Дэглий Цагаан оргил дээр |
Аялал жуулчлалын “Монголиа Экспедишнс” компани, Уулын хөтөчдийн холбоотой хамтран Хархираа, Түргэний уулсын Дэглий Цагаан оргилд амжилттай авирч, 2013 оны 6-р сарын 18-ны 8.40 минутанд оргилд хүрлээ. Энэ авиралтанд Улаанбаатар, Эрдэнэт, Увс аймгаас экстрим аялал сонирхогч 40 орчим хүн оролцлоо. Энэ удаагийн авиралтын онцлог нь оргилд хүрэх шинэ зам гаргаж авирсанд оршино. Бид энэ замаар 2012 оны 5 болон 6-р саруудад авиралт хийж байсан боловч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж оргилд хүрч чадалгүй буцаж байсан. Энэ удаагийн авиралтын үеэр цаг агаар тааламжтай сайхан байсан тул авиралт амжилттай болсон. Биднийг очихоос 2 хоногийн өмнө Олон нуурын хөндийгөөр цас их орсон тул газар их норж аяллын эхлэх цэг хүртэл машинаар явахад их хүндрэл гарч машин тэрэгнүүд ээлжлэн шаварт сууж байсан ч бид зорьсон газраа хүрч хоноглосон. Орон нутгийн хүмүүсттэй урьдчилан холбогдсон байсан тул нутгийн хүмүүс тэмээ малаа тогтоосон хугацаанд авч ирж, бид авиралтын бааз кэмп рүү нийт 12 км замыг туулан хүрсэн.