January 31, 2011

МОНГОЛ ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХААНА НЬ ЯВНА ВЭ?

Т.БАТЖАРГАЛ
 “АР МОНГОЛ ТРЭВЛ” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
80-аад оны сүүлчээр Орост сурч байсан монголчууд хамт сурдаг вьетнам оюутнуудаа “төлөг” гэж хочилно. Шатны уруу түмпэн шидээд гарсан авиа нь төлөг хэл хэмээн элэглэнэ. Тэд амралтаараа эх орон руугаа буцах дөхөнгүүт Оросын төмөр түмпэн, халбага, сэрээ, бензиний канистр гээд төмрөөр хийсэн юу л байна, хамж аваад оюутны байрныхаа өрөөг дүүргэнэ. Тэгээд явах өдрөө нөгөө их юмаа вокзал руу чирч аваачиж, купегээ дүүргэж аваад түмпэн, сав, халбага, сэрээгээ хангир жингэр хийлгэн Вьетнам руугаа гарч өгдөг байлаа. Монголчууд бид өөрсдийгөө “Тэнгэрлэг заяатай, Чингисийн Монгол” хэмээн омогшиж, вьетнамчуудыг тийнхүү “төлөг” хэмээн дооглож явтал Вьетнам өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын топ чиглэлүүдийн нэг буюу моод болчихов. Тэд эх орноо барууны жуулчдын заавал очиж үзэх газруудын нэг болтол хөгжүүлчихэж. Социалист системээс хамгийн сүүлд шахуу зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн Вьетнам улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гаргасан судалгаагаар 2000 онд 2.1 сая, 2008 онд 4.2 сая жуулчин, гийчид хүлээж авчээ. Найман жилийн дотор жуулчдын тоог хоёр дахин буюу, 2.0 сая жуулчнаар нэмэгдүүлсэн гэсэн үг.  Монголд 2000 онд 158.000, 2009 онд 464.850 гадаадын хүмүүс зочилж, есөн жилд гурав дахин өсөлт бий болсон ч өссөн тоо нь нэг сая ч биш, хагас сая ч биш, ердөө 306 мянга. Жуулчдын тал хувь нь буюу 232.000 нь Хятадаас,109.000 нь ОХУ-аас, үлдсэн 123.000 орчим нь бусад орнуудаас иржээ. Хятадаас ирсэн 232.000 “жуулчин” нь үндсэндээ урт богино хугацаагаар Монголд ирж, барилга барьсан ажилчид. Тэд худалдаа хийж, аялж, Монголын эдийн засагт орлого оруулдаггүй.

January 20, 2011

Хяргас нуурын Хэцүү Хад.

Хэцүү Хад - Хяргас нуур
Их нууруудын хотгорт орших Хяргас нуурын зүүн өмнөд эргийн дагуу Хэцүү хад гэж 20 орчим метр өндөртэй хадан цохио элбэг байдгийн зарим нь усан дотроос жижиг арал мэт цухуйж харагдах нь сүртэй. Нуур давалгаалах үед хадан цохионуудад өндөр давалгаа үүсэх нэн сүртэй. Нууран дунд орших хадан цохионууд дээр шувууд үүрээ зассан байдаг нь шувуудын амьдралыг ажиглах таатай боломжийг бүрдүүлдэг. Хэцүү хад нь шохой цагаан өнгөтэй харагдана.  Энэ нь нуурын шорвог усны давалгаанд цохигдож ийм өнгөтэй болсон нь тодорхой. Хэцүү хадны тухай Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээсэн гэнэ. Хэцүү хад орчимд Алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загасаар элбэг. Хэцүү хад руу хүрэх сүүлийн 15 орчим км замд сул элс, дэржигнүүр ихтэй тул туулах чадвар сайтай машин унаагаар явах хэрэгтэй. Эл байгалийн үзэсгэлэнт газарт Сайхан Халиун ХХК-ний Хэцүү Хад нэртэй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Тус жуулчны бааз нь гадаад дотоодын аялагч, жуулчдын тав тухтай байдлыг хангасан тохилог бааз бөгөөд 30 ортой монгол үндэсний 10 гэр, дотоодын 20-25 жуулчдыг хүлээн авч амруулах зориулалтай 5 байшинтай. Нэг ээлжиндээ 30-50 хүн хүлээн авч хооллох ресторан, 4 хүнд үйлчлэх душ, угаалтуур болон ариун цэврийн өрөөнүүдтэй. Мөн өөрийн дизель станц, нарны хураагууртай тул 24 цагийн турш цахилгаанаар хангагддаг. Холбоо барих утас нь: 976-11-310158, 99117524, 99835237, 99196966

January 19, 2011

Морин хуур

Бэлтгэсэн: Д. Төмөр
Төв Азийн цээжинд амьдарч буй нүүдэлчин монголчууд олон зууны тэртээгээс хойч үедээ өвлүүлэн өнөөд хүргэсэн хөгжмийн зэмсэг бол морин хуур. Морин хуургүйгээр монгол хүнийг, нүүдэлчдийн ахуй соёлыг төсөөлөх аргагүй. Тийм ч учраас ЮНЕСКО-гийн соёлын үнэт өвөөр бүртгэн авсан. Монголын нэрт найрагч Мишигийн Цэдэндорж: 
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгvй нэгэн овог

Азийн цээжинд нутагтай  хэмээн шүлэглэж байв. Монгол хүн бүхэн морин хуураа дээдлэх тухай МУ-ын ерөнхийлөгчийн зарлиг хүртэл гарч Монголчуудын үндэсний үзэл сэргэж айл өрхүүд морин хуураа гэрийн хоймортоо залах болсон ч энэ нь нэг тийм хэлбэр төдий зүйл болсон юм шиг. Орчин үед морин хуурыг найз нөхөд, хамаатан садан, хүндэт зочиддоо бэлэглэх явдал түгээмэл болсон. Гэхдээ Монголчуудын дотор морин хуураа тоглодог хүн цөөхөн байна.  Хэдийгээр үндэсний үзэл сэргэж Монгол хүнийг морин хуургүйгээр төсөөлөх аргагүй энэ тэр гэж ярьдаг ч морин хуураа тоглож чаддаггүй монголчууд бидний олонхи болж байна. Хэрвээ морин хуураа тоглож чадахгүй бол  энэ зүгээр л нэг үзмэр, хэлбэр төдий зүйл болж байгаа юм. Тийм учраас энэ тал дээр бодох зүйлс, бодлого боловсруулах хэрэгтэй гэж бодогддог шүү.  Бодлогын чанартай ажлууд хийхгүй бол монголчууд бид морин хуурын уянгалаг аялгууг театрын тайзнаас сонсч, бидний өвөг дээдэс нэг ийм хөгжим урлаж бий болгосон юм билээ гэж ярих цаг ойрхон.

Морин хуур хэрхэн үүссэн тухай олон домог байдаг. "Хайртай морио үхэхэд маш ихээр харамссан Хөхөө Намжил мориныхоо дэл сүүлнээс авч хөгжим урласан нь морин хуурын эхлэл байсан" хэмээн ам дамжин ярьсаар өнөө хүрчээ. Эртний түүх сударт Хүннүгийн үеийн "хун хуур" гэж бичсэн байдаг. Улмаар шанаган хуур, матар хуур, арслан хуур, луу хуур, морин хуур гэх мэтчилэн хувирч өөрчлөгдсөөр өнөөдрийг хүрчээ. Эхлээд морин хуурыг айргийн хутгууртай төстэйгээр сийлэн хийдэг байжээ. Морин хуурын чавхдасыг зөвхөн адууны дэл, сүүлний сор болсон урт хялгасаар татаж хийдэг бөгөөд үүнд л уг хөгжмийн зэмсгийн дууны өвөрмөц өнгө аяс оршдог. ХIX-ХХ зууны үед Богдын Шар хуурч гэж алдаршсан төрийн их хуурч Дамдин-Очир болон Д.Түдэв, С.Түвдэн, Б.Алтангэрэл нарын хуурч байсан бол XX зууны хамгийн алдартай хуурч нь Гомбодоржийн Жамъян гуай юм. Түүнчлэн өдгөө манайд Морин хуурын чуулга болон Үндэсний хөгжмийн найрал үйл ажиллагаагаа явуулж, олон улсад үндэсний урлагаа сурталчилж байгаа.

January 10, 2011

Хорхог, боодог хийх.

Тарваганы боодог
Монголчууд бид салхинд гарах, аяллаар явах, баяр ёслолын өдрүүдээр хамаатан садан, хамт олон, найз нөхдөөрөө нийлж байгалийн сайханд хорхог, боодог хийж идэж, алжаал ядаргаагаа тайлдаг. Хорхог, боодог хийх ерөнхий үйл явц адил, галд улайсгасан чулууг ашиглаж мал амьтны арсанд нь хийж махыг битүү жигнэж болгосныг боодог, тогоо, бидон саванд хийж махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Хорхог, боодог нь яах аргагүй нүүдэлч монголчуудын бий болгосон амтат хоол юм. Хорхог, боодог хийхийн тулд мал амьтны махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж түүхийрүүлэхгүйгээр нимгэлж бэлтгэнэ. Хорхог боодогонд хэрэглэх чулуугаа түүн бэлтгэж аргалтай хольж үелж өрөөд галлаж чулуугаа улайсгана. Хорхог боодогны чулуу галд улайсгах үед үйрэхгүй, хурц ирмэггүй чулуу байна. Урсгал усанд байж мөлийж бөхөжсөн чулууг ашиглахад илүү тохиромжтой. Хэрчиж жижиглэсэн махыг мал амьтныхаа туламласан арьс, том төмөр торхонд хийж ялигүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг сайтар таглана. Мөн давс, сонгино, саримас зэргийг тохирох хэмжээгээр хийж амтална.
Гүзээний хорхог


Энэ үед сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж шалз түлж болзошгүй тул онцгой анхаарах хэрэгтэй. Савны тагийг завсраар нь ялигүй уур гарч байхаар хийхгүй бол хий дүүрч буудах, хагарах аюултай. Махыг жигд болгохын тулд савтай хорхогийг сэгсрэх, өнхрүүлэх, боодгийг гадна талаас нь тал бүрээс нь шарж өгөх хэрэгтэй. Үүний дараа цог дээр тавьж халуун нурмаар манаж нэг хэсэг хугацаанд байлгаад тагийг онгойлгож махыг гаргана. Хорхог, боодогны халуун чулууг гартаа атгах үнэрийг авах нь хий хуй, ядаргаанд тустай гэдэг. Хорхогийг ямарч малын махаар ямар ч нөхцөлд жижиг бетон савд хээрийн нөхцөлд малын гүзээ сархинагт нь ч хийж хэрэглэх бололцоотой. Гүзээ сархинагт хийх хорхогийн чулууг гадна талын гүзээнд хүргэж цоолохгүйгээр тал талаас нь шахаж эргүүлж тойруулах зэргээр болгоно. Бид энэ удаа гүзээнд хэрхэн хорхог хийсэн талаараа доорхи бичлэгт үзүүлнэ.

January 4, 2011

Индиана Жонс Монголд аялсан түүх буюу “Эртний хүний мөрөөр” ном монгол хэлнээ орчуулагдан гарлаа.

Орчуулагч Д. Гэрэлтөв
"Эртний хүний мөрөөр"
Хорьдугаар зууны кино хуудаснаа нэрээ мөнхөлсөн Индиана Жонс хэмээх дүрийг дэлхий нийтээр мэдэх болохоос түүнийг бодит хүнийн амьдралаас, тэр тусмаа Монголд шинжилгээ судлагааны өргөн аялал хийж нэрээ мөнхөлсөн домогт судлаачийн амьдралаас санаа авч бүтээсэн байж мэдэхийг уншигч авхай нар хэр мэдэх вэ? Холивүүдын эл кинонуудаас аймшиггүй чин зориг гарган, амь өрссөн адал явдал тээн харь нутгаар хэрэн хэсэхдээ өөрийн эр зориг, аз, самбайн ачаар аюул, гамшигаас амь мултарч, баатарлаг гавъяа байгуулж буй тухай уран сайхны дүрийг бид мэдэх билээ. Угтаа энэ дүрийг XIX-ээр зууны сүүлчээс XX-аар зууны дунд үе хүртэл амьдарсан, Америкийн агуу судлан нээгч, эрдэмтэн доктор, Америкийн Байгалийн түүхийн музейн захирал агсан Рой Чапмэн Эндрюс хэмээх эрхэмийн амьдралаас сэдэвлэсэн хэмээн үздэг ажгуу. Тэрбээр хар багаасаа амьтан шохоорхон цуглуулж, улмаар Нью Йорк дахь Америкийн алдарт байгалийн түүхийн музейд цэвэрлэгчээр ажиллаж байхдаа амьтан судлалаар магистрийн зэрэг хамгаалж, төд удалгүй амьдралынх нь нэрийн хуудас болсон дэлхийн алс бөглүүд нутгаар бэдэн хэрэх аялалаа эхэлсэн юм. Эндрюс өмнөд Азийн шугуйд анхны аяллаа хийж, Японд халимны иж бүрэн судалгаа явуулж, Солонгосын ариун догшин уул хадаар хэрэн тэнэж, улмаар ороо бусгаа үеийн Хятадын нутгаар аялсан байдаг.  Цаг хугацааны хувьд 1910-аад оны сүүлч үед хамаарах чухам энэ үесдээ хүний гарал үүслийг хайх зорилгод сэтгэл шулуудаж, үүнийг хайх хамгийн тохиромжтой газрыг Монголын говь цөл хэмээн сонгожээ. Ийнхүү орчин цагийн шинжлэх ухааны түүхэнд "Төв Азийн шинжилгээний анги” хэмээн нэрийдсэн энэ бүрэн цогц ажлаа тэрбээр өөрөө гардан удирдаж, Монгол улсад 1922, 1923 ба 1925 онууд иж бүрэн судлагаа хийжээ. Хувьсгал дөнгөж мандан, богд хаант ардын засаг байгуулагдаад байснаас 1925 онд Монголд Зөвлөлтийн нөлөө бэхжин тогтох хүртэл цаг хугацаанд энэ аялалууд хамаарч буйгаараа нэн онцлог бөгөөд сонирхолтой. Эдгээр аяллынхаа талаар 1926 онд "Эртний хүний мөрөөр” хэмээн бүтээл туурвиж, дэлхий дахинаа өөрийн судлагааны ажлаа тайлагнасан байна. Эндрюс аялалынхаа бэлтгэлд найман жилийг зарцуулсан хэмээн үздэг. Нэн түрүүнд зохих зөвшөөрлийг авах байсан тул ганцаараа Монголд "шилэн фордоор” түрүүлэн ирж, Их хүрээнд айлчлан тэр үеийн түшмэдүүдтэй яриа хэлэлцээ хийж байжээ. Эхнийхээ шинжилгээний ангиа зохион байгуулахад хэрэгтэй хэмээн тооцсон 250,000 америк доллар олохоор Америк дахь ажлаа тэрбээр эхэлжээ. Бараг бүтэн жил хөөцөлдсөн энэ ажлаа тэрбээр магад хамгийн хэцүү үйлсийн нэг хэмээн хэлсэн нь бий. Энэ бол эдүгээгийн ханшаар 3 сая орчим доллар болно. Анхныхаа арван мянган долларын хандиваа Америкад төдийгүй дэлхийд нэр нь цуурайтсан Ж.П. Морганаас гардан авсанаа тэрбээр дэлгэрэнгүй бичсэн нь нэн сонирхолтой. Анхныхаа судалгааны ангид тус бүр суудлын 5, ачааны 2 машин, 125 гаруй тэмээ ашиглаж, Монгол талаас Т. Бадамжав, Монголд байнга оршин амьдарч байсан Монгол гүн хэмээх Ф.А.Ларсон тэргүүтэй хүмүүсийн дэмжлэгээр тэмээ малаа базаан, яриа хэлэлцээ хийж, хээрийн аялалаа зохион байгуулжээ. Эндрюс Бээжин дэх түр байрандаа аялалынхаа сүүлийн бэлтгэлийг базаасан хойноо Хаалган хотоос тэмээн ачаагаа хаврын 3 сар орчимд Монголын их говь уруу хөдөлгөж, өөрөө араас нь машинтайгаа цуг одоогийн Замын Үүд орчмоор Монголын тал нутаг руу аялан орсон байдаг.