Гурван Цэнхэрийн агуйн орчимд эртний хүний 13 булш бий. Тэдний нэг болох Тахилтын хотгорын булшийг археологичид эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар малтжээ. Булш нь 4 метр үүдэвчтэй, 13 метр урт, 7 метр өргөн чулуун дараастай байжээ. Малтахад 9 удаа нуралт үүсэж хүндрэл учирч байсны хамт 6000 шахам чулуу, 150 шоо метр шороог нүхнээс гаргасан байна. Булшийг 11 метр гүн малтахад 2 метр өргөн, 4 метр урт модон байгууламж гарч иржээ. Булшийг голын сайрын том чулуу болон шороогоор 2 метр орчим зайтайгаар 5 үе доторлосон байв. Оршуулсан хүн нь 20 гаруй насны гүнж байсан байна. Модон байгууламжийг 25 см зузаан зургаан дүнзийг заадаслан хийжээ. Түүндээ шарилыг байрлуулж толгойг нь Алтан гадас одны зүг харуулж тавиад баруун чихэнд нь алтан ээмэг зүүж толгой талд нь таван морины толгой байрлуулсан байв. Булшинд 65 см өндөртэй шавар ваар, сүйх тэрэгний хүрэл хэрэглэлүүд, төмөр сэлэмний хугархай, торго, даавуун эдлэлийн хэсэг, хүрэл нүдүүр, төмөр амгайвч, зарим нэг гоёл чимэглэлийн алтан эдлэл, номин эдлэл, эд өлгийн зүйл байжээ. Энэ булш нь одоогоос 2000 жилийн тэртээх үед холбогдох Хүннүгийн булш болохыг эрдэмтэн археологичид тогтоожээ. Жуулчид, археологичдын сонирхлыг Тахилтын хотгорын Хүннүгийн булш татсаар байна.
August 31, 2012
Хөшөө Цайдамын Музей
Орхон голын хөндий Цайдам нуурын баруун биед орших Хөшөө Цайдам хэмээх газрын нэр дэлхийн түрэг судлаач эрдэмтдийн зүрх сэтгэлийг соронздон татах болсоор даруй зуу гаруй жилийн нүүрийг үзжээ. Одоогоос мянга гаруй жилийн тэртээ Монголын уудам талаас Хар тэнгис хүртэлх уудам их нутгийг эзэгнэн, Орхон голоор төвлөрсөн хүчирхэг хаант улсыг байгуулсан түрэг угсаатны нэн хүчирхэг мандал бадралын цагт улс орноо мэргэн ухаанаар удирдан захирч явсан Билгэ хаан, түүний төрсөн дүү, цуут жанжин Күли-Тегин нарын гэрэлт хөшөө бүхий тахилын сүрлэг онгонууд чухам энэ нутгаас илрэн олдсоны учир болой. Хөшөө Цайдамд буй VI-VII зууны үед холбогдох Дорнод Түрэг улсын хаадын нэг Билгэ, түүний дүү Кули-Тегин нарт зориулан босгосон тахилын онгон нь дэлхийн түрэг судлал, Төв Азиин археологийн судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг түүх, шинжлэх ухааны үнэ цэнэтэй дурсгал юм.
Алтан титэм |
Эртний Түрэгийн хоёрдугаар хаант улсыг үндэслэн байгуулагч Эльтерес хааны хүү Могилян, түүний хаан цол нь "Билгэ" бөгөөд тэрээр 683 оны сүүлчээр төрж, 710 онд хаан ширээнд суун олон овог аймгийг нэгтгэж, хөрш ээргэлдээ орнуудтай найрамдалт харилцаа тогтоон, хилийн худалдааг хөгжүүлж, Түрэг улсын төрийг бэхжүүлэн эдийн засаг, соёлыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан байна. Түүний дүү Кули-Тегин нь 684 онд төрөн 16 настайгаасаа төрийн үйл хэрэгт оролцсон ба 716 онд ах Билгэ-г хаан суухад хүчин зүтгэж, улс төр, эдийн засаг, гадаад бодлогьг хэрэгжүүлэх, улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд хүч авьяасаа зориулсан цэргийн нэрт жанжин, улс төрийн зүтгэлтэн байжээ. 731-734 онд тэднийг нас барахад Орхон голын хөндий Цайдам нуурын баруун бие газарт тахилын онгон сүм бүхий тахилын цогцолборыг байгуулсан байна. Эдүгээ энэ цогцолбор дурсгалд тэдний гэгээн дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөөд болон хүн, хонь, арслангиин дүрс бүхий чулуун дурсгалууд, шувуу, хээ угалзны дүрстэй тахилын чулуун хавтан хашлага зэрэг тахил үйлдэх чулуун дурсгалууд үлджээ.
August 30, 2012
Хүйсийн Найман нуур
Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий сумын нутаг Хангайн нурууны баруун урд хэсэгт, далайн түвшнээс дээш 2700-3165м өргөгдсөн өндөр уулсын дунд галт уулын дэлбэрэлт, газрын тектоник хөдөлгөөнөөс үүссэн тэвшин хэлбэрийн хөндийд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Шанаа, Мухар, Дөрөө гэсэн хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрыг Хүйсийн Найман нуур гэдэг. Хүйсийн Найман нуур орчмын байгалийн үзэсгэлэнт газрыг 1992 онд улсын тусгай хамгаалалтанд авч, УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дурсгалт газар болгон баталжээ. Хамгаалалтын үйл ажиллагааг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хариуцдаг. Нуурын хөндийг хүрээлэн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг ба эргэн тойрон их хөвч тайгаар хүрээлсэн сүрлэг өндөр уулстай. Ойн санд хуш, шинэс зэрэг шилмүүст мод зонхилно. Мөн нөөц нь эрс хомсдсон олон зүйлийн эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг. Хангайн гол нурууны хэсэг болох Шурангын, Гятрууны, Битүүтийн, Зэс улаан, Цэгээний хуниас, Ивийн зэрэг уулсын араар Орхон голын эхэнд их ой хөвчит уулсын ам хөндийг дүүргэн орших нуурууд нь Хангайн арын Ханбаян гэдэг галт уул дэлбэрч гарсан халуун хайлмал бодис нь царцаад Цагаан-Азарга голын урсгалыг хаахад бий болсон усан сан гэж үздэг. Хүйсийн Найман нуур нь Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг тул зуны улиралд тийш зорих гадна дотны аялагч, жуулчдын хөл хөдөлгөөн их байдаг.
August 28, 2012
Нагалхаан уул
Наглхаан уулын овоо |
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 3076га талбай эзлэн орших Нагалхаан уул нь Монгол орны хээрийн бүсэд орших уулын хээр, ойт хээрийн бүслүүр хосолсон өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газар юм. Анх 1957 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 31 дүгээр зарлигаар дархалжээ. Нагалхаан уулын голлох өндөрлөгүүд нь далайн түвшнээс дээш 1700-1800 м өргөгдсөн байдаг.
Нагалхаан нь геологийн тогтоцын хувьд герциний атриат уул юм. Хэнтийн уулархаг мужийн хамгийн өмнө захын модтой уулын нэг бөгөөд үнэмлэхүй өндөр нь 1970м. Нагалхааны ар шинэсэн ой модтой, баруун зүүн хажуу болон энгэрээрээ модгүй нүцгэн жинхэнэ уулт хээр ба бэл хормойгоороо агьт хээр тал нутаг болно. Нагалхаанаас зүүн урагш 14-15км зайтай хэсэг нарсан ойтой Нарст уул байдаг ба энэ нь Монгол орны хамгийн урд орших Хэнтийн уулархаг мужийн нарсны өмнөд хилийн зааг юм. Энд шинэснээс гадна ойн зах, хадны ар зэрэг газраар улиангар, улиас, хус, цагдуул гэх мэт мод бут бага зэрэг байна. Энэ ууланд дэгд, бамбай, таван салаа, тарваган шийр, сөд, ганга, нохойн хошуу, мэхээр, айргана элбэг ургана.
August 27, 2012
Төв Азийн усны хүйс - Хөндлөн уул
Ус хагалбарын цэг дээрхи багана |
Энэхүү цэгийг анх БНМАУ-ын Усны аж ахуйн яамны харъяа Усны хайгуул
төсөл, Эрдэм шинжилгээний хүрээлэн Бүгд найрамдах Унгар ард улсын усны
институттэй хамтран хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын хүрээнд
1971-1975 оны хооронд нээн тогтоосон болно.
Монгол орны ашиглах боломжтой усны нөөцөөс 17.7 тэрбум шоо метр буюу 51.5 хувь нь хойт мөсөн далайн ай савд, дөрвөн тэрбум шоо метр буюу 11.8 хувь нь Номхон далайн ай савд, 12.6 тэрбум буюу 36.7 хувь нь Төв азийн гадагш урсгалгүй ай савд ноогддог гэсэн сонирхолтой мэдээлэл байдаг юм байна. Монгол Улсын усны нөөц нь нутаг дэвсгэрийн хувьд жигд бус тархалттай, зарим бүсийн
усны чанар эрүүл ахуйн шаардлага хангадаггүйгээс гадна гол мөрний ус нь
ихэнхидээ тус улсын хилээс гадагшаа урсдагаас шалтгаалан усны
нөөцөөр бага, хязгаарлагдмал орны тоонд ордог.
Subscribe to:
Posts (Atom)