October 2, 2012

Цагаан Хөшөөтийн хүн чулуу

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төвөөс зүүн урагш 13 км-т Ховд голын баруун талын тэгш сайхан дэнж дээр сүрлэг том нэгэн хүн чулуу бий. Уг хүн чулуун хөшөөг нүүрээр нь зүүн урагш хандуулан газарт зоосон байх ба цайвар өнгийн боржин чулуугаар нэлээд ур чадвартай цоолборлон дүрсэлсэн нь он цагийг элээн одоо хүртэл харьцангуй сайнаар хадгалагдан үлджээ. Чихэвчийг нь дээш сөхсөн дүгрэг малгай өмссөн агаад дугуйрсан хөмсөг, шулуун урт хамрыг нэгэн үргэлж гүвгэр зураасаар төвийлгөн дүрсэлжээ. Нүд нь зууван уртавтар гонзгой хэлбэртэй, баруун нүд нь гэмтэж бүдгэрсэн боловч зүүнийг харахад тойруулан давхар хүрээ гаргаж голд нь аньсагыг тодруулсан зураастай. Хоёр үзүүр нь ялгүй дээш эргэсэн нум хэлбэрийн живэр сахал гаргаж доор нь уруул амны зураасыг нэлээд бодитой хонхойлгон дүрсэлжээ. Чихийг тал цагираг хэлбэрээр гаргасан бөгөөд ээмэггүй.  Хоёр гараа тохойгоор нугалан хэвлийн өмнө дэрэвгэр амсартай, урт хүзүүтэй, тэгш ёроолтой цүлхэгэр ваарыг хоёр талаас шахан барьсан бөгөөд гарын хурууг тун тодорхой дүрсэлжээ. Дээлийн энгэр заам, ханцуй огт мэдэгдэхгүй боловч элдэв товруу чимэггүй нарийн цулгуй бүс бүсэлж хоёр ташаандаа нижгээд дүгрэг хавтага унжуулсан нь доороо мөн нарийн унжлагатай. Зүүн талын хавтаганы араар махир үзүүртэй нэгэн уртавтар зүйл унжина. Бүсний дороос баруун талд гурав, зүүн талд хоёр шулуун унжлага унжжээ. Хүн чулууны газрын хөрснөөс цухуйх өндөр 180 см, мөрний өргөн 83 см, зузаан 38 см.

0 сэтгэгдэл:

Post a Comment