August 31, 2012

Хөшөө Цайдамын Музей

Орхон голын хөндий Цайдам нуурын баруун биед орших Хөшөө Цайдам хэмээх газрын нэр дэлхийн түрэг судлаач эрдэмтдийн зүрх сэтгэлийг соронздон татах болсоор даруй зуу гаруй жилийн нүүрийг үзжээ. Одоогоос мянга гаруй жилийн тэртээ Монголын уудам талаас Хар тэнгис хүртэлх уудам их нутгийг эзэгнэн, Орхон голоор төвлөрсөн хүчирхэг хаант улсыг байгуулсан түрэг угсаатны нэн хүчирхэг мандал бадралын цагт улс орноо мэргэн ухаанаар удирдан захирч явсан Билгэ хаан, түүний төрсөн дүү, цуут жанжин Күли-Тегин нарын гэрэлт хөшөө бүхий тахилын сүрлэг онгонууд чухам энэ нутгаас илрэн олдсоны учир болой. Хөшөө Цайдамд буй VI-VII зууны үед холбогдох Дорнод Түрэг улсын хаадын нэг Билгэ, түүний дүү Кули-Тегин нарт зориулан босгосон тахилын онгон нь дэлхийн түрэг судлал, Төв Азиин археологийн судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг түүх, шинжлэх ухааны үнэ цэнэтэй дурсгал юм. 
Алтан титэм
Эртний Түрэгийн хоёрдугаар хаант улсыг үндэслэн байгуулагч Эльтерес хааны хүү Могилян, түүний хаан цол нь "Билгэ" бөгөөд тэрээр 683 оны сүүлчээр төрж, 710 онд хаан ширээнд суун олон овог аймгийг нэгтгэж, хөрш ээргэлдээ орнуудтай найрамдалт харилцаа тогтоон, хилийн худалдааг хөгжүүлж, Түрэг улсын төрийг бэхжүүлэн эдийн засаг, соёлыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан байна. Түүний дүү Кули-Тегин нь 684 онд төрөн 16 настайгаасаа төрийн үйл хэрэгт оролцсон ба 716 онд ах Билгэ-г хаан суухад хүчин зүтгэж, улс төр, эдийн засаг, гадаад бодлогьг хэрэгжүүлэх, улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд хүч авьяасаа зориулсан цэргийн нэрт жанжин, улс төрийн зүтгэлтэн байжээ. 731-734 онд тэднийг нас барахад Орхон голын хөндий Цайдам нуурын баруун бие газарт тахилын онгон сүм бүхий тахилын цогцолборыг байгуулсан байна. Эдүгээ энэ цогцолбор дурсгалд тэдний гэгээн дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөөд болон хүн, хонь, арслангиин дүрс бүхий чулуун дурсгалууд, шувуу, хээ угалзны дүрстэй тахилын чулуун хавтан хашлага зэрэг тахил үйлдэх чулуун дурсгалууд үлджээ. 

Хөшөө Цайдамын дурсгалыг анх Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев илрүүлэн олсон ба 1890 онд Финляндын эрдэмтэн А.Гейкелийн улирдсан шинжилгээний анги ирж бичигт хөшөөдийг голлон судалжээ. 1891 онд Оросын эрдэмтэн В.В.Радлов, 1912 онд В.Л.Котвич, 1933-1934 онд Л.Л.Букинич, 1958 онд Монгол-Чехословакийн хамтарсан экспедици, 1980-аад онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспедици, 1998 онд Монгол-Японы хамтарсан "Бичээс" төслийн хээрийн шинжилгээний анги, 1997-2002 онд Монгол-Турк улсын хамтарсан "Монгол нутаг дахь Түрэгийн хөшөө дурсгалыг судлах, сэргээн засварлах" төслийн хүрээнд тус тус археологийн малталт, судалгаа хийж, олон зуун олдворыг илрүүлэн, дурсгалыг авран хамгаалах ажлыг зохион байгуулсан байна.
Малтлагын ажлын дүнд, Билгэ хааны онгон нь, мэлхий хэлбэрт чулуун сууринд босгосон түрэг ба нангиад бичээст аварга хөшөө бүхий үүдэн хэсэг, шүтээний сүм бүхий төв хэсэг, тахилын чулуу бүхий хоймор хэсэг хэмээх гурван цогцоос бүрдэж байсан нь тодорхой болсон билээ. Шүтээний сүмийн дотор хаан хийгээд хатны гантиг чулуун хөргийг завилан суугаа байдлаар урлан хийж тавьсан байсан нь одоо хоёул толгойгүй болж онгоны ор туурин дээр хадгалагдан үлджээ. Хэрмийн орох хаалга буюу цогцолборын зүүн үзүүрт хоёр чулуун хонины дүрсийг өөд өөдөөс нь харуулж тавьсан нь одоо ч байрандаа шороонд булагдан үлджээ. Хэрмийн зүүн хэсэгт буй голдоо нэвт нүхтэй том дөрвөлжин чулууг, судлаачид тахилын зан үйлийн ёслол гүйцэтгэж тавиглах тахилын ширээ гэж үздэг бөгөөд энэ чулуу анхны байрандаа бүв бүтнээр үлджээ. Тахилын ийм чулуу зөвхөн Хөшөө Цайдамын хоёр том дурсгалд л байх ба бусад багахан онгонуудад бол хээ угалзтай дөрвөн хавтан чулуу хайрцаглан босгож хийсэн хашлага чулуу байдаг нь тахилын ширээний үүрэгтэй байжээ. Малтлагаар мөн Билгэ хааны онгоны тахилын дөрвөлжин чулууны зэрэгцээ мөн ийм хээтэй хавтан бүхий хашлага чулуу илрэн гарсан нь урьд өмнө түрэгийн онгонуудад тохиолдоогүй шинэ сонин олдвор боллоо. Хааны онгоноос мөн бүтэн хонины мах таваглан өрж зассан тахилын идээний үлдэгдэл олдсон, тахилын том чулууны голын нүхнээс руни бичигтэй хөшөөний хэлтэрхий гэх мэт сонирхолтой олдворууд гарсан байна. 
Мөнгөн буга
Малтлагын явцад хааны онгонд тахил болгон өргөсөн үнэт эдлэлийн цуглуулга илэрсэн нь дэлхийн археологийн малтлага судалгааны түүхэнд ховорт тоологдох олдвор юм. Энд алт, мөнгө, эрдэнийн чулуу зэрэг үнэт зүйлсээр урлан хийсэн ямба ёслол, тахил шүтээн, гоёл чимэглэлийн зориулалттай эд зүйлс гарсны дотор угалз хээ бүхий таван хэвсэгтэй, нүүрэн талын хэвсэгт жигүүрээ дэлгэсэн үлгэр домгийн шувууны товгор дүрс бүхий алтан титэм гарсан нь үнэхээр гайхамшигт олдвор боллоо. Үүний хэмжээ л арай багаас бус, ерөнхий хэлбэр, хэвсгийн тоо, шувууны дүрс тэргүүтэн нь, өмнө дурдсан Кули-Тегин ноёны чулуун толгойд дүрсэлсэн титэмтэй бүх л зүйлээрээ адил бөгөөд энэ нь Хөх Түрэгийн хаант улсын хаан удмынхны өмсч эдэлдэг ямба ёслолын өмсгөл бололтой. Түүнчлэн алт шармал, мөнгөн бугын хос хөөмөл дүрс, тахил тайлгын жижиг алтан сав суулга, ээмэг бөгж тэргүүтэн гоёл чимэглэлийн зүйлс зэрэг нүдний хараа булааж, сэтгэлийн таашаал эдлүүлэх олдвор олон гарсныг одоо сэргээн засварлаж анхны хэв дүрс, өнгө зүсийг нь тодруулаад байна. Эдгээр олдворын тайлагдашгүй нэгэн оньсого нь, нэр дурдсан олдворын ихэнх нь хүчтэй галд түлэгдэж хэв дүрсээ алдсанаас гадна, заримыг зориудаар эвдэж хэмхлэн сэвтээсэн явдал болно. Энэ бүх олдвор манай улсын музейд зохих ёсны байраа эзэлж үзэгч олны хүртээл болсон бөгөөд 2005 онд ХБНГУ-ын Бонн хотод нээгдэж, улмаар Европын бусад оронд гарах том үзэсгэлэнд оролцож эх орны түүх дурсгалыг сурталчлахад хувь нэмрээ оруулж байна.

Хөшөө Цайдамын музейд энэхүү тахилын онгоныг малтан судлахад олдсон ховор нандин олдворуудыг та үзэж болно.

0 сэтгэгдэл:

Post a Comment