January 25, 2012

ХЭРЛЭН БАР ХОТ

Улаанбаатараас Чойбалсан орох замд (Чойбалсан хотоос баруун тийш 12 орчим км газар) машин замын урд зах дээр тоосгоор барьсан өндөр суврага алсаас сүндэрлэн харагдана. Суврагын дэргэд явж очиход хэрэм бүхий хотын ор байна. Хэрэм нь дөрвөлжин хэлбэртэй, баруун талын ханын урт нь 1900м, хойт ба зүүн ханын урт нь тус бүр 1700м, урд хана нь 1530м байжээ. Хэрмийн өндөр нь одоо 1,5-2м, зузуаан нь 3-3,5м байна. Их хэрмийн гадна талд харуулын хараат цамхаг 3 байсан, үүний нэг нь хэрмийн баруун талд, хоёр нь зүүн талд байсан байна. Их хэрмийн өмнөд хэсэгт 5 давхар суврага нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан чулуун хэрэмтэй дөрвөн том барилга бас том жижиг суврагын ор суурь 10 гаруй байжээ. Их хэрмийн гадна 7 давхар суврага бас байсан ажээ. Хэрлэн бар хотыг 1955 онд бага зэрэг малтаж шинжилсэн байна. Шинжилгээний ажлыг их хэрмийн дотор байгаа чулуун хэрэм бүхий дөрвөн барилгад зориулсан байв. Бас нэг суврагын орыг мөн малтаж шинжилжээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд энд чулуугаар барьсан дөрвөн сүм байсны гол их сүм нь чулуун хэрмийн хоймор байжээ. Дуганууд нь 4-6 баганатай өнгийн паалантай шатаасан хөх тоосго ба шавар баримал хээ угалзаар нарийн чимэглэгдсэн тансаг сайхан зүйл байжээ. Сүмүүдийн дотроос олон төрлийн хээ угалзаас гадна хүн мал болон луу, зээбад зэрэг юмсын дүрс олон гарчээ. Хэрлэн Бар хот нь 10-11 дүгээр зууны үед байсан Кидан улсаас тус улсын нутагт байгуулсан олон хотын нэг бөгөөд Кидан улсад Бүддийн шашин их дэлгэрч олон лам нар бүхий сүм хийдүүдтэй байсан гэж түүхийн тулгар бичгүүдэд гардгийг батлаж байна. Дээр дуррдсан хот ба сүмийг 1731 онд монголоор явсан хятад жуулчин Гүн-чжи-яо (Хоу-чу-сай-лу) үзэж тэмдэглэсэн байна. Түүний суврага, сүмийн тухай үгүүлсэн зүйлийг малтлагаас гарсан дурсгалууд баталж байна. Киданы энэ хотын суурь түүхчдийн сонирхолыг ихээхэн татах чухал нэг дурсгал тул улсаас эрхэмлэн хамгаалж байдаг болно. гэсэн энэ баримтыг 1959 онд бичиж үлдээсэн нь Шинжлэх Ухааны Академийн хөмрөгт хадгалагдаж байна. GPS солибцол. N 48°3'17.2" E113°21'51.6"

January 15, 2012

Дарийн утаа - Мэргэн бууч аялал амжилттай болж өнгөрлөө.

Дарийн утаа - Мэргэн бууч аялал 1-р сарын 14-ний өдөр Таван Толгой дахь цэргийн сургалтын төв дээр амжиллтай болж өнгөрлөө. 
Та хэр мэргэн бууч вэ? Буудлагын зэвсгээр буудаж үзсэн үү?
Бид та бүхэнд Монголын Зэвсэгт Хүчний зэвсэглэлд байгаа ПМ, АКМ, СВД зэрэг буудлагын зэвсгээр зориулалтын буудлагын талбайд, мэргэжлийн зааварлагч нарын удирдлага дор байлдааны буудлага хийх боломжийг олгож байна. Та бүхэн сонирхвол энэ аялалд өргөнөөр оролцоорой.
Аяллын хөтөлбөр:
Өглөө 10 цагт Баянгол Зочид буудлын "Б" байрны урд талбай дээрээс Таван Толгойн цэргийн сургалтын төвийн зүг хөдлөх, 55 км явна. Таван Толгойн буудлагын талбай дээр ирнэ. Буудлагын зэвсгээр хэрхэн буудах талаар зааварлагч офицер зааварчилгаа өгнө. Офицерын хувийн зэвсэг болох Пистолет Макаров ПМ - 3 сум 25 метрт байрлах цээжин бай буудах, АКМ буюу Автомат Калашниковоор 3 сум, мэргэн буучийн винтов СВД -гээр 3 сум буудна. Цэргийн өдрийн хоол иднэ. Буудлагын бусад зэвсэгтэй танилцаж, зургаа татуулах боломжтой.

Тухайн өдрийн цаг агаарын мэдээллийг эндээс үзнэ үү. http://www.tsag-agaar.mn/

January 11, 2012

Хөөмэй - Хөөмийн аялгуу

Монгол хөөмий нь дуу хөгжмийн урлагийн нэгэн төрөл юм. Хөөмий нь маш эртнээс бий болсон гэдэг боловч одоог хүртэл үүссэн хугацааг нь тодорхойлж чадаагүй байгаа ажээ. Хөөмий гэсэн нэр томъёог янз бүрээр тайлбарладаг. Зарим хүмүүс хөөмийг “авиа дуурайх урлаг” гэж нэрлэдэг. Хөөмий бол судлаачдын анхаарлыг нэн ихээр татдаг урлагийн төрөл юм. Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтэн дээдэлдэг заншил нь их нөлөөлжээ. Ард түмний хөгжим яруу найргийн мэдрэмж, төвөнхөөр дуулах онцгой чадварын дүнд бий болсон урлаг юм. Байгаль дэлхийгээсээ урам зориг, хүч тэнхээгээ олж авдаг ард түмэн зөвхөн байгалийн дуу авиаг дууриах бус түүний мөн чанарт нэвтэрч чадан энэхүү гайхамшигт урлагийг бий болгожээ. Тийм учраас хөөмий нь Монгол үндэстний баяр наадам, ахуйн уламжлал, ёс, дэг жаягийн салшгүй хэсэг болжээ. Монгол хөөмий монгол газар нутагт өөрийн онцлогийг хадгалан хөгжиж, төрөл зүйлийн хувьд ч хамгийн баялаг болжээ. Монголын хөөмийчид дуулах ур чадвараараа дэлхийн судлаачдын анхаарлыг татдаг бөгөөд Ховд аймгийн Чандмань сумынхан бараг тэр аяараа хөөмийлдөг ажээ. Монгол ардын хөгжмийн өгүүлэхийн эрхтэнтэй шүтэлцэх урлагт: Аялан исгэрэх урлаг, амаар таших дэлдэх урлаг, хөөмэйлэх урлаг, цуурдах урлаг, аман хуурын урлаг эдгээр таван зүйлийн урлагийгхамруулан хэлэлцэж болно.

January 9, 2012

Цас мөсний баярууд эхэлж байна.

Мөнгөн өвлийн улирлыг гэсэн хүн болгон хүсэн хүлээдэг. Цан хүүрэг татсан өвлийн улирлыг цас мөсөөр хийсэн гайхалтай хотхонууд чимдэг. Дэлхийн олон оронд цас мөсний баярыг зохион байгуулж, өвлийн урт улирлыг хөгжилтэйгээр өнгөрүүлэх боломжийг хүн арддаа бий болгож байдаг. Манай улсын аялал жуулчлалын салбарынхан ч энэ тал дээр анхаарч Үзэсгэлэнт Хөвсгөл нуурын эрэг дээр энэ оны 3-р Сарын 2-ноос 5-ны хооронд Мөсний баярыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Үүнээс гадна Мөнгөн Өвөл нэртэй дугуйн аяллыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр зохион байгуулж байна. Энэ талын мэдээллийг http://www.facebook.com/groups/mongolayalagch/ линкээр орж авч болно. 
Мөсний баярыг хамгийн томоор, цогц арга хэмжээ болгож зохион байгуулдаг өмнөд хөршийн зүүн хойд хэсэгт байрлах Харбины цас мөсний баярын албан ёсны нээлт нэгдүгээр сарын 5-ны өдөр эхэлж байгаа бөгөөд энэ арга хэмжээ хоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Харбины цас мөсний байр 10 жилийн өмнөөс зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд энэ баярыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирэх жуулчдын тоо хэдэн зуун мянгаар тоологдох билээ. Энэ жил тус хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд мөс цасаар хийсэн аварга том байгууламжууд, баримлууд олноор баригдсан ба шөнөдөө мөсөн хотхонууд өнгө өнгөөр гэрэлтэж үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Мөн энэ жилийн хувьд онцлохоор мөсөн баримлууд гэвэл алдарт зураач И.Е.Репины "Ижил мөрний барлагууд", Хятадын цагаан хэрэмний хуулбарыг цас мөсөөр хийсэн байгаа гэнэ. Энэ гайхамшигт цас мөсөн урлалын баярыг үзэхийг хүсвэл http://www.mongolayalagch.com/154/%D0%A5%D0%B0%D1%80%D0%B1%D0%B8%D0%BD%D1%8B_%D0%BC%D3%A9%D1%81%D3%A9%D0%BD_%D1%83%D1%80%D0%BB%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD_%D0%B3%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BC%D1%88%D0%B8%D0%B3%D1%82_%D0%B0%D1%8F%D0%BB%D0%B0%D0%BB.more энэ линкээр орж аяллын мэдээллийг авч болно.

2012 оны анхны дугуйн аялал амжилттай болж өнгөрлөө.

Winter biking in Mongolia
Мөнгөн Өвөл - III дугуйн аялал 1-р сарын 7-ны өдөр болж дугуйчид маань цас мөстэй зам дээр 20 км замыг амжилттай тууллаа. Туул голын мөсөн дээгүүр халиа гүйж замын ихэнхи хэсгийг мөсөн дээгүүр явж тууллаа. Дугуйчдын олонхи нь анх удаа мөсөн дээгүүр дугуйгаар явж үзсэн бөгөөд энэ нь тэдэнд нилээн туршлага суулгасан дугуйн аялал боллоо. Энэ өдрийн аялал эхлэх өглөө -29 хэмийн хүйтэн байсан боловч биднийг дугуйн аялал эхлэх цэг дээр ирэхэд хүйтний эрч суларч -20 хэм болсон бөгөөд дугуйн аялал эхлээд цаг гаран болсны дараа -16 хэм болсон нь дугуй унахад их таатай байлаа. Эхний 7 км замыг туулаад цайны амралт авч халуун аарц ууж амраад цааш явлаа. Өдрийн хоолны цэг хүртэл 9 км замын ихэнхи хэсгийг голын мөсөн дээгүүр явлаа. Замд харзны усанд орж буй хүмүүс, голын мөс цоолон загас барьж буй хүмүүстэй тааралдав. Өдрийн хоол идэж, түүдэг гал асаан амрав. Хоолны дараагаар замын үлдсэн хэсэг болох 4 км замыг дугуйгаар туулж дуусгаад машиндаа сууж Улаанбаатар хотын зүг хөдөлснөөр энэ өдрийн аялал дууслаа.
Зурагчин Ганбаярын авсан зурагнуудыг энэ линкээр орж татаж аваарай, Залуусаа. Цаг заваа гарган хүйтнийг ажралгүй дугуйн аялалд оролцсон та бүхэнд БАЯРЛАЛАА.
http://share.gogo.mn/TGBNrGzE8A47581325954778/Duguin Ayalal.zip