Монголын гурав дахь уулчин дэлхийн дээвэр Эверестийн оргилыг эзэлсэн баяртай мэдээг дөнгөж сая хүлээж авлаа. Дөрөвдүгээр сарын 8-нд эх орноосоо мордсон ОУХМ С.Бат-Эрдэнэ багийнхны хамт өнөөдөр өглөө Эверестийн оргилд хүрсэн байна. Энэ тухай товч мэдээллийг С.Бат-Эрдэнийн авиралтын гадаад харилцаа, бэлтгэл ажлыг хариуцан ажилласан “Монголиа Экспедишнс” компанид “Everest North Cole International Expedition 2012” экспедицийн ширпагаас арваад минутын өмнө утсаар өгсөн байна.
Ширпа багийн авиралтыг амжилттай болсон гээд Монголын уулчин С.Бат-Эрдэнэ Эверестэд гарсныг мэдэгджээ. Манай уулчин “Everest North Cole International Expedition 2012” экспедицийн бүрэлдэхүүнд багтан, Канад, Испани, Балбын долоон уулчинтай хамтран Түвдийн талаас авиралтаа эхлүүлсэн юм. Уулчид яг хэдэн цагт оргилд гарсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор ирээгүй байгаа бөгөөд оргилоос уруудаж яваа бололтой. Өчигдөр 18.40 цагт авсан мэдээллээр бол уулчдын багийнхан 8200 метрээс өндрийн дайралтаа эхлэхээр бэлтгэж байсан юм.
Орхон аймгийн Уулын спортын холбооны тэргүүн, ОУХМ С.Бат-Эрдэнэ Монгол орныхоо өндөр цаст оргилуудад авирч байсны дээр Японы Фүжи уул, Европ тивийн ноён оргил Эльбрусын оргилд 2010 онд авирч байсан юм. Түүний Эверестийн оргилыг эзлэх түүхэн авиралтыг “Эрдэнэт үйлдвэр” ХК, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт” үйлдвэрийн засвар угсралтын цех, “Хангарьд” клуб ажиллажээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин Готовдоржийн Өсөхбаяр хамгийн анхлан 2005 оны тавдугаар сарын 30-ны өдөр эх орныхоо далбааг Эверестийн оргилд мандуулж байсан бол Гавьяат тамирчин Бадамгаравын Гангаамаа 2011 оны тавдугаар сарын 21-нд энэ амжилтыг давтаж байлаа. Тэгвэл 2012 оны тавдугаар сарын 19-ний энэ өдөр Монголын гурав дахь уулчин Дэлхийн зулайд мөрөө тамгаллаа.
Авиралтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид “Монголиа Экспедишнс” компанийн тусламжтайгаар цаг тухайд нь хүргэх болно.