January 31, 2011

МОНГОЛ ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХААНА НЬ ЯВНА ВЭ?

Т.БАТЖАРГАЛ
 “АР МОНГОЛ ТРЭВЛ” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
80-аад оны сүүлчээр Орост сурч байсан монголчууд хамт сурдаг вьетнам оюутнуудаа “төлөг” гэж хочилно. Шатны уруу түмпэн шидээд гарсан авиа нь төлөг хэл хэмээн элэглэнэ. Тэд амралтаараа эх орон руугаа буцах дөхөнгүүт Оросын төмөр түмпэн, халбага, сэрээ, бензиний канистр гээд төмрөөр хийсэн юу л байна, хамж аваад оюутны байрныхаа өрөөг дүүргэнэ. Тэгээд явах өдрөө нөгөө их юмаа вокзал руу чирч аваачиж, купегээ дүүргэж аваад түмпэн, сав, халбага, сэрээгээ хангир жингэр хийлгэн Вьетнам руугаа гарч өгдөг байлаа. Монголчууд бид өөрсдийгөө “Тэнгэрлэг заяатай, Чингисийн Монгол” хэмээн омогшиж, вьетнамчуудыг тийнхүү “төлөг” хэмээн дооглож явтал Вьетнам өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын топ чиглэлүүдийн нэг буюу моод болчихов. Тэд эх орноо барууны жуулчдын заавал очиж үзэх газруудын нэг болтол хөгжүүлчихэж. Социалист системээс хамгийн сүүлд шахуу зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн Вьетнам улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гаргасан судалгаагаар 2000 онд 2.1 сая, 2008 онд 4.2 сая жуулчин, гийчид хүлээж авчээ. Найман жилийн дотор жуулчдын тоог хоёр дахин буюу, 2.0 сая жуулчнаар нэмэгдүүлсэн гэсэн үг.  Монголд 2000 онд 158.000, 2009 онд 464.850 гадаадын хүмүүс зочилж, есөн жилд гурав дахин өсөлт бий болсон ч өссөн тоо нь нэг сая ч биш, хагас сая ч биш, ердөө 306 мянга. Жуулчдын тал хувь нь буюу 232.000 нь Хятадаас,109.000 нь ОХУ-аас, үлдсэн 123.000 орчим нь бусад орнуудаас иржээ. Хятадаас ирсэн 232.000 “жуулчин” нь үндсэндээ урт богино хугацаагаар Монголд ирж, барилга барьсан ажилчид. Тэд худалдаа хийж, аялж, Монголын эдийн засагт орлого оруулдаггүй.
Монголд ашиг олохын төлөө ажиллаж байгаа тэд Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын гаргасан “жуулчин” гэсэн тодорхойлолтод багтах ёсгүй. ОХУаас ирэгчдийн хувьд ихэнх нь Улаан- Үүд, Эрхүүгээс автобус, галт тэргээр Улаанбаатарт ирж, цөөн хоноод буцдаг ч орос, монгол эзэнтэй хямд зочид буудлууд, Улаанбаатарын худалдаа наймаа эрхлэгчдэд, цаагуураа Монгол Улсад багагүй орлого оруулдаг. Багахан хэсэг нь бэл, бэнчин сайтай “шинэ оросууд”.  Тэд манай хамгийн үнэтэй буудалд бууж, үнэтэй дэлгүүрээр шопинг хийж, аялж багагүй мөнгөө үлдээдэг учраас жуулчдын тоонд гарцаагүй багтана. Үлдсэн 123.000 жуулчин буюу нийт ирэгсдийн 30 хувь орчим нь гуравдагч орны иргэд буюу бидний яриад байдаг жинхэнэ жуулчид. Энэ тоо их үү, бага уу? Харьцуулах үүднээс хэдэн тоо баримт дурдъя.  Урд хөрш Хятад 2009 онд 50.9 сая, хойд хөрш Орос 20.3 сая жуулчин хүлээж авсан. Монголтой ойролцоо өөр улсууд хэр олон жуулчин авдгийг сонирхъё. Манай баруун талын хөрш, ердөө 20 хүрэхгүй жилийн өмнө тусгаар тогтносон Казахстан жилд 3.5 сая гадаадын жуулчид, зочид хүлээж авсан байна. Хүн амын ихэнх нь казахууд боловч соёл нь нэлээд оросжсон, байгаль нь манайхаас илүүрхэх зүйлгүй, цаг агаар нь бараг ижил. Гэсэн хэрнээ тэдний авч буй жуулчдын тоо манайхаас долоо дахин их байна.  Казахстан манайхыг бодвол газар зүйн байрлалын хувьд Европт арай ойр учраас Англи, Герман, Голланд, Арабын орнууд, Турк улс Казахстан руу шууд нислэг хийдэг. Казахстанчууд өөрсдөө ч гадагш их аялдаг болсон нь гадаадынхан Казахстан руу зорчих сонирхлыг өдөөх нэг хөшүүрэг болдог болов уу.  Хүн амын хувьд манайхтай ойролцоо ч Улаанбаатар хот шиг өчүүхэн газар нутагтай Сингапур хот-улсад 8.0 сая жуулчид зочилжээ. Эднийх 8.0 сая жуулчдыг юугаараа татав? Мэдээж хэрэг, газар зүйн тааламжтай байрлал, зөөлөн, дулаан уур амьсгал.  Дэлхийн усан тээвэр, санхүүгийн боомт улс, Азийн бар болж чадсан нь бас нэг татах хүч. Гэхдээ үүнд хүний хүчин зүйл буюу сингапурчуудын ажилсаг, хөдөлмөрч, зүтгэлтэй чанар нөлөөлснийг мартаж болохгүй. Далайн эрэг, олон өдрийн усан онгоцны тохилог аялал, ажил хэргийн аяллууд гээд аялал жуулчлалын олон төрөл энд дээд зэргээр хөгжсөн. Сингапуртай ойролцоо оршдог Вьетнам аялал жуулчлалын салбарт огцом амжилт гаргасан нь хүний хүчин зүйл, төр, засгийн бодлоготой нь хамаатайгаас гадна ашигтай газар зүйн байрлал, зөөлөн дулаан уур амьсгал, Зүүн өмнөд Ази хэмээх дэлхийг далласан нийтлэг имижтэй нь холбоотой.  Вьетнамтай ойр орших, дэлхийн аялал жуулчлалын топ 20-д багтдаг Тайландад сүүлийн хоёр жилүймээн самуун дэгдэж, онгоцны буудлуудаа хааж байсан. Тэр нь жуулчид гийчдийн аюулгүй байдалд шууд заналхийлсэн нь мэдээж байхад аялан жуулчлагчдын тоо буураагүй, өсөлтийн хувь нь л бага зэрэг доошилжээ. 2010 оны хаврын үймээний дараа Тайландын аялал жуулчлал урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өссөн байна.  Монгол руу ирээч гээд даллаад байхад ирж өгдөггүй атлаа Тайланд руу бол бараг үхсэн ч хамаагүй аялаад байдгийн учир нь далайн эрэг, дулаан уур амьсгал, Зүүн өмнөд Ази, алдартай тай массаж, аялал жуулчлалын цогц үйлчилгээ, хямд үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудлууд гэх мэт жуулчдыг соронзоддог зүйлс, газар зүйн тааламжтай байрлалд оршиж байна.  Европ тивийн, хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан, 56.5 мянгахан ам.км нутагтай, 4.0 сая гаруйхан хүн амтай Хорватад 2009 онд 9.5 сая жуулчин зочилжээ. Иймэрхүү нөхцөлд бид Монголын аялал жуулчлалын салбарыг бодитойгоор харах хэрэгтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад 11-р сард хийсэн айлчлалын сурвалжлагад “2010 онд МИАТ компаниар Монгол руу 54 мянган хүн Японоос зорчсон” гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл багтсан байсан. Мөрөөдлийг бодит байдал мэтээр андуурсан л биш бол МИАТийнхан Японоос Монгол руу жилдээ 54 бүү хэл, 24 мянган зорчигч ч тээвэрлэж байгаагүй.  Монголд ирдэг жуулчдын тоог 1.0 саяд хүргэнэ гэсэн зорилт олон жил яригдаж байна. Нэг сая жуулчин Монголд ирчихвэл үнэхээр сайхан хэрэг. Гэтэл Монгол руу ирэх гэсэн жуулчдынхаа визийн урилгыг явуулах гэхээр ГХЯ-ны Консулын газар нь нэг компани өдөрт 5-аас илүү урилга явуулж болохгүй гэсэн журам мөрдөж байхад яаж 1.0 сая жуулчин авах юм бүү мэд.  Аялал жуулчлал хөгжих өөр нэг үндсэн нөхцөл нь дэлхий даяар хямд үнийн фактор болсон. 50 сая жуулчин хүлээн авдаг Хятад улс хэдий соёлын өв, цаг агаарын тааламжтай нөхцөл, зэрэглэл өндөр үйлчилгээний газруудтай ч, тийшээ зорчиход төсөр, очсоныхоо дараа аялах аялал нь хямд учраас жуулчид хэдэн арван саяараа тийш урсаж байна. Нөгөө нэг гол хүчин зүйл нь Хятадын газар зүйн байрлал. Хятад улс аялал жуулчлалын голлох зах зээлийн орнууд болох Баруун Европ, Хойд Америкаас хол ч Азийн баруудыг багтаасан Зүүн өмнөд Ази хэмээх бэл бэнчинтэй голлох зах зээлийн орнуудтай хиллэж байдагт давуу тал нь оршино. Баруун Европ, Хойд Америкийн хувьд Хятад руу явахад “хол” хэмээх сөрөг нөлөөллийг Хятадын төр, засаг улс руугаа олон тоотой, хямд үнэтэй шууд нислэгүүд нээх бодлого хэрэгжүүлснээр шийдэж байна. Хятадын хувьд гурав дахь гол хүчин зүйл нь Цагаан хэрэм буюу дэлхийд ганц соёлын ховор өв. Хятад дулаан уур амьсгалтай нь ч аялал жуулчлал хөгжихөд их нөлөөлдөг.  Дээр дурдсан Хорватын хувьд аялал жуулчлал үсрэнгүй хөгжихөд нөлөөлсөн хамгийн гол эерэг хүчин зүйл нь мөн л тааламжтай газар зүйн байрлал. Хорват улс хамгийн их аялдаг, хамгийн их төлдөг аялал жуулчлалын голлох зах зээлийн Герман, Итали, Франц, Чех, Унгар, Австри зэрэг топ 20 улсуудтай хил залгаа буюу 1- 2 цагийн нислэгийн зайд оршдог.  Тэдгээрээс Хорват руу очих тээврийн зардал маш хямд, нислэг нь 25-70 евро, автомашинаар бол Улаанбаатараас гараад Дархан орохтой адил зайд байдаг. Хорватын газар нутаг авсаархан учраас тухайн улс дотор аялах тээврийн болон аяллын зардал хямд, хугацаа богино байдаг нь бага өртгөөр тав, тухтай аялах нөхцөлийг бүрдүүлж байна. Мэдээж энэ бүх сайн талуудаас хамгийн чухал зүйл бол тухайн улсын бодлого. Жишээ нь Хорватын Засгийн газар 2009 онд аялал жуулчлалын салбартаа 6.0 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийж, аялал жуулчлалаа цог цоор нь хөгжүүлэх бодлого хэрэгж үүлж байна.  Хорват руу жуулчдыг татаж буй дараагийн нэг хүчин зүйл нь Адриатын тэнгис, түүний эрэг. Энэ нь Монголд байхгүй усан онгоцны аяллыг цэцэглүүлж, наран шарлагын аяллыг хөгжүүлж байна. Ийнхүү, Хятад, Сингапур, Вьетнам, Казахстантай адил Хорватад ч аялал жуулчлал хөгжих гол нөхцөл нь газар зүйн тааламжтай байрлал, хямд үнэ, байгаль, цаг агаарын тааламжтай байдал, төр, засгийнх нь бодлого болж байна. Дэлхийн хамгийн их жуулчин хүлээж авдаг эхний 20 орны жагсаалтыг Франц 74.2 сая жуулчнаар тэргүүлж, АНУ (54.9 сая), Испани (52.2 сая) удаалж, Хятад дөрөвт, Тайланд 20-д орж байна.  Монгол маань 70 орчимд байгаа. Франц, Испани, АНУ-д аялал жуулчлал хөгжих хамгийн гол хүчин зүйл нь мөн л хямд төсөр, олон цаг нисэж биеэ зовоохгүй аялах боломж, эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орнууд буюу худалдан авах өндөр чадвартай зах зээлийн орнуудын дунд байрласан байрлал, соёл, байгалийн дэлхийд хосгүй өв юм.  Ерөөсөө аялал жуулчлал хөгжих хамгийн гол нөхцөл нь тухайн орны газар зүйн байрлалын давуу тал болж байна. Барилга барих газраа сонгохдоо хамгийн түрүүнд байрлалыг нь хардагтай адил гэсэн үг. Англиар “3L” буюу “Location, Location and Location”, монголчилбол “Байрлал, байрлал, байрлал” хамгийн чухал ажээ.  Дараа нь аялал хямд, тав тухтай байх, соёлын, эсвэл байгалийн дэлхийд хосгүй өвүүд, үйлчилгээний өндөр чанар, аялал жуулчлалын өргөн сонголт (ганц байгалийн аялал бус, усан онгоц буюу круйз, казиногийн аялал гэх мэт) гол үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, жуулчдын хамгийн их сонирхдог зүйлс нь онгон байгаль биш, соёл биш, түүх биш. Байгаль, соёл, зан заншил, түүхийг сонирхдог нь мэдээж боловч маш өчүүхэн хувийг эзэлж байна. Монголыг тэр өчүүхэн хэсгийн өчүүхэн хэсэг нь л сонирхдог.  Энэ бол үнэн бодит байдал. Газар зүйн давуу байрлал, жилийн дөрвөн улиралд зөөлөн дулаан байх цаг агаар, газар нутгийн хэмжээ ба аяллын үнийн харьцаа, Луврын музей, Хятадын Цагаан хэрэм, Зүүн өмнөд Азийн өвөрмөц байдал, Египетийн пирамид, Лас Вегас, Бурж Халифа шиг хүн амьддаа ядаж нэг удаа заавал үзэх зорилго тавьдаг соёлын үнэт өв, дэлхийн гайхамшгууд Монголд байна уу, үгүй юү, Монголын хувьд аялал жуулчлалын ирээдүй нь масс аялал жуулчлал мөн үү, биш үү, хөрш Хятад өнөөдөр манай гол зах зээлийн орон мөн үү, эсвэл хэзээ вэ, сурталчилгаа, маркетингт төр, засаг хэр зэрэг анхаарал тавьдаг вэ гэх мэтээр тунгаан бодох зүйлс олон байна. Болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй ч, амьдрал дээр яаж ч болохгүй зүйлс бас байдаг. Монгол хол учраас Монголыг Баруун Европ дотор, зах зээл дотор нь Хорват шиг аваачаад байрлуулчихъя, Монгол хүйтэн учраас Зүүн өмнөд Ази шиг дулаан уур амьсгалтай болгоё, Монголд Тайланд шиг далайн эрэг байгуулъя, Хятадын Цагаан хэрэмтэй адил хүн төрөлхтний өнө эртний соёлын өвийг Монголд авчиръя, тэгээд аялал жуулчлалыг хөгжүүлээд өгье гэх нь хэзээ ч бүтэхгүй. Харин арай гэж 60-70 жил болж байсан Сүхбаатарын хөшөөгөө буулгаж түүх, соёлын өв гэсэн үнэ цэнийг нь алдагдуулж байгаа “зоригтой” улс манайхаас өөр байхгүй байх.  Аялал жуулчлалын үйл ажиллагаа хүлээж авах ба явуулах гэсэн хоёр хэсгээс бүтдэг. Дээр хүлээж авах аялал жуулчлалын талаар тодорхой тайлбар лалаа. Монголд хүлээж авах аялал жуулчлал салбарын 80-90 хувийг эзэлж байгаа, эдийн засгийн экспортын үйл ажил лагаа юм.  Нөгөө нэг тал нь буюу гадагш явж буй монгол иргэдийнхээ эрх, ашгийг хамгаалах, тур оператор ба аялагчийн хооронд үүсдэг харилцаануудыг зохицуулах, эдийн засгийн хувьд мөнгө гадагшилж байгаа учраас яах ёстой вэ гэх мэт шийдэгдээгүй асуудлууд бас бий. Хэдийгээр хөгжил нь чамлалттай, жуулчдын тоо нь өчүүхэн, жуулчид хү- лээж авдаг улирал нь богино, оруулж буй орлого нь бага ч аялал жуулчлал бол уул уурхай шиг эвдэн сүйтгэдэг, нөөц нь шавхагддаг бус, харин улс гүрэн, ард түмэн, байгаль дэлхий оршин тогтнож байгаа цагт мөнхөд оршин байдаг салбар юм. 
Т.БАТЖАРГАЛ
“АР МОНГОЛ ТРЭВЛ” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
 

3 сэтгэгдэл:

Усны хувилгаан said...

Банжигтаа буцаад ирээч ээ, хүүхээд.

Gunba R. said...

saihan blog bn . ter vietnamuudiin hubd bol unen yum bilee . jiliin 9 sar juulchinii ulirald hamaardag yum bilee. juulchid bol uneheer ihtei, hol gishgeh gazargui .

holboos hiilee. amjilt

Anonymous said...

bayarlalaa, bichij baigaa sedevt maani heregtei medeelel baina

Post a Comment