January 3, 2016

Мөнх Сарьдаг - Бүрэнхаан оргилд /3,491 м/ авирсан тэмдэглэл

Бид гурав
Аугаа их Ялалтын 70 жилийн ойд зориулсан Мөнх Сарьдаг уулын авиралтанд оролцохоор миний бие найз Өсөхөө, Кадр нарын хамт 5-р сарын 1 буюу Майн баярын өглөө ОХУ-ын Улаан-Үд хотыг зорилоо.
Мөнх Сарьдаг — Соёны ноён оргил (3,491 м). Их Соёны нуруунд Орос, Монгол хоёр улсын хилд байрладаг. Буриад болон Хөвсгөл нутгийн хамгийн өндөр цэг гэдэг.  Драгон автовокзалаас өглөө автобус 7 цагт хөдөлж явсаар 12 цагийн үед Алтанбулаг боомтод ирлээ. Алтанбулаг боомтод өдрийн хоол идээд шууд хилийн боомтоор гарч Хиагт хот орлоо. Улаан-Үд рүү автозамаар болон вагоноор очих хоёр зам бий. Автозамаар явахдаа автобусаар нь явах нь түргэн шуурхай, хямд юм билээ. Үнэ нь УБ-Улаан-Үд 65000 төг. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж хил дээр удаан хугацаагаар саатах, хонон өнжин хүлээх явдал нэмэгдсэн гэж нутгийнхан ярьж байв.


Алтанбулагийн хилийн боомт
ОХУ-ын тал харин нэвтрэх терминалынхаа тоог нэмж байгаа юм байна. Манай тал харин энэ тал дээр хийсэн юм алга байлаа. ОХУ-ын хил гармагц манай автобус шатахуунаа цэнэглэлээ. ОХУ-аас шатахуун авах нь хямд байдаг гэнэ. Монголоос шатахуун авдаггүй гэж жолооч хэлэв. Шатахуунаасаа бас мөнгө хэмнэж байж энэ хооронд хямд зардлаар явдаг юм байна. Хиагтаас цааш хөдөлж Галуут нуураар дайрч Улаан-Үд хотыг зүглэв. Улаан-Үд гэж ОХУ-ын Буриад улсын нийслэл хот, 400 гаруй мянган хүн амтай. Үд голын нэрээр нэрлэгдсэн энэ хотыг Дээд Үд, Верхнеудинск гэж дээхнэ үеийн газрын зурагт болон 1921 оны оны ардын хувьсгалын үеийн түүхэн баримтад тэмдэглэгдсэн байдаг. Улаан үд хотын хүн амын 73.1% - орос, 21.4% - буриад эзэлнэ. Анх 1666 онд цэргийн зориулалтаар анх барьж байгуулсан жижиг сууринг 1775 оноос хот гэх болж хотын статустай болсон байна. 1934 оноос Улаан-Үд хэмээн нэрлэгдэх болжээ.
Төв талбай дээр
Энэ хот д.т.дээш 500м өргөгдсөн, ерөнхийдөө нам дор газарт оршино. Хүүхэд байхдаа энэ хотод ирж Буриадын улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд оролцож 400м-ийн зайнд алтан медаль авч байснаас хойш энэ хотод ирээгүй юм. Тэр үеэс нэг их өөрчлөгдсөн зүйл бараг байхгүй байлаа. Ер нь бол сэтгэлд нэг л дотно санагдсан сайхан хот юмаа. Хүмүүс нь ч гэсэн тогтуун тайван, яарсан шинжгүй амгалан. социализм задарч байх үеийн Монголыг санагдуулам. Хотоор нь дүүрэн палаж өмссөн хүүхнүүд...манай хүүхнүүд ер нь энэ хувцсыг мартсан байхаа...гэнэт шинэ жил, мартаар л өмсдөг байх.
Цагаан Эрхүү голын хөндий
Аяллын өмнө
Бид 17 цагийн үед Улаан-Үд хотод ирлээ. Найзууд тосч аваад бид шууд хамт авирах багийнхан дээрээ ирлээ. Багийнхан маань авиралтын ачаа бараагаа шалгаж байна. Орос нөхдийн бэлдсэн хоол хүнс, тоног төхөөрөмжүүдийг бид цугтаа шалгалаа, өглөө хөдлөх цагаа тохирлоо. Аяллын төлбөр мөнгөө төлөөд, хоноглох байр олохоор гарлаа. Арбатын гудамжны ойр байрлах дэн буудалд буухаар боллоо. Нэг ор нь 500 рубль гэнэ. Ачаа бараагаа байрлуулж шөнийн Үд хотоор зугаалж грушик пиво уухаар гарлаа...Арбатын гудамж нь энэ хотын бас нэг үзэх гол газруудын нэг юм. Энэ гудамжинд дэлхийн брэндийн дэлгүүрүүд, орчин үеийн чиг хандлагатай уран барималуудыг байрлуулжээ. Улаан-Үд хотын гол газруудын нэг нь төв талбай. В.И.Лениний толгойн барималтай. Энэ хөшөө ч Улаан-Үд хотын билэгдэл бололтой. Энэ бол Ленинд зориулж хийсэн хөшөө дурсгалуудаас хамгийн том жинтэй нь.  Уг хөшөө нь 4 метрийн диаметр, 42 тонн жинтэй энэ аварга том хэмжээтэй. Дэлхий дээр байгаа Лениний хамгийн том толгой болж Геннисийн номд оржээ.
Өглөө 5 цагт босоод, босоод ч гэж дээ шууд барнаасаа гараад хөдлөх газар ирлээ. Орос нөхөд ирчихсэн ачаагаа машиндаа ачаалж байна. Манай багийнхан ч хүүхэд голдуу хорь гаран хүнтэй баг байнаа. Эндээс өнөөдөр Монд хүртэл 600 км явна. Ойролцоогоор 10 цаг явна гэнэ дээ. Бенз спринтер автобусанд сууж авлаа, суудал хоорондын зай бага тул нилээд чанга аялал болох нь тодорхой. Дээр нь урьд шөнийн уусан пивоноос болоод бага зэрэг толгой өвдөж байнаа. Яваад л байлаа...яваад л байлаа. Байгаль нуурын эргээр л яваад байна. Хааяа нэг нуурын мандал харагдаад л яваад байв. Тэгж байгаад нэг зогсоно... Харин зам зуурын амрах цэгийг оросууд цогцоор нь шийдээд байгуулчихаж. Жорлон, дэлгүүр, бэлэг дурсгал, гуанз гээд бүгдийг нэг дор нь шийджээ. Монгол хийж чадахгүй байгаа зүйл. Уг нь ч амархан байгуулж болчихмоор... сэтгэл гаргаж хийхгүй байгаа юм байлгүй...ийм байгууламжийг замын дагуу байгуулна гээд л яриад байгаа. Зам дагуу утсан загас, хусны шүүс их зардаг юм байна.

Борщ
Гуанзанд нь орж өдрийн хоолоо идлээ. Итгэлт баяны хэлдэгээр орос хоол ч цаанаа л нэг нүнжиг муутай дамшиг юмаа. Орос нөхөд ч 100 татууллаа. Нүд нээгдээд орчны үзэмжийг таашаалаа даа. 100 км яваад нэг зогсоно. Оросууд шилтэй юмаа бариад бид дагаад бууна. Оросууд ч сайхан уух юм, даруулга ч ихтэй. Орос маягаар уух нь сайхан байлаа. Байгал нуураас салж Иркут буюу Эрхүү голын хөндийг өгсөөд явлаа. Эрхүү гол нь Ангар мөрний нэг цутгал бөгөөд Зүүн Соёны нурууны ар бэлээс эх аван урсах гол. Голын хөндий нь 200 гаруй км урт үргэлжлэх Байгалийн үзэмж сайтай. шинэс, нарс, хус мод зонхилон ургасан өргөн хөндий юм. Эрхүү голын нэрээр Эрхүү хотыг нэрлэсэн юм гэнэ. Хаврын уур амьсгал ороод чииг үнэртсэн сайхан өдөр байлаа. Бид Тункинский район гэдэг самбартай жижиг сууринд зогсож өөрсдөө хэрэглэх шатахуунаа цэнэглэлээ. Тункинский буюу Түнхэний байгалийн цогцолборт газар руу орж байгаа нь энэ. Түнхэний хөндий эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө -50 С хүртэл хүйтэн болдог. Зуны эхэнд маш халуун, агаарын температур + 40С хүрч, дараа нь бороо ордог. Энд ган болдоггүй. Нартай өдрийн тоо нь Крымийн өмнө эргийн нартай өдрийн тооноос илүү. Байгал нуурын өмнө захад байсан Култук сууриныг орос-монгол хил дээрхи Монды сууринтай, Ахын аймгийн суурингуудтай холбосон автозам хөндийг дайран гардаг. Түнхэний аймгийн захиргааны төв – Кырен сууринаас Улаан-Үд хот хүртэл – 490 км, Эрхүү хот хүртэл – 215 км.

Тамхи Баряаша
Түнхэний хөндийд түүх соёл байгалийн дурсгалт газар бий. Ийм учраас энд олон жуулчид ирж амардаг. Тус хөндий жуулчлалын Ахын аймагт тулж жуулчдын харьцангуй биеэ даасан төв болжээ. Түнхэний хөндийд хэдэн арван халуун, хүйтэн рашаан байдаг учир энд рашаан сувилалын аялал жуулчлал хөгжиж байгаа юм байна. Энэ зам нь Хөвсгөл, Байгал нуурыг холбосон аялал жуулчлалын гол зам болж байна. Энэ нь хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэх гол чиглэл бөгөөд хоёр талын идэвхи оролцоо зайлшгүй шаардлагатай юм. Түнхэний хөндийн бас нэг сонирхолтой түүх нь Хаант оросын үед энэ хөндий рүү Сибирт цөллөгдсийг илгээдэг байжээ. Энд Польш улсыг үндэслэн байгуулсан Ю́зеф Кле́менс Гиня́тович Косьче́ша Пилсу́дски, декабрист В.С. Толстой, Ю.К. Люблинский нарын алдартнууд энд цөллөгт байжээ.

Орос Архи
Монголоос явахад найзууд 300 рублээс дээш үнэтэйг нь аваарай гэсэн тул захиасыг нь биелүүлж хэдэн шилийг аваад усны саванд хийж бэлтгэлээ.
Дахиад яваад л байлаа. Тэгж байгаад нэг нь хусан төгөлийн ойролцоо зогслоо. Хэдэн хүүхэд төгөлийн орчныг цэвэрлэж байв. Бид ч сурсан зангаараа шилтэй цэнхэрийг дагаад орос нөхдийн хамт хусан төгөл рүү явлаа. Төгөл дотор жижигхэн амрах цэг байна. Орох хаалган дээр нь Тамхи Баряаша гэж бичсэн байна. Хашаан дотор том модон гаансыг сүүдрэвчин дотор урлан хийжээ. Миний бие анх удаа л тамхинд зориулсан дурсгалын газар харж байгаа нь энэ. Хүмүүс сүү өргөөд л, зарим тамхинаасаа гаансны дор тавьж байна. Домогт өгүүлснээр: Монголын эрхшээлээс нутгийнханаа чөлөөлсөн ардын баатар Шаргай ноёнд зориулж байгуулсан газар гэнэ.

Эндээс цааш хөдөлж явсаар 17 цагийн үед Мондын хилийн шалган нэвтрүүлэх пост дээр ирлээ. Энд бичиг баримтаа шалгуулж цааш явсаар Монды суурингаас цааш 10 орчим км яваад Цагаан Эрхүү, Эрхүү голын гүүрэнд ирлээ. Энд олон хүн, машин цуглажээ. Аяллын удирдагч энд бууж ачаа бараагаа цэгцэл гэсэн тушаалаар бууж хувцас хунараа сольж үүргэвчиндээ майхан сав, хоол хүнсээ баглаж Цагаан Эрхүү голын хөндийг өгсч 3 км яваад голын эрэгт модон дотор буудаллаа. Аяллын удирдагч хоол хийх невалуудыг томиллоо. Бидний хоол хийх ээлж маргааш юм гэнэ. Орост уулын спорт буюу горны туризм гэгч нилээн хүчтэй хөгжиж байгаа нь энд цугласан олноос харагдаж байлаа. Энд тэнгүй уулчдын майхан баригджээ. Хүн ч олон юм. Жилдээ 5000-6000 уулчид зөвхөн 5-р сарын 1-нээс 9-ний хооронд ирж Мөнх Сарьдаг ууланд авирдаг гэнэ. Майн баяр, Ялалтын баярт зориулсан авиралтыг хийдэг юм байна.

Машинаас буугаад аялал эхлэхийн өмнө
Өглөө эртлэн босч майхан саваа хураагаад өглөөний цайгаа уугаад Цагаан Эрхүү, Мугувек голын бэлчир рүү хөдөлллөө. Цагаан Эрхүү голын байгалийн үзэмж үнэхээр тасарчихжээ. Голын мөс хайлаагүй тул өндөр хавцалын дундуур голын мөсөн дээгүүр 10 орчим км явж буудаллах газраа ирлээ. Ачаа ч бас ланжгар... шерпа байхгүй болохоор хүнд ачаатай алхлаа. Уг нь дөрвөн дугуйтай мотоцикл нэг цүнийхг 200 рублиэр зөөдөг юм байна лээ. Сүүлдэж мэдсэн болохоор ачаагаа өөрсдөө үүрч ирсэн нь энэ. Майхан саваа барьж амралтын горимд шилжив. Дороос үүрч ирсэн хоол хүнсээ хүлээлгэж өгөөд, оросуудын молокогоор өөрсдөө баавар цай чанаж уув. Үдээс хойш ойр орчимд буудласан уулчдын лагераар явлаа. Зарим майхнууд эзгүй, бодвол авирахаар явсан бололтой. Голын эрэгт Оросын уулын холбооны майхан байна. Эндээс хүмүүс оргилд гарсан зургаа үзүүлж ууланд авирсан батламжаа авдаг юм байна. Гол дээр шорлог хийдэг газар, жижиг дэлгүүр, саун гээд бүх л хэрэгтэй зүйлс байна. Ууланд авирах гээд ой модон дотор хоноод яваад байгаа нь сонирхолтой байлаа. Үдээс хойш Мугувек голын хөндийг өгсч бага зэрэг алхав. Энд 100 орчим метр өндөр 30-40 градусын налуутай масөн дээр уулчид мөсөнд авирч, зарим газар нь сургагч багш нар нь ледрубэн тоормоз хэрхэн хийх талар сургалт явуулж байв. Оройн бидний хоол хийх ээлж болж усанд яваад, ирж ногоо арилгаж өглөө... өөр ч нэг их хийгээд байх зүйл байсангүй. Өглөө 6 цагт авиралт эхэлнэ гэсэн тушаал аваад унтахаар хэвтэв. Нэг буриад хүүхэн энэ оройн хоолны ахлахаар ажиллаж биднийг консерв онгойлгох, талх зүсүүлэх ажил хийлгэлээ. Монголд бол бид чинь ийм ажил ер нь хийж байгаагүй шүү. 8-ын хувинд хоолоо хийдэг юм байна. Манай багийн хоол гурван наймын хувин болж байна.
Авиралт эхлэх өглөө
Өглөө 5 цагт босоод авиралтын тоног хэрэгслээ бэлтгээд орос нөхдийг хүлээлээ... тайван юмаа хөдөлж өгдөггүй. 7 цаг боллоо арай гэж хөдөллөө. Маш олон хүнтэй байсан тул цувааны эхэнд гарахаар түргэн түргэн алхлаа. Өсөх бид нилээд хурдтай алхаж байгаад эргээд хартал Кадр алга. Кадрыг хүлээж байтал төд удалгүй хүрч ирэв. Ингээд шууд цааж хурдавчилсан алхаагаар алхаж явсаар цувааны толгойд гарав... Мөнх Сарьдаг оргилийн ар бэлд орших нууранд гарч ирлээ. Салхины хүч их болж цас орж эхэллээ. Шуурганаас болоод оргил бараг л харагдахгүй байв. Нуурын урд эрэгт хэдэн майхан байна. Аврах багийн майхан гэнэ. Ер нь энэ кэмп бол оргилд авирах сүүлийн өндрийн кэмп юм билээ. Манай оросын багийнханаас нэг л буриад залуу биднийг дагаж хамт ирсэн бусад нь ирээгүй л байлаа. Тэднийг удтал хүлээгээд ирээгүй тул бид дөрөв шууд авиралтаа эхлүүллээ.

Мөсөн хана дээрхи сургалт
Эхний хадан дээр гарахын өмнөхөн муурын хумсаа бэхэлж аваад эхний хадан дээр гарч ирэхэд салхины хүч улам ширүүсч хийсгэх шахаж байлаа. Хэсэг амраад шууд оргил өөд зүтгэлээ. өөд зүтгэж явахад өндрөөс унах чулуу ирж цохичих гээд түгшүүр төрүүлж байв. Дороос хөдлөхдөө авч гарсан каскаа өмслөө. Уулын ар тал нь нилээд огцом 45-55 градусын налуутай, гялгар мөстэй юм байна. Уулын араар тогтсон хадыг баримжаалж, мөстэй хэсгийг нь захлан авирлаа. Оргилд хүрэхээс 300 орчим метрийн өмнөөс бид түгжрэлд орж эхэллээ. Олон хүн авирч байгаа тул түлхэж унагаачих гээд хэцүү байв. Бид авирахдаа  олс хэрэглээгүй, Нөхцөл байдлаас хамаараад олсгүй авирч болох юм гэхдээ унасан үед өөрийгөө зогсоох ледрубэн тоормоз гээч зүйлийг зайлшгүй сурсан байх хэрэгтэй шүү. Гэхдээ энэ зөвхөн туршлагатай уулчдад хамаатай байх. Анх удаа явж байгаа бол олсонд ороод явах хэрэгтэй. Зогсолтгүй урагшилсаар оргилд гарч ирэв. Оргил дээрээс Хөвсгөл нуурын маань хойд эрэг холгүй харагдана. Сониноос энэ оргилд анх 1858 онд германы мөсөн гол судлаач, Оросын газарзүйн нийгэмлэгийн гишүүн Г. Раде гэгч эр Монголын талаас авирч гарсан гэж дэлхийн уулын түүхэнд тэмдэглэгджээ. Мөн Монголын талаас хэдэн хүн өгсч явна. Монголын уулчид юм болов уу гэж бодоод хэсэг хүлээтэл эхний уулчид гарч ирэв. Оросын уулчид Монголын талаас гарч ирж байгаа юм байна. Оргил дээр хадаг яндар болсон нэг овоотой юм байна. Оргил нь жижиг, талбай багатай, олон хүнтэй байсан учир зургаа татуулаад, гэрийнхэн рүүгээ мессеж явуулаад шууд буулаа. Бууж явтал араас хүмүүс хашгирах чимээ гарав, эргээд хартал дээрээс хүн унаж байнаа...унаж яваа хүнийг олны дундаас нэг хүн тосож зогсоох гэсэн боловч амжсангүй, нөгөө нөхөр гулсч явсаар хэсэг хаданд цохигдож ойгоод хэд хэд өнхөрч дахиад л хаданд цохигдон ойж байтал ашгүй нэг залуу тогтоож авлаа.

Эхний хадан дээр
Унасан хүн хэсэг хөдөлгөөнгүй байж байгаад гараа хөдөлгөх харагдав. Санаа амрав...ямартаа ч амьд байв. Гэхдээ бараг 200 гаруй метр унасан. Бидний өөдөөс аврагчид гүйж явав. Бид ч шууд доошилж кэмпийн зүг явлаа. Кэмп дээр ирээд орой нь сонсоход энэ өдөр оргилд 400 орчим хүн авирсан, тэднээс 4 хүн унасан гэсэн мэдээ сонсов, 2 хүн Монголын тал руу, 2 хүн оросын тал руу унажээ. Гэхдээ бүгд амьд...бурханы аврал. Кэмп дээр буцаж ирэхэд манай багийнхан бүгд ирсэн байв. Тэд бидэнд оргилд гарсанд баяр хүргээд 100 грамм хамтдаа хүртлээ. Оросын уулын холбооны майхан дээр очиж зургаа үзүүлээд батламжаа авлаа.

Авиралтын зам
Энэ өдөр бид хоёр талдаа 20 км явж нийтдээ 8 цагийг зарцуулсан байв. Оройн зэргэлдээ кэмпэд буудалласан Доржийн Баяр гэгч буриад баавайтай танилцаж хөөрөлдөв. Мань эр Монголын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг орост айлчлаад Байгаль нуур, Түнхэний хөндийгөөр оросуудыг дагаад ямаа царайлаад явж байхад нь мах шөл өгч нүдэнд орохоор юм болгосон ачтай хүн юм байна. Оросууд манай ерөнхийлөгчид дандаа ногоо өгөөд хэцүүхэн байдалд байлгасан гэнэ. Түнхэнд ирэхэд нь нутгийхан чанасан махаар дайлсан гэнэ. Тэрүүгээрээ ч их бахархан ярьж байлаа. Улаанбаатарт очоод ерөнхийлөгчийнд очдог эр гэнэ. Бид нарын жижиг гарыг гайхсан хүн байлаа. Сайхан яриатай хөгшин байв. Тэрээр мөн Монголын эрдэмтэд Соёны нуруунд Эргүүнэ Хунг хайж байгаа бараг олсон гэнэ. Хаана байдаг юм очиж үзье гэтэл нууц гээд халдаасангүй.
Оргил дээр
Маргааш нь шууд кэмпээ хураагаад голын хавцлаа уруудаж явсаар машин дээрээ ирлээ. Машиндаа суугаад Улаан-Үд хот руу хөдлөв. Шөнө 12 цаг болж байхад бид Улаан-Үд хотод ирлээ. Буудал олж аваад амарлаа. Дараа өглөө нь эртлэн босч өглөөний цайгаа уугаад Улаан-Үд хоттой танилцлаа. Мэдээж Орост ирсэн хүмүүс чинь орос баня орох хүсэлтэй байв. Буудлаасаа таксинд сууж явсаар нэгэн жижиг хотхонд ирлээ. Орос банягийн сайхныг нэг мэдэрлээ дээ. Ууранд суусны дараа бид хотын төв талбай Ялалтын баярт зориулсан цэргийн парадын бэлтгэлийг үзэж сонирхоод буудалдаа ирж амрав. 
Дараа өглөө нь автобусандаа сууж аваад нутгийн зүг хөдөллөө. Улаан-Үд баяртай.

Аяллын зурагнаас:
Амрах зуур

Хоолны ээлж

Ялалтын туг

ЯЛалтын туг

Мугувек голын хавцал

Мөсөн голын сургалт

Энхбаатар / КАДР/

Өндрийн кэмп - эндээс шууд авиралт эхэлнэ

Нууран дээр

Оргил дээр

Оргил дээр

Буцах замд

Манай багийнхан

Цагаан Эрхүү гол

Цагаан Эрхүү голын хавцал

Ууранд суусан нь

Ууранд суусан нь

Ууранд суусан нь

Ууранд суусан нь

Ууранд суусан нь

Ууранд суусан нь

Төв талбай дээр

Төв талбай дээр

Төв талбай дээр

Ялалтын парад

Ялалтын парад

Оргил хүрэх замд

Оргил хүрэх замд

Аяллын видео тэмдэглэл:


Орос хоол - төмсний нухаш

боорцог

Гуляш

Өглөөний цай

Өглөөний цай

0 сэтгэгдэл:

Post a Comment