December 13, 2010

Толбо нуур

Толбо нуурын зүүн хойд тал
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос урагш 45 км-т, Өлгийгөөс Ховд хот орох төв замын дагууд Толбо нуур оршино. Энэ нуур нь зүүн өмнөөс баруун хойш сунаж байрлана. Нуурын хотгор тектоник гаралтай, цэнгэг устай, мөстлөгийн гаралтай нуур - хамгийн урт 21,5 км, өргөн 6 км хүрч усны мандал нуурын зүүн урд 2089м бол баруун хойд хэсэг Түргэний голын хавьд 2079м байна. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын эргэн тойрны уулсад эртний мөстлөгийн ул мөр тод ажиглагддаг, одоо хир нь Хүнгүй нуруу, Хатуугийн уулс /3820 м/ зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана. Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж 4 м өндөр Гичгэний толгой юм. Нуурын ус хуралдуулах сав газрын талбай 1980 хавт.дөр.км юм.
Толбо нуурын зүүн эрэг
Толбо нуур нь илүүдэл усаа Түргэн голоор Ховд голын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна. Толбо нуурт хүмүүс амарч зугаалах, загасчилахаар ирэх дуртай байдаг. Толбо нуурын эрэгт буудалж тухлах хэд хэдэн сайхан газрууд N48°35.547', E90°0.533 'бий. Толбо нуурын эрэг дагуу шувуудын амьдралыг ажиглах гол газар нь нуурын адагт Түргэний гол гарч буй хэсэг N48°36.125', E89°56.610', Толбо нуурын Жижиг нуур N48°27.221', E90°11.951' юм. Толбо нуурт усны нөмрөгт бүргэд Haliaeetus leucoryphus, идлэг шонхор Falco cherrug, Гангар хун Cygnus cygnus, Ангир, Тураг гогой буюу хар галуу зэрэг олон зүйл шувууд олноор ирж зусна.

Нуур нь Алтайн сугас, монгол хадран зэрэг хэдэн зүйл загас элбэгтэй. Нуурын урд үзүүрт Толбо сум N48°25.031', E90°17.341' оршино. Толбо сум нь аймгийн төвөөс 76км, Жантекей, Шыбыр-Айгыр омгийн казахууд голчлон амьдарна.

2 сэтгэгдэл:

Ganaa said...

Hi,Tanai site heseg hugtsaand orj boldguyi bailaa.Unuudur uzsen chini orj bna.Asuudal garsan uu?ZArim bichleg baihgui,ih baga bolson baih shig bna.

Mongolia Expeditions said...

Тиймээ...Манай блог байрлаж байсан банжигын сервер ажиллахгүй болсон тул энд зөөж байрлуусан юм. Зарим бичлэг нь байхгүй болсон.

Post a Comment