March 27, 2020

СҮХ далайтал ҮХЭР амар.

/Аялал жуулчлалын салбарынхандаа зориулав./
Олон улсад дэгдсэн цар тахлаас болж манай аялал жуулчлалын салбар хүнд цохилт аваад уналтын байдалд ороод байна. Сүхдүүлсэн үхэр адил.
Ази Номхон далайн орнуудын хэмжээнд хаврын улирлын аяллын цуцлалт 75%-тай байна, цаашид аяллуудаа хүмүүс цуцлахаар бэлдэж байна гэж Блүүмберг гуай айлдаж байна.
2020 онд аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийх магадлал өндөр байгаа үед санал бодлоо хуваалцахыг хүссэн юм.
Монгол улс цар тахлын улмаас хөл хорио тогтоогоод 3 сарын нүүр үзэж байна. Засгийн газар Монгол хүнийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх эрс шийдвэртэй алхамууд цаг алдалгүй авсны үр дүнд бид дотроо аюулгүй байгаа ч өвчний вирус тээгчид гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх аюул нүүрлэсэн үед Монголын аялал жуулчлалын улирал эхлэх гэж байна. Монголын хорио цээр, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэлхий анхааралтай судалж, шагшин магтаж байна гэнэ. Монголын арга туршлагыг дэлхий хэрэгжүүлж байна гэж хөөрцөглөх юм. Цаг алдаагүй авсан арга хэмжээг нь сайшаана. Гэхдээ юм хоёр талтай эерэг, сөрөг гэсэн. Хорио цээрийн хатуу дэглэм нь өвчинг тархах нөхцлийг хааж байгаа ч эдийн засгийг нүдэн дээр хорлож байна.
Сүх далайтал Үхэр амар гэж манайхан таг чиг л суугаад байх юм. Хэдүүлээ яах ийхийгээ дотроо ярьж төлөвлөгөө нтр хийхгүй юм уу.
Монголын аялал жуулчлалын талаар, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн талаар хөл хорионд байгаа энэ үед хэн ч ярьж анхаарал хандуулахгүй байна ш дээ. МХАҮТ-аас жижиг дунд бизнесүүдийг хамгаалах талаар санал, төлөвлөгөөгөө засагт танилцуулаад яваад байдаг. Бид хоцрох вий дээ. Манай салбар ЖДҮ-д багтдаггүй болохоор бид засгийн бодлогын гадна үлдчих аюул байна. Ниргэсний дараа хашгирна гэгч болох вий.
Монгол улсын ЗГ аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэгч салбар, гурван тулгуурын нэг гээд ярих мөртлөө энэ хугацаанд аялал жуулчлалын бизнесийг хамгаалах талаар төлөвлөгөө гаргасангүй, таг. Манай салбар МУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 3.1 хувийг эзэлдэг 804.8 тэрбум төгрөгийг бий болгож Монгол улсын нийт ажлын байрны 4.9 хувь буюу 54,000 хүнийг ажлын байраар хангадаг гэсэн 2018 оны статистик тооцоо байдаг юм байна. Бид 2018 онд 529,370 мянган жуулчин хүлээж авсан бол 2019 онд 577,000 жуулчин хүлээж авчээ. 2020 оны хувьд 1 сая жуулчин хүлээж авах зорилт тавиад ажиллаж байсан чинь КОРОНА гарч ирээд бүх юм будаа боллоо гээд тайлбарлачих байх. Энэ зорилго ч яахав.
Аялал жуулчлалын улирал эхлэхтэй зэрэгцээд Монголын аялал жуулчлалын тур оператор компаниуд дээр аяллын цуцлалт эрс нэмэгдэж байна. Монгол улсад нийтдээ 475 тур оператор байдаг гэсэн тоо бий. Дээрхи тооны жуулчдыг Монгол улсад авч ирэхэд хамгийн чухал нөлөөг үзүүлдэг хөдөлгөгч хүч, зүрх нь тэд юм. Энэ тур операторууд жуулчныг оруулж ирээд зочид буудал, гэр бааз, агаарын тээвэр, газрын тээвэр гээд олон салбарт мөнгийг хувааж өгдөг гол зохицуулагч нь. Энэ нөхөр чинь энэ жил газарт шингэчих гээд байна.
Манай компани дээр байсан 4, 5, 6-р сарын аяллууд бүгд цуцлагдсан. Бүгд л адил байгаа даа. Цар тахлын тархацыг харахад, мэдээллийн хэрэгслүүдээр өгч байгаа мэдээлэлд дүгнэлт хийхэд Монголын аялал жуулчлалын голлох зах зээлийн орнуудад өвчлөл, халдварын тархац өндөр байна. Монгол орныг зорин ирдэг жуулчдын ихэнхи нь 60-65 насныхан. Энэ насны ангилал нь тахалд өртөх магадлал өндөр байгаа нь аяллаа цуцлах үндсэн нөхцлийн нэг болоод байна. Тэдгээр орнуудад хөл хорио тогтоож, иргэдээ гадагш аялахгүй, гэртээ байхыг анхааруулж сануулсаар байна. АНУ цар тахлын дараагийн голомт болох магадлал өндөр байна. Европт цар тахлын дэгдэлтийн оргил үе нь 5, 6-р сар гэж үзэж байна. Австрали бүх иргэдээ 7-р сарын сүүл хүртэл аялахгүй байхыг зөвлөж байна. Зүүн өмнөд Азийн улс орнуудад цар тахлын дэгдэлтийн 2 дахь том давалгаа орж ирнэ л гэнэ. Монгол улс 4-р сарын 30 хүртэл хил хаалттай, зорчигч урсгал байхгүй. Энэ нь цаашид сунгагдах магадлал ч өндөр байна... Миний бодлоор 6, 7-р саруудад жуулчин авах боломж тун хомс, ялангуяа Америк, Европ тивээс. Хятад өвчний тархалтыг хяналтандаа аваад иргэдээ амьдралын хэвийн гольдрилд нь аажмаар оруулж байна, тодорхой хэмжээгээр аялал жуулчлал, дотоодын агаарын тээврийн салбараа сэргээж байна. Энэ жилийн хувьд Хятад, Солонгос, Гонгконг зэрэг улс орнууд нь бидний ажиллах гол чиглэл болж магадгүй байна. Ялангуяа төрийн тэргүүний Хятадад хийсэн айлчлал, 30 мянган хонь үр өгөөжөө өгөх нигууртай байна. Хятадын жуулчдыг хүлээн авах бодлогоо ажил хэрэг болгох нь чухал санагдах. Шууд нислэгтэй аюулгүй газраас жуулчин авах тухай бодъё л доо. Хятадууд зүгээр жирийн иргэн надад баярлалаа гээд байгаа шүү. Энэ их чухал зүйл. Чулуу болгочихвол зүгээр.
Бидэнд 9-12 сар хүртэл аяллаа зарах боломж байна. Оргил үеийн дараа гэдгийг тооцоолох ёстой болж байна.
Зорчигч урсгалын хаалт гэдэг бол аялал жуулчлал байхгүй ээ гэсэн үг. Хүн байхгүй жуулчин байхгүй. Тэгэхээр бид орлогогүй болох эрсдэл маш өндөр байна. Бид салбарынхаа хүний нөөцийг хамгаалах, ажлын байраа хадгалах зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Хүний хүүхдүүд айхтар л шийдэж байна. Трамп хүү агаарын тээвэр аялал жуулчлалын салбартаа хэд ч гэлээ тэрбумын мөнгө хийж байна гэж сонсогдохын, хойд айлын тэргүүн аялал жуулчлалын компаниуддаа тэтгэмж өгнөө гээд амлахын, Меркель хатагтай нь найдвартай аж ахуйн нэгжийнхээ ажлын байрны хамгаалалтанд зориулж төрөөс 90 хувийн зардлыг нь даалаа гэх юм. Харин минийх болохоор дуугүй л сууна. Улс орнууд аялал жуулчлалын салбараа унагахыг хүсэхгүй тул хамгаалах арга хэмжээг тууштай авч эхэлж байна. Бид бас хамгаалуулмаар байна. Эдийн засгийн 3 тулгуурын нэг гэсэн. Эсвэл тэр зүгээр сэтгэлийн хөөрөл байсан юм уу.
Аялал жуулчлал угаасаа хүний анхдагч хэрэгцээ биш. Аялал жуулчлал хүний аз жаргал, дурсамж, мэдрэмж, хүсэл мөрөөдлийн хэрэгцээ тул тэвчиж болох зүйл. Аминаас үнэтэй аялал жуулчлал гэж байхгүй.
Дэлхий нийтээр аялал жуулчлал, тээврийн салбар хумигдаж байгаагийн адил манай улсын зөвхөн агаарын тээврийн салбар л гэхэд эхний хоёр сард өмнөх оноосоо 13.3 тэрбум буюу 21.7% бага орлого олов. Хоёрдугаар сард 16.9 тэрбум төгрөгийн орлого олсон нь өмнөх сараас 14.2 тэрбум төгрөгөөр буюу 45.7% буурчээ.
Монгол Улсын аялал жуулчлалын оргил үе нь хоёр, гуравдугаар улирал байдаг тул аялал жуулчлалын салбарт үзүүлэх нөлөө харьцангуй бага байна гэж ҮСХ-ны судалгаанд үзжээ. Гэвч нөхцөл байдал энэ хэвээр цааш үргэлжилбэл Монголыг зорих гаднынхан өнгөрсөн оны 600 орчим мянган жуулчны хэмжээнд хүрэхгүй байх эрсдэлтэй. Ялангуяа, COVID-19 халдвартай холбоотойгоор Азийн улс орнуудыг зорих жуулчдын тоо буурна хэмээн шинжээчид үзэж буй. /IKON.MN/
Эхний 2 сарын байдлаар 28 хувийн бууралттай байгаа гэж дарга хэлсэн. Дарга хэлэхдээ: Зочид буудлууд, жуулчны баазуудын үйл ажиллагаа, мөн гадагшаа иргэд зорчих, гадаадын иргэд хүлээж авахыг хориглосон шийдвэрүүд нь аялал жуулчлалын салбарт шууд нөлөөлж байгаа. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс манай салбарын аж ахуй нэгжүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг нягт мөрдөж ажиллаж байгаа нь харагдаж байна. /News.mn/
Монголд бас нэг ийм тэнгэрлэг үзэл яваад байна: Корона вирус Монголд тархаагүй орон болж чадвал Монголын аялал жуулчлалыг огцом өсөлтөд оруулна гэсэн гэнэн дүгнэлтүүдийг хийгээд байгааг, тэрийгээ олон нийтэд яриад байгааг би ойлгохгүй байгаа. Ямар ч үндэслэл байгаа юм. Тэрийгээ тодорхой тавьчихвал зүгээр. Бид нэг дэлхий дээр амьдардаг.
Тэгсэн хирнээ аялал жуулчлал бол вирус түгээгч, аюулын харанга гээд ЭМЯ-ны шуурхай мэдээгээр яваад байдаг. 11 цагийн мэдээ бол айдас хүйдэс. Ард түмэн айдас дунд байна. Монголыг ташуурын дор байлгавал юм ойлгодог ард түмэн гэдэг юм. Би, бидний үеийнхэн ташуурын хүмүүжлээр өссөн болохоор ойлгож байна. Жуулчин ирэхээр вирус тээгчид гэдэг далд айдсыг нийгэмд өгөөд л байна. Гэртээ л бай гэнэ. Бүх улс орнууд л иргэдээ гэртээ л бай гэж байгаа. Францын иргэн Анх-Отгон Монголыг Коронагийн жагсаалтанд оруулсан ч түүний бие сайжирч эдгэрээд эмнэлэгээс гарахгэж байгаа гэсэн. Энэ их сайн зүйл. Монголыг сурталчилж байгаа сайн итгэл. Гадныхан бидэнд итгэх эд том тус хүргэж байна. Форбс сэтгүүлийн сурвалжлагчийн нийтлэл биднийг Коронагаар дамжуулж дэлхийд эерэгээр харагдуулж байна. Бид зөв тактикаар ажилласан. Гэхдээ одоо эдийн засгийн хямралаа даваад туулаад гарчихвал супер жишээ болно. Гэхдээ энэ нь аялал жуулчлалын өсөлтөд давуу тал болохгүй гэдгийг бодоорой.
Бид чинь нэг яаманд харъяаглагддаг салбар. Тэр яам нь хос морьтой. Хорио цээрийн үед байгаль орчин л яриад байна. Энд тэнд амьтанд өвс, тэжээл тавилаа гээд мэдээгээр гарах. Аялал жуулчлалын нөөцөө хамгаалж байгаа байх. Аялал жуулчлал нь байдаггүй. Аялал жуулчлал нь айлын шоовдор хүүхэд адил. Энэ үед тэр яамнаасаа бодлого чиглэл авмаар байх юм. Та нар дуугүй л байгаад байх юм уу? УОК-ийн шийдвэрийг хүргэгчийн байр сууринаас хармааргүй байна. Салбар нь будан дотор, чиггүй л явж байна. Юу хийхээ мэдэхгүй та нарыгаа харсаар л... Энэ жил салбараа унагаачихвал, хүний нөөцөө алдчихвал дараа жилүүдэд буцаад энэ түвшиндээ хүрч очиход хэцүү л болно. Салбарын үйлчилгээний чанарын сайжруулах сургалт нтр хийнэ гээд байсан хүний нөөцөө алдчихвал хэндээ ч сургалт хийх юм? Бодоорой... Ер нь манай аялал жуулчлал олон хямралд өртөж унаж босч л явсан. Гэхдээ анх удаа хөл хорио гэдэг зүйлтэй тулгарч байна. Бүх л хүнд хэцүү, ухаанаа олохгүй л байгаа байх. Төлөвлөгөө шийдвэр гаргаж ажиллах нь зүгээр сууж байгаад хохирол амссанаас дээр. Ажлаа хиймээр байна.
Гэхдээ хувийн хэвшлүүд бас зүгээр суухгүй, бүгд л эрсдэлийг яаж даван туулах талаар бодож байна. Нэг гарц нь дотоодын аялал жуулчлал. Дэлгэр цаг ирж байна. Энэ олон хүнийг зунжин гэрт хорьж дийлэхгүй л байх. Тэгэхээр энэ зах зээл дээр монголын олон туршлагатай мэргэшсэн операторууд орж ирэх нь тодорхой. Бүгд нэг гараанаас хүч үзэх байх. Энэ нь монголчууддаа зориулсан аяллыг шинэ түвшинд гаргаж ирнэ гэж харж байна. Гэхдээ МХАҮТ-аас гаргасан мэдээлэлд 260 мянган ажлын байрыг алдах эрсдэл өндөр байна гэсэн. Тэр хэмжээгээр хүмүүс ажилгүй болно гэж ойлгож байна. Тэгэхээр засаг одоо л эдийн засгаа хамгаалах арга хэмжээ авахгүй бол дотоодын аялал жуулчлал нь балкон дээрээ, хашаан дотроо, Туулын эргээр л үндэсний үйлдвэрээ дэмжээд лонхон дотор зуныг өнгөрөөх аюул бас байна шүү. Хорио цээрийн үед хүмүүс голдуу тв-гээр аялж байна. Тэгэхээр энэ үед аль болох олон аяллын нэвтрүүлэгүүдийг ард иргэддээ үзүүлж зуны аяллыг төлөвлөх бэлтгэлийг нь хангах хэрэгтэй байна. “Дэлгэцнээс биш Дэргэдээс нь мэдэрье” энэ жилийн дотоод аяллын уриа болно.
Засгаас юу хүсээд байгаа вэ? – Тодорхой байдал.
• Монгол улс энэ жил гадаадын жуулчдыг хүлээж авах эсэх – энэ хөл хориогоо ингээд үргэлжлүүлээд байх юм уу яах юм. Өвчлөл гарсан улс орнууд тусгай суваг гаргаад, хяналтаа сайжруулаад жуулчдыг бол оруулж гаргаад л байна. Бид яг ямар бодлогоор жуулчдыг оруулж гаргах юм. Жуулчид асуугаад байна. Юу гэж хариу өгөх юм? Бид нар амарнаа гэх юм уу.
• Монгол улсад жуулчид ямар журмаар, яаж аялуулах талаархи зөвлөмж – зарим улс орнууд жуулчин нэвтрүүлэх тодорхой журам гаргаж байна. Солонгос цахим апп суулгаад ир гэж байна. Тэрүүгээр нь хянах юм байх. Одоогийн байдлаар жуулчин ирвэл өөрийнхөө зардлаар 14 хоног тусгаарлагдаад Монголыг үзсэн ч юм байхгүй буцаад явах нь байна, журам нь тийм байна. Эсвэл бидэнд тодорхой чиглэл дестинэшн гаргаад өгчих. Тэрүүгээр нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ оруулъя.
• Аялал жуулчлалын сангийн мөнгөн зарцуулалтыг энэ үед юунд зарцуулах талын төлөвлөлт байгаа бол тодорхой танилцуулмаар байна – Энэ жил ямартаа ч манай салбарт зургаа ч билүү 8 ч билүү тэрбумын төсөв батлагдсан тэр мөнгөөр аялал жуулчлалын салбарын төсөл хөтөлбөрүүд, Монголыг сурталчилах үзэсгэлэн, худалдаанд зарцуулна гэж ойлгож байгаа. Хорио цээрээс шалтгаалаад олон улсын үзэсгэлэнггүүдийг цуцалсан сайдын шийдвэрүүд гарсан. Энэ мөнгөө салбарт яаж хөрөнгө оруулалт хийх талын төлөвлөгөө байвал харчихмаар л байна. Сонгуулийн жил болохоор зардлыг бүр тодорхой хармаар байна.
• Аялал жуулчлалын салбарын ажлын байрыг хадгалахад ямар дэмжлэг үзүүлэх тал дээр ажиллаад ядаж НДШ-ийг тодорхой хугацаанд хойшлуулж өгөхийг хүсье. Бид төлөхгүй гээд байгаа юм биш, цаг сайхан болохоор буцаагаад төлчихнө. Ямар ч гэсэн бодлого гаргаж байгаа гээд дуугүй байх хэрэггүй. Ингэж ажиллана, тэгж бүтээнэ гээд тодорхой зүйл яривал хамтраад ажиллана гэдгээ илэрхийлж байна.
Ямар ч гэсэн МАЖХ нэг юм хийх гээд санал асуулга авч л байна. Засагт хүргүүлсэн байх. Гэхдээ удаан байна... улирал эхэллээ. 60 орчим мянган хүний ажлын байрны асуудал байгаа шүү. Энэ бүхэнд салбарын хамт олон идэвхитэй оролцоод санал бодлоо хэлээд төрд хүргүүлбэл тустай зүйл болно шүү. Одоо гаргах шийдвэр энэ салбарын ирээдүйд маш чухал. Холбоогоо дэмжиж ажиллахыг уриалъя. Төрдөө дуу хоолойгоо хүргэе.
Бие бие рүүгээ дайрахгүй, эв нэгдэлтэй байж энэ үеийг туулах нь тодорхой. 2020 он хүнд ч 2021 он гэж бий.
Салбараараа хүнлэг байя, ажиллах хүчнээ цомхотгохгүй, бизнесийн өөр сувгуудыг эрэлхийлье. Хорин жил ажилласан хүнээ халах хэцүү шүү. Ганцаараа биш олууллаа хүчтэй. Бизнес түншүүдтэгээ, үйлчлүүлэгчтэйгээ эргэх холбоотой байж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ажиллахыг уриалъя. Та бүхэндээ амжилт хүсье.

0 сэтгэгдэл:

Post a Comment