Буган хөшөө бол хүрэл зэвсгийн үеийн хамгийн үнэт дурсгалуудын нэг агаад он цагийн хувьд МЭӨ V мянганаас МЭӨ I-ны үед холбогдоно. Евразийн өргөн уудам тал нутаг 700 орчим буган хөшөө чулуу олдсоны 550 орчим Монгол улсын нутаг дэвсгэрт байдаг. Буган чулуун хөшөө гэж тусгайлан засаж янзалсан дөрвөн талт гонзгой чулууг гурав зааглан ихэвчлэн эсрэг харсан хоёр талын орой хэсэгт нэг юмуу хоёр том дугуй, эсвэл том, жижиг хоёр дугуй дүрс сийлж, түүний доогуур олон жижиг хонхор гарган зааглаад доош нь бүс хүртэлх голын зайд сүрэг бугыг уран гоёор дүрслэхээс гадна цөөн тохиолдолд адуу, гахай, ирвэс, янгир зэрэг амьтдыг бугатай хамт болон дангаар нь дүрсэлж, бүснээс олон төрлийн зэр зэвсэг зүүж, ойр орчимд нь нум сум зэргийг сийлсэн байдаг. Буган чулууны хэлбэр хийцээс хамааран гурван хэсэгт хуваана.
Дааган дэлийн буган чулуу |
- Монгол-Өвөр Байгалийн загварт бугын дүрст хөшөө
- Саян-Алтайн амьтны бодит дүрслэлт буган хөшөө
- Ази-Европын амьтны дүрслэлгүй хөшөө хэмээн гурван үндсэн хэсэгт ангилсан юм.
Буган хөшөө нь хүнийг төлөөлүүлж байгуулсан байгууламж юм. Төв азийн цээжинд оршиж байсан эртний улс үндэстнүүдээс гаралтай гэж үздэг. Яагаад буга болон бусад амьтдыг дүрсэлсэн бэ? – Хүрэл зэвсгийн үед хүмүүс бугыг ихээхэн шүтэж байсан бөгөөд дайчин баатар эрс, язгууртанууд нь бие дээрээ амьтаны дүрслэлт шивээсийг биен дээрээ шивдэг байжээ. Энэ нь тэдний зэрэг дэв, баян чинээлэг байдлын илэрхийлэл болдог байв. Үүнийг Алтай, Саяны бүс нутгаас олдсон пазырыкын шивээст хүний булшнууд баталж байдаг. Эрдэмтдийн судалгаагаар буган чулуу болон хиргисүүрийг байгуулахдаа тэнд нь адуугаар тайлга үйлддэг байж. Буган чулууны доороос, хиргисүүр дотроос адууны толгой, хүзүүний яс их гарч байна. Нас барсан хүний сүнс жигүүрт хурдан хүлгийг унан тэнгэрт хүрдэг гэсэн эртний шүтлэгтэй холбоотой юм.