October 24, 2010

Сутай Хайрхан - Сүүтэй Хайрхан ууланд авирав.

Бидний хэсэг нөхөд оросын уулчид хамт 2010 оны 9-р сард төрийн тахилгат СУТАЙ хайрхан ууланд авирлаа.  Сутай уул нь Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутгийг дамнан орших Монгол Алтай нурууны салбар Дарвийн нурууны ноён оргил, далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн мөнх цаст сүрлэг уул. Хан буурал Алтайн хамгийг тольдогч арван гурван мөнх цаст оргилын нэг нь Сутай хайрхан уул юм. 2007 онд МУ-ын ерөнхийлөгчийн зарлиг гарч Сутай хайрхан уулыг төрийн тахилгатай уул болгосон. Сутай хайрхан уулыг монголчууд эртнээс тахин шүтэж, сэтгэлдээ тээн ирсэн хайрхан. Эрт цагт Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэдэг. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэсэн тайлбар бий. Бид Говь-Алтай аймгийн Тонхил сумаар дайрч Зүйлийн голыг өгсч явсаар Сутай уулын урд бэлд ирсэн. Намрын сар дундаа орсон тул цаг агаар нилээдгүй сэрүүн, зуслангийн айлууд буусан учир Зүйлийн голын хөндий бараг айлгүй, ганц нэг айл сарлагаа оторлон хайрханы урд бэлд байв. Бид авирах замаа тогтоогоод, уулын бэлд буй хоёр гэрээр оров. Болдбаатарынх гэдэг айлд орж гэрийн эзэнтэй нь танилцаж нутаг орны сонин хачиныг хөөрөлдөж, ойрд хайрханд авирахаар ирсэн хүн амьтаны талаар тодруулав. Гэрийн эзэн: Энэ зун "Батхүлэг" авто уралдааныг зохион байгуулдаг Баттөр билүү Батсайхан билүү ... залуу УАЗ-469 машиныг маш сайн тоноглож ирээд хайрханы зүүн урд талын нурууг дамжиж явсаар оройд нь машинтайгаа гарсан тухай ярив. Энэ үйл явдал  ч Монголд мөнх цаст хайрханы оройд машинтай гарсан анхны тохиолдол болов уу. Хайрханы орой руу машинтай гарахдаа уулын ангалтай хэсгүүдэд шат тавьж байж гарсан гэж нутгийнхан ярьж байлаа. 


Дараа өдрийн өглөө 7 цагт бид, есүүлээ авиралтаа эхлүүлэв. Уулын хярыг барин өгссөөр цасны захад ирж, хэсэг зуур амраад муурын хумсаа өмсч оргил өөд хөдлөв. 10.30-д оргил дээр гарч ирэв. Сутай уулын орой дээр төмөр шон суулгаж ноён оргилыг тэмдэглэн овоо босгосон байдаг юм байна. Уг төмөр нь унаж, тахийсан байсныг засаж янзлан босголоо. Хайрханы орой бөмбөгөр хавтгай хэлбэртэй, нилээдгүй том талбайтай. Оргил дээр гарсан хүмүүс тул зургаа татуулж хэсэг зуур амраад бааз руугаа буув. Бидний явсан замд ангал, нуранги таарсангүй, харьцангуй амар зам сонгож авирсан. Тонхил сумын талаас авирахад бэрхшээл багатай, өдөртөө авираад буугаад ирэх юм билээ. Доорхи бичлэгээс бидний авиралтын тухай үзээрэй.
Хайрханы оройн овоо 
 Манай багийн гишүүд

Оргил руу өгч явуулсан, бааз дээр үлдсэн манай багийн гишүүний малгай

1 сэтгэгдэл:

Unknown said...

Ариунболд: сайхан бичлэг, зурагнууд байна.

Post a Comment