October 13, 2012

Хархираа Түргэний уулс - Дэглий Цагаан оргил

Зүүн гар талаас харагдах эхний оргил нь Дэглий Цагаан
Увс нуур, Ачит нуурын хооронд улсын хилээс нааш Ховд гол хүртэл үргэлжилдэг уулархаг нутгийг Хархираа, Түргэний уулс хэмээн нэрлэдэг. Алтайн нурууны салбар уулс Хархираа Түргэний уулсад олон сүрлэг сайхан оргилуудтай ихэр хоёр уулс юм. Хархираагийн уулсын ноён оргил нь Мөст уул 4037 метр /д.т.дээш/ , Түргэний уулсын ноён оргил нь Дэглий Цагаан уул 3965 метр /д.т.дээш/ юм. Хархираа Түргэний уулс нь Хархираагийн даваа гэсэн хөтлөөр хоорондоо тусгаарлагдана. Хархираа Түргэний уулсад мөнх цаст арав гаруй оргил, мөсөн голууд байдаг бөгөөд Монгол орны уулсын мөнх цас, мөсдлийн нийт талбайн 20 гаруй хувийг эзэлдэг гэсэн газарзүйчдийн тодорхойлолт бий. Энэ бол тодорхойлолт байлаа.
Энэ оны 5-р сарын эхээр бид МУГТ Г.Өсөхбаярын хамт Түргэний уулсын ноён оргил Дэглий Цагаан ууланд авирч, уулын шинэ зам, чиглэл гаргах зорилгоор энэ бүс нутагт аяллаа. Энэ аяллын үеэр хийсэн бичлэгийг дороос үзээрэй. Бидний энэ удаагийн сонгож авсан чиглэл нь Олон нуурын хөндий талаас оргилд хүрэх байлаа. Өлгий хотоос 130 км замыг туулж Олон хөндийд ирээд маргааш нь Хөх нуурыг чиглэн 12к м явган явж Түргэний уулын бэлд очиж бааз кэмп байгуулав. Авиралтынхаа бэлтгэлийг хангаж, багаж, хэрэгсэл, хоол хүнсээ базааж, үүрээр уулынхаа авиралтыг эхлүүлэхээр тохироод амарлаа. Шөнө 3 цагт босч авиралтаа эхлэв.
Бидний хамгийн эхний том сорилт нь Дэглий Цагаан оргилын бэлд хүртэл 5 км замыг морен дээгүүр явж хүрэх байв. Уг нь бол энэ чулуу, асга ихтэй замыг гараад бааз кэмп байгуулахыг зорьсон боловч тэмээ, мал явах ямар ч боломжгүй тул ачаа бараагаа хүргэх боломж гүй болоод бааз кэмпээ оргилын бэлээс их хол байгуулсан юм.
Асгатай хэсэг 5 км орчим үргэлжилнэ.
Урьд шөнийн орсон их цасны улмаас уг замыг туулахад хүндрэл үүсч байв. 3 цаг шахам явж оргилынхоо бэлд хүрсэн ч цасан шуурга тавиад алсын бараа байтугай дэргэдэх хүнээ ч харахад хэцүү байсан тул төлөвлөсөн замаа орхиж, буцах шийдвэр гаргасан ч, тэр холоос ирээд буцах харамсалтай байсан тул Дэглий Цагаан оргилын урд жижиг оргилын уулын нөмөр талын бараадан авирч үзлээ. Хэсэг явахад цасан шуурга улам ширүүссэн тул аюулгүй байдлаа бодож авиралтаа зогсоолоо. Гэхдээ бидний сонгож төлөвлөсөн замаар Дэглий Цагаан уулын оргилд хүрч болно гэдгийг бататгаж чадсан тул баяртай байлаа. Гол нь бидний сонгосон энэ замаар сарын дараа гэхэд MONGOLIA EXPEDITIONS компанийн уулчдын групп авиралт хийх тул бид газар орныг сайн шалгах шаардлагатай байв. Энэ зорилгоо биелүүлсэн бид. MONGOLIA EXPEDITIONS компанийн МУГТ Б.Гангаамаагаар ахлуулсан уулчид 7-р сарын эхээр уг оргилд авирсан бөгөөд бидний төлөвлөж шалгасан замаар авиралтаа хийсэн ч оргилд хараахан хүрээгүй. Тэд мөсөн голоор авиралтаа хийж оргилын урд талын тавцанд хүрч тэндээсээ оргил руу авирсан ч цаг хугацаанаас шалтгаалж оргилд хүрэлгүй буусан. Гэхдээ энэ замаар оргилд хүрч болно гэдгийг уулчдын баг баталж өгсөн. Иймд дараа дараагийн экспедицүүд оргилд амжилттай хүрнэ гэдэгт итгэл төгс байна.
1960-аад онд энэ оргилд авиралт хийж байсан Монголын уулчид осолдож байсан нь Монголын уулын спортын түүхэнд тохиолдсон эмгэнэлт явдал байв. Ер нь бол Дэглий Цагаан оргилд 1989 онд японы уулчин Дэлхийн ноён оргилд Эверест ууланд анх гарсан эмэгтэй 1975 онд Жунко Табей тухайн үеийн Хөдөлмөр нийгэмлэгийн уулчидтай хамтран авиралт хийж оргилд амжилттай гарсан гэдэг. Түүнээс хойш энэ оргилд гарах гэсэн олон оролдлогууд байсан ч оргилд хүрч чадаагүй л байна. 
Бидний сүүлд сонгож авирсан нарийн ам
Дэглий Цагаан оргил уулчдаас уулын техник ур чадварыг шалгасан хэцүү оргилуудын нэг гэдгийг хэлэх хэрэгтэй. Оргилд хүрэх уулчид Дэглий Цагаан оргил руу хойд талаас нь буюу Түргэний голыг өгсч ирдэг бөгөөд Гоожуур мөс гэдэг талаас авиралтууд хийж байна. Сүүлийн үед дэлхийн дулаарлаас шалтгаалж Гоожуурын мөсөн хана хайлаад тасарч унасан байгаа тул авиралт хийхэд нилээн хүндрэл учруулж байгаа нь оргилд хүрч чадахгүй байгаа шалтгаануудын нэг. Гэхдээ мөн оргилд хүрэхийн тулд хангалтай хоног хугацаатай, хоол хүнс, багаж хэрэгслээ бэлтгэж ирэх тал дээр мөн манай уулчид анхаарах хэрэгтэй байх. Багаж хэрэгсэл, бэлтгэл муутай ирвэл мэдээж оргилд хүрэхэд бэрх болно.
Бидний төлөвлөсөн замын чиглэл нь Олон нуурын хөндий талаас чанх урдаас авирахыг зорьсон. Авиралтыг төлөвлөхдөө 1:200000 газрын зураг дээрээс газар орныг судлаж оргилын урд талын тавцангаас унжсан мөсөн голыг дамжиж  оргилд хүрэх төлөвлөгөө гаргалаа. Энэ талаасаа мөсөн гол дээгүүр 3 км орчим явж оргилд хүрнэ. Оргилд хүрэх зам хэдийгээр богинохон ч огцом өгсүүр их, ялангуяа уулын бэлээс тавцан хүртэл 40 орчим градусын налуутай, тавцан хэсэгээс оргил хүртэл 45 орчим градусын налуутай байна. Мөн мөсөн гол дээгүүр үүссэн ангал ихтэй тул хамгаалалт сайтай явах хэрэгтэй. Ялангуяа налуугийн эгц ийм их байгаа тул олс тавьж авирах шаардлагатай тул тоног хэрэгслийн хувьд 3-4 олс, мөсний шрупп, холбоотой карбинийг нилээд олон тоогоор авч явах шаардлагатай. Дэглий Цагаан оргилд хүрэх зам маршрутаа гаргаж, GPS -ээр замаа бичсэн тул явах сонирхолтой хүмүүс холбогдоод замын файлыг авч болно шүү.

4 сэтгэгдэл:

Anonymous said...

Сайхан аялал болжээ. Амжилт хүсье Танд болон танай хамт олонд

EP.BAYART said...

Ямар гоё юм бэ? ингэж явах аялалд зунаас хүн бүртгэж аялуулбал надтай адил олон хүн явах бхдаа

Aldra Sukhee said...

уулын аялалд явах сонирхолтой хүмүүс холбогдоорой. e-mail: info@mongolia-expeditions.com
Групп үүсгээд авиралт зохион байгуулж болно.

Anonymous said...

Hello to eveгy single one, it's in fact a nice for me to pay a visit this web site, it contains important Information.

Here is my site - payday loans

Post a Comment