December 18, 2019

“KARAKORUM ICE FESTIVAL 2019”-д зориулав.

“KARAKORUM ICE FESTIVAL 2019”-д зориулав.

МӨСӨН БАРИЛГА

I.ГОЛ ЭРСДЭЛ ЮУ БАЙВ?.

“Хархорин мөсний фестиваль 2019” тун амжилттай сайхан болж өндөрлөлөө. Чанар, чансаа хийгээд босго өндөртэй наадам болов.

Монголын Их эзэнт гүрний эртний нийслэлийн нэр хүндийг даах нь уу гэлтэй үнэхээр амаргүй сорилтуудтай тулгасан ч гэлээ зохион байгуулагчид түүнийг даамай сайн дааж гарлаа. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Улаанцутгалан хүрхрээнд байгуулсан хиймэл мөсөн хүрхрээ буюу мөсөн барилгын талаар өөрийн санал бодлыг дор товч сийрүүлвэй. Сонирхох хийгээд сонирхуулах нэгэн шалтгаан болбасу миний бие барилгын инженер-эдийн засагч хэмээх хуучин мэргэжлийг хойт хөршид сурч эзэмшсэн буруутай нэгэн.

Байгаль эх бүтээсэн энэ гоёмсог хүрхрээнд анхлан 2012 оны 2 дугаар сард мөсөнд авиралтын тэмцээн санаачлан зохиож эхэлсэн үеэс хүрхрээний мөсний гарц, байдлыг шинжилдэг дүрэм тогтсон байв.Тэмцээн эхлэхээс 2-3 долоо хоногийн өмнө шинжинэ. Харин энэ жилийнх шиг үндсэн хүрхрээний мөс тасарч унасан,мөс нимгэн тогтсон болон хажуугийн хадан хясаанд мөсөн тогтоц байхгүй байсан дүр зураг өмнөх жилүүдэд таарч байгаагүй санагдана. Шалтгаан нь урт бөгөөд дулаан намар болсонтой холбоотой хэдий ч гол нь байгаль экологийн доройтол үр дагавраа хатуу сануулсаар буйг шуудхан харуулсан хэрэг байлаа. Товлосон 2019 оны 12 дугаар сарын 7-ноос 8-ны өдрүүдэд Фестивалийг зохион байгуулахад учирсан гол эрсдэл энэ байв.

“Монгол экспедишн” ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанцутгалан хүрхрээнд хиймэл мөсөн хүрхрээ барих шийдвэр гаргажээ.Энэ нь хамгийн зөв шийдвэр байв. Учир нь хүрхрээний тасарсан мөсийг нөхнө гэж тооцлоо гэхэд дахин нурах эрсдэл өндөр гэж үзсэн бололтой. Мэдээлэл,технологийн орчин үеийн ололт /зураг,бичлэг,цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ г.м/ зайнаас буюу Улаанбаатар хотод ийн шийдвэр гаргах боломж олгож байна.Урьдчилсан бэлтгэл хангаад “Монгол экспедишн” ХХК-ийн ажилчид болон хэсэг тамирчин залуус баг болон 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн үдээс хойхно хүрхрээнд хүрч ирцгээсэн байлаа. Зурган мэдээлэлээс бодит байдал илүү хүнд байв гэнэ.

II.ЯАЖ ХИЙМЭЛ МӨСӨН ХҮРХРЭЭГ БАРЬСАН БЭ?.

Газар дээрхи судалгаа хийх,шийдвэр гаргах улмаар нарийвчилсан төлөвлөгөө графикийн дагуу хийж гүйцэтгэх гол ажлууд баг хамт олныг хүлээж байлаа.

Тоймловол:
-Усны дээд эх үүсвэр Улааны голын гольдролд усгүй, хуурай байсан тул хүрхрээний дээд талд мөс цоолж хиймэл халиа үүсгэн мөсөн тогтоц үүсгэх хувилбар боломжгүй болов.
-Хүрхрээний ёроолыг хамарсан талбай буюу тогоог цоолж усны эх үүсвэр олж,тогооноос усыг шахуург/насос/-аар 24 метрийн өндөрт гаргаж хүрхрээний дээд талаас зөөлөн цацруулж шүршин доош урсгах замаар мөс хийж эхлэв. Дээрээс буух урсацыг хадан хясаатай барьцалдуулахын тулд завсрын хөндий зайг хүрхрээнээс нурж унасан мөс цуглуулж, буталж жижиглэн цастай нийлүүлж хольсон зуурмагаар дүүргэж мөс тогтоосон.
-Зуурмагыг бэлтгэхдээ хүрхрээний тогоон доторхи цас,мөсийг хамж цуглуулан устай холиод хадан хананд шавж барьцалдуулсан бөгөөд дээрээс нь усаар зөөлөн шүршиж хиймэл хүрхрээний мөс үйлдвэрлэх ба угсрах ажлыг гүйцэтгэсэн.

-Ойролцоо тооцоогоор хиймэл мөсөн хүрхрээ барихад:
-Нийт 5 хоног буюу 120 цагийн хугацаанд 6 хүн, генератор 1, усны шахуурга 1 ажиллаж,50 м урттай уян хоолой/шланк/, 180 литр бензин түлш, 720 орчим тонн ус зарцуулжээ. Усны цистерн буюу 4 тоннын багтаамжтай усны машин/ Зил 130 маркын автомашинд суурилсан, ОХУ/-аар тооцвол хүрхрээний дээд талд 180 усны машин зогсож ус урсгасантай дүйнэ!.

III.ЯАГААД БОГИНО ХУГАЦААНД ХИЙМЭЛ МӨСӨН ХҮРХРЭЭГ БАРИХ БОЛОМЖТОЙ БАЙСАН БЭ?.

-Манай улсад өвлийн аялал жуулчлал, мөсөнд авиралтын спортын тэмцээн уралдаан зохион байгуулж ирсэн МУҮХ,”Монгол экспедишн”ХХК-ийн чадавхи, хур туршлага.

-“Барилга-угсралтын ажил”-ыг биечлэн гүйцэтгэсэн ажилтнууд, тамирчдын ур чадвар,мэдрэмж болон мэдлэг өндөр.Мөсөнд авиралтын спортын хөгжлийн төлөө бие сэтгэлээ зориулсан залуусын хүчин чармайлт!.Цөөхөн зарим нь мөсөн хана байгуулж байсан бага боловч өмнөх туршлагатайн зэрэгцээ тамирчид мөс мэдрэх урлагийг бараг ТӨГС эзэмшсэн зэрэг нь гайхалтай давуу тал болсон юм.Дотоодод зохиогддог уламжлалт тэмцээнүүдээс гадна мөсөнд авиралтын тив,дэлхий болон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнүүдэд цөөнгүй жил оролцсон туршлага,үзэл бодол босоо үлдэж үнэд хүрэв.

Хүнд жинтэй мотор хүрхрээний тогоо руу доош буулгах, зузаан мөс цоолох, өвлийн шөнийн хүйтэнд ээлжээр зогсолтгүй ажиллах, ус дамжуулах шланк болон насос үе үе ээлжлэн хөлдөх, гэсгээх, зөөх, даарах, бээрэх, өлсөх гэх мэт энүүхэнд байв. Шүд зуун ажилласан 5 хоног ард үлдэж. Хөлдсөн багаж хэрэгсэлийг гэсгээж буцаан ажиллуулахаас бусад үед насосыг өдөр,шөнийн аль ч үед тасралтгүй ажиллуулсан.

Фестиваль эхлэх өдрийн урьд орой үдшийн 21 цаг хүртэл хиймэл мөсөн хүрхрээ үйлдвэрлэж угсрах ажил үргэлжилсэн бөгөөд дараа өглөө нь нээлтийн ажиллагаатай зэрэгцэн мөсөн барилгыг “улсын комисс хүлээн авснаар ашиглалтанд оржээ”.

IV.БАРИЛГА-УГСРАЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭСЭН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

1.О.Сайханжаргал “Сутайн бор”клубын тамирчин, “Монгол экспедишн”ХХК-ийн хөтөч, Спортын мастер
2.Д.Отгонхүү Улаанбаатар аялагч клуб, “Монгол экспедишн”ХХК-ийн хөтөч, Спортын дэд мастер
3.С.Тэмүүлэн “X Team” баг
4.С.Сайнбаяр “X Team” баг
5.С.Жамсрандорж “Монгол экспедишн”ХХК
6.А.Энхтөр “Монгол экспедишн”ХХК

Ямар ч мөсгүй хадан хясаанд хэдхэн хоногийн дотор хиймэл мөсөн хүрхрээ байгуулсан цомхон энэ хамт олон тэмцээний гараанд хуран цуглах олныг сэтгэл дүүрэн угтаж, ядарч туйлдсанаа ор тас мартаад мөсөн хүрхрээ бэлэн байсан мэт нийлэн уусвай.

“Хархорин мөсний фестиваль 2019”-ийг дэлхийн олон улс орны жуулчид,тамирчид,сонирхогчдод түгээн сурталчилж эхэлсэн нь юутай чухаг бөгөөд завшаантай хэрэг вэ!.

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
Тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэдэг. Ингэхэд Засгийн газар,аймаг орон нутаг,бусад хамтрагч нар маань “мөсөн барилга”-тай жил уян хатан хандаж үзүүлэх дэмжлэгээ ахиулбал хэн дургүйцэх билээ.

Харин мэдээнд “Энэ жилийн онцлог…” хэмээн бичсэн нэг өгүүлбэрийн ард өрнөсөн амьдрал, тэмцэлийн зах зухаас сонирхуулахад ийм ажгуу.

Монгол уулчид Хархоринг хамгаалж үлдэв.

Хүндэтгэсэн,
А.Батсүх phD
Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор”клубын Удирдах зөвлөлийн гишүүн

Улаанбаатар
2019.12.12.
Сайн өдөр.

0 сэтгэгдэл:

Post a Comment