April 3, 2026

Шарын шашины алдарт Сера хийдээр зочилсон нь.

Төвөдийн Лхас хотоор аялж явахдаа гэлүгпагийн урсгал буюу шарын шашны гүн ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сера хийдээр орох завшаан тохиолдсон юм. Энэ хийдийн тухай товчхон мэдээлэл хүргэе!

Сера хийд - Лхас хотын хойд хэсэгт орших Сера хийд нь 1419 онд байгуулагдсан, Төвөдийн буддизмын Гэлүг урсгалын хамгийн чухал сургалтын төвүүдийн нэг бөгөөд Дрэпунг хийд (монголчуудын нэрлэдгээр “Бэрээвэн” хийд), Гандэн хийдийн хамт “Лхасын гурван их хийд”-ийн тоонд багтдаг. Оргил үедээ хэдэн мянган лам суралцаж байсан энэ хийд өнөөдөр ч идэвхтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, буддын гүн ухаан, шашны боловсролын төв хэвээр байна. Энд суралцаж буй лам нар “чойрын” буюу буддын философийн гүн ухааныг шат дараатай судалж, логик, мэтгэлцээний аргаар мэдлэгээ бататгадаг нь онцлог юм. Жуулчдын хамгийн их сонирхдог зүйл бол өдөр бүр болдог лам нарын “дагсал” буюу ном хаялцах мэтгэлцээн бөгөөд асуулт тавихдаа алгаа таших, хурц логикоор хариулт шаардах зэрэг нь маш өвөрмөц, амьд уламжлалын илэрхийлэл болдог. Энэ нь зүгээр нэг үзүүлбэр бус, олон зууны туршид хадгалагдсан сургалтын арга барил юм. “Сера” хэмээх нэрийг зарим хүмүүс “мөндөр” гэж андуурдаг боловч үнэндээ төвөд хэлэнд “зэрлэг сарнай” гэсэн утгатай бөгөөд хийдийн орчмын уулс сарнайн буттай байсан нь энэ нэрийн эх үүсвэр юм билээ. Аяллын дараа нетээс мэдээлэл олж уншсан.  Иймээс Сера хийд нь зөвхөн түүх, шашны төв төдийгүй амьд уламжлал, гүн ухааны сургалтын өвөрмөц орчин гэдгээрээ Лхаст очсон хэн бүхний заавал үзэх газар юм.