалж байдаг. Отгон тэнгэр уулын ойролцоох Дуут нуурын усны хаялгагаараа эрэг дээрээ өвөрмөц хэлбэртэй чулуунуудыг гаргаж хаядаг. Эл чулууг аманд хийхэд хайлж урсдаг. Нутгийнхан эл чулууг хоолойн ангина, хоолой өвдөхөд хүлхэж хэрэглэдэг юм билээ. Мөн алтан элс гэж мөн аманд хайлдаг элс байх ба үүнийг ходоод гэдэсний өвчинд сайн нөлөөтэй гэж нутгийнхан ярьдаг.
Бага Отгонтэнгэр уулын ар бэл Завхан аймгийн Алдархаан сумын нутагт анагаах хосгүй чанартай, гидро карбонат, сульфатын найрлагатай халуун рашаан байдаг. З1 ундарга бүхий уг рашааны халууны хэм нь 40-55 байна. Энэхүү рашааныг 8-р зууны үед Орхоны түрэгүүд эмчилгээ сувилгаанд ашиглаж байсан тухай Тан улсын үеийн судар бичгүүдэд дурдсан байдаг. Отгоны халуун рашааныг монголчууд Очирваанийн мөнхийн ус, Богдын рашаан гэж нэрлэсээр ирсэн түүхтэй. Эл рашаан нь N 47° 48' 11 ", E 97 ° 33' 38.2" солибцолд, далайн тvвшнээс дээш 2510 метрт оршдог. Уг рашааныг одоогоор ваннанд орох хэлбэрээр ашигладаг. Уг халуун рашаан дотор нэгэн сонирхол татахуйц рашаан байдаг. Энэ нь Хийморийн рашаан юм. Хийморийн рашаанд орсон хүний хийморь гал цог сэргэдэг гэж үздэг. Рашаан амралтын газрын урд уулын аманд нэгэн үзэсгэлэнт хүрхрээ бий.
5 сэтгэгдэл:
iim goyo blog baidgiig bi_banjig ahiin blognoos olj medlee. saihan niitlel baina. minii divaajin baina daa end. nutagtaa harij baigaad zaaval ochinoo. bayarlalaa
Сайхан бичжээ. Баярлалаа.
Goe blog baina aa
Үнэхээр сайхан байна.
Bro what the sigma aumar uddan bainaa
Post a Comment