December 2, 2019

Ski Mountaineering Монголд.


Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Хятадын уулын холбооны хамтын ажиллагааны үр дүнд Хятадын зардлаар 4 хүүхдийг Ski Mountaineering-ийн чиглэлээр сургахаар, тамирчин бэлтгэхээр тохиролцсон. Үүний дагуу манай уулын холбоон дээр бөөн л ажил болж 4 хүүхэд цуглуулсан ч яг явах барих дээрээ тулахад 2 хүүхэд явах болсон юм. Нөгөө хоёр нь явахын бараг урд өдөр нь больчихов. Нэрсийг нь дурдаад яахав. Спортын зах зухаас мэдэх эцэг эх нь ирээдүйд өсч том болох хүүхдүүдийн боломжийг хааж, хүүхдүүдээ оруулж ирчихээд дараа олон юм ярьж хүмүүсийн ажилд чирэгдэл учруулсанд бухимдсанаа нуугаад яахав. Хариуцлага хэрэгтэй байна.
Ямартаа ч хоёр хүүхдээ холбооны ерөнхийлөгчтэй уулзуулж захиа даалгавар сонсгоод, уулын холбоо, эцэг эхтэй нь гэрээ байгуулав. 
Яг энэ төрлийн спортын тухай ойлголт бидэнд ч маруухан юм. Монгол өвлийн олимпийн төрлөөр олигтой амжилт үзүүлсэн түүх ч байхгүй. Өвлийн олимп гэхээр гүйлтийн цана гэж ойлгодог болохооор уулын цанын төрлүүд, шинэ төрлийн өвлийн спортын ойлголт нь ч маруухан байдаг юм. 
Ер нь Ski Mountaineering гэхээр уулын цана гэж ойлгоод хүүхдүүд их дурласан юм шиг байгаа юм. Лифтээр яваад уулан дээрээс гулгаад л сайхан цагийг өнгөрөөнө гэсэн ойлголттой байсан хоёр хүүхэд нь болисон юм. Манай холбооны ажлын алба ч бас тиймэрхүү ойлголттой байсан юм болов уу... энэ төрлийн спортын талаар бид ч бас муу мэдэж байсан үнэн.

Ski Mountaineering бол ууланд цанатайгаа авирч гараад гулгаж буудаг цанын төрөл бөгөөд энгийнээр ойлгоход уулын гүйлтийн цана гээд ойлгож болно. Ski Mountaineering -г Skimo гэж товчилдог. Цаст өндөр ууланд тодорхой зайг туулан хэд хэдэн чекпойнтийг дайран өнгөрч хугацаагаар уралддаг уулын цанын төрөл юм. Тоног хэрэгслийн хувьд уулын цананд алхдаг чөлөөт байндинг /цанын бэхэлгээ/ суурилуулсан телемарк хэлбэрийн байдаг.
1992 оноос оноос эхлэн Франц, Итали, Словак, Андора, Швейцарь зэрэг улсуудын байгуулсан Comité International du Ski-Alpinisme de Compétition (CISAC) нь Европын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. 2008 онд ОУ-ын Ski Mountaineering зөвлөлтэй нэгтгээд Олон улсын Ski Mountaineering холбоо буюу ISMF байгуулагджээ. Энэ холбоо нь тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ холбоонд одоогоор 33 улс нэгдэж ороод байгаа юм байна.  Хувийн, босоо өндөрийн, холын зайн, багийн, спринт, нийлбэрээр гэсэн нийт 6 төрлөөр тэмцээний дүнг гаргадаг юм байна. Доорхи насны ангилалд эрэгтэй, эмэгтэй тамирчид өрсөлдөнө.
  • cadets (16–18 years)
  • juniors (19–20 years)
  • espoirs (21–23 years)
  • seniors (> 23 years)
Ерөнхийдөө ингээд ойлгочихож болмоор. 

Сэтгэл зүрхээ зориулсан хоёр залуу тамирчинаа аваад Хятад улсыг зорьж Бэйдахугийн цаны баазад очлоо. Энэ баазад Хятадын ski Mountaineering-ийн төрлөөр бэлтгэгдэж байгаа шигшээ багийнхан, мөн тэднийг залгамжлах шинэ залуу тамирчид бэлтгэл хийж байгаа юм байна.  Бэйдахугийн цаны бааз нь Хятадын Жилин мужийн Жилин хотын ойролцоо байдаг бааз. Азийн тоглолт болж байсан бааз юм байна. Тамирчидаа дасгалжуулах багш дасгалжуулагч нартай танилцлаа. Багш Ли 30 жил тамирчин дасгалжуулж байгаа хүн юм байна. Тамирчидтай цуг хоолонд орж хоолны амт чанрыг нь ч шалгалаа. Манайхан идэж болохоор хоол байнаа гэсэн. Ер энд тэнд явахад хоолны амт чанар өөрчлөгдөхөд бас хүмүүсийн сэтгэл зүй өөрчлөгддөг тул анхаарал тавиад байгаа юм. 
Энд тамирчид өглөө 7 цагт босоод 7,30-д өглөөний цай уугаад 8 цагт бэлтгэлдээ гарах юм байна. Бэлтгэл хийж 11,30-12 цагийн хооронд өдрийн хоол буцаад 13-16.30 хүртэл бэлтгэл 17.30-18 цагийн хооронд оройн хоол. 19 цагаас 1 цагийн багтаамжтай нормативийн бэлтгэл 21 цагт амрах хуваарьтай. Энэ цагийн хуваарийг ягштал биелүүлэхийг шаарддаг юм байна. 
Анхдагч алтан хараацайнууд болсон өсвөрийн тамирчиддаа амжилт хүсье.
Дашрамд хэлэхэд та Бэйдахугийн цанын баазад очиж гулгахаар бол Ski Pass нь 120 юань байдаг. Цана, боард гутал түрээслэбэл 310 юань төлнө. 500 юань барьцаанд тавьдаг юм байна лээ. Бид нар УБ-Бээжин - Чангчун гэсэн Эйр Чайнагийн нислэгээр хоёр талдаа билет авахад 1480000 төгрөг төлсөн. Чангчуны нисэх буудлаас Бэйдахугийн цанын бааз хүртэл 150км орчим 1 цаг 30 мин орчим машинаар яваг юм байна. Чангчуны нисэх буудлаас 80 юаниар автобус явдаг гэсэн шүү.  Биднийг Чангчуны нисэх буудал дээрээс Жавзаа гэдэг оюутан тосч аваад хэлмэрч хийж тусалсан. Жавзаадаа баярлалаа. Жавзаа бидэнд 7 хонгогийнөмнөөс билетээ захичихвал Чангчунг - Тонгляо - Эрээн гээд онгоцоор нисэхэд 400 орчим юаниар явчихна гэсэн шүү... Энэ нь хамгийн хямд очих зам  байна лээ. Тонгляогоос Чангчун хүртэл 40 мин онгоц нисдэг юм байна. Гэхдээ ачаа тээштэй нисэх боломжгүй юм байна. Ачаа тээштэй бол энэ хооронд автобусаар явсан нь дээр 4 цаг орчим явдаг гэнэ. 

0 сэтгэгдэл:

Post a Comment