August 28, 2012

Нагалхаан уул

Наглхаан уулын овоо
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 3076га талбай эзлэн орших Нагалхаан уул нь Монгол орны хээрийн бүсэд орших уулын хээр, ойт хээрийн бүслүүр хосолсон өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газар юм. Анх 1957 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 31 дүгээр зарлигаар дархалжээ. Нагалхаан уулын голлох өндөрлөгүүд нь далайн түвшнээс дээш 1700-1800 м өргөгдсөн байдаг. 
Нагалхаан нь геологийн тогтоцын хувьд герциний атриат уул юм. Хэнтийн уулархаг мужийн хамгийн өмнө захын модтой уулын нэг бөгөөд үнэмлэхүй өндөр нь 1970м. Нагалхааны ар шинэсэн ой модтой, баруун зүүн хажуу болон энгэрээрээ модгүй нүцгэн жинхэнэ уулт хээр ба бэл хормойгоороо агьт хээр тал нутаг болно. Нагалхаанаас зүүн урагш 14-15км зайтай хэсэг нарсан ойтой Нарст уул байдаг ба энэ нь Монгол орны хамгийн урд орших Хэнтийн уулархаг мужийн нарсны өмнөд хилийн зааг юм. Энд шинэснээс гадна ойн зах, хадны ар зэрэг газраар улиангар, улиас, хус, цагдуул гэх мэт мод бут бага зэрэг байна. Энэ ууланд дэгд, бамбай, таван салаа, тарваган шийр, сөд, ганга, нохойн хошуу, мэхээр, айргана элбэг ургана.
Нагалхаан уул ашигт малтмалаар нилээд баялаг, баруун, зүүн талын уулс ч чухал ховор ашигт малтмал ихтэй. Алаг гантиг, шохойн чулуу, цагаан гантиг, усан болор, утаат болор, маргад, цагаан тугалга, гянт, анзан тантал, ниобий, өнгө бүрийн аргай гэх мэт ашигт малтмалтай. Энд гүний чулуулгаас эрт, дунд төрмөлийн эриний хожуу үеийн боржиндуу чулуулаг зонхилно. Нагалхааны ар бие, хормой үржил шим сайтай хар хүрэн хөрстэй. Нагалхааны баруун хойноос баруун урагшаа урсах Рашаантын гол, Зүүн-Уртын гол нийлсэн Улаан эргийн горхи, Ханангийн шанд, Бавгын ус зэрэг булаг шандууд бий.  Нагалхаан ууланд үнэг, чоно, мануул, тарвага, зурам, хярс, өмхий хүрнэ,  туулай, үхэр огдой, элдэв оготоно зэрэг хээрийн амьтадтай.  Мөн эртний түүхийн дурсгалт зүйлс овог аймгийн булш, хиргисүүр ихтэй.

0 сэтгэгдэл:

Post a Comment