December 24, 2010

MONGOLIA BIKE CHALLENGE 2011.

“Mongolia Bike Challenge-2011” уралдаан болно.
MONGOLIA BIKE CHALLENGE 2011
уралдааны алтан цом
Та бүхэн Монгол улсад анх зохион байгуулагдсан “Mongolia Bike Challenge-2010” уулын дугуйн олон өдрийн уралдааныг тодхон санаж байгаа байх.  Жил бүр зохион байгуулагдах энэ уралдаан нь Монголын адал явдалт аяллын зах зээлд шинэ бүтээгдэхүүнийг бий болгож, Монгол орныг дэлхийн дугуйчдад таниулах чухал арга хэмжээ юм. Уралдааныг санаачлан, зохион байгуулагч Монголын аялал жуулчлалын “Mongolia Expeditions and Tours” ХХКомпани, Итали улсын “Progetto Avventura Eventi” компани нь уламжлал ёсоор Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран “Mongolia Bike Challenge-2011” уралдааныг 2011 оны 7-р сарын 30-наас 8-р сарын 13-ны хооронд зохион байгуулна. “Mongolia Bike Challenge-2011” уралдаан Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос гараагаа  эхэлж Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн нутгаар нийт 1200 км замыг туулж Өвөрхангай аймгийн Хархорин сум, Эрдэнэзуу хийд өмнөх талбайд бариагаа барих юм. Уралдаанд нийт 108 дугуйчин оролцоно. Энэ жилийн уралдаан 7 ангиллаар, нийт 9 гараатай, тамирчид нэг гараанд дунджаар 133 км замыг туулна.  “Mongolia Bike Challenge – 2011” уралдааны дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.mongoliabikechallenge.com вебсайтаас танилцаж болно.
MONGOLIA BIKE CHALLENGE 2010

Уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй эндээс танилцана уу. http://altai-expeditions.blogspot.com/p/mongolia-bike-challenge.html

Өвлийн дугуйн аялал.

December 21, 2010

Монголчуудын боловсролын түүхэн дэх бичиг үсэг

Н.Энхцогт
Чингисийн чулууны бичиг
Аливаа улс орон, үндэстэн ястны соёлын хөгжлийн нүүр царай, түвшинг ард түмнийх нь боловсролын хэмжээ харуулах ба боловсрол нь мэдлэг, чадвар, дадал эзэмшсэний үр дүн бөгөөд эрдэм ном, бүтээл туурвил, аливаа ажил үйлсэд мэргэжин дадсан байдал юм. “Боловсрол гэдэг нь соёлт хүний эзэмшвэл зохих эрдэм мэдлэг, арга барил, чадвар, дадлын тогтолцоо” хэмээн Монголын нэвтэрхий тольд дурдсан байна. Нийгэм хувь хүнээс юу шаардаж байгааг ханган биелүүлж байгаа нь тухайн улсын боловсролын тогтолцоо өөрийн нийгмийн үүргээ гүйцэтгэж буй хэрэг бөгөөд энэ нь нэг талаараа боловсролын хэрэглээний утга мөн чанараараа илэрч буй хэрэг мөн. Нийгэм хөгжиж, шинжлэх ухаан өндөр түвшинд гарч, хүн ард энэхүү шинжлэх ухааны мэдлэгийг амьдрал ахуйдаа ашиглах нь нэмэгдэхийн хирээр тухайн ард түмнээс боловсрол, мэдлэгийг улам бүр шаардах болсон нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн нэг гол хандлага болж байна. Гэгээрэл, боловсрол нь танин мэдэхүй, нийгмийн оюун санааны амьдралд төдийгүй хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагаанд нөлөөлөн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх чухал хүчин зүйл болжээ. Иймд хүн ардынхаа гэгээрэл боловсролын түвшинг ахиулахын төлөө хэрэгжүүлж буй ажил аль ч улс орны хэмжээнд нэн чухал асуудлын нэг байдаг ажээ. Аливаа ард түмэн гэгээрэл, боловсролын ажлыг өөрсдийн амьдралын ахуй нөхцөл, зан заншил, эрхэлж буй ажил хөдөлмөр, аж ахуйн онцлог, байгаль газар зүйн нөхцөлд тохируулан хөгжүүлж байдаг.  Эртнээс нааш нүүдлийн аж ахуй эрхлэн, хол ойрын аялал, дайн байлдаан хийж байх явцдаа Монголчууд соёл, боловсролоо хөгжүүлсээр ирсэн учраас дэлхийн соёл иргэншилд өөрийн гэх хувь нэмрээ оруулж, хүн төрөлхтөний оюуны соёлын оргилд тооцогдсон бүтээл туурвиж байсан билээ.  Улс орны боловсролын хөгжлийн хэмжээ цар хүрээ нь тухайн улс орны аж ахуйн онцлог, ард түмний ахуй амьдралаа хөтлөн явуулж буй арга, хэрэгсэл зэрэгтэй нягт холбоотой учраас манай улсын гэгээрэл, боловсролын ажлын түүх нь Монголчуудын нэн эртнээс нүүдлийн аж ахуй эрхлэн ирсэн тэр өвөрмөц шинжтэй нягт холбоотой бөгөөд манай улсад боловсролын тогтолцоо бий болж хөгжихөд цаашид үндэс суурь болох их ач холбогдолтой юм.  Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны түүх нь 2000 гаруй жилийн өмнө Монголчууд бичиг үсэгтэй болсон үеэс эхэлсэн гэж үздэг. Монгол хүнийг төрүүлж өсгөх, сургаж боловсруулах, хүнжүүлэн хүмүүжүүлэх нь монгол гэр бүл, аав, ээж, ахмадын үүрэг хэзээнээс байжээ. Монгол айлд үр хүүхэд өсөн бойжиж, сурч боловсорч, хүмүүжин төлөвшдөг учраас гэр бүл нь ардын сурган хүмүүжүүлэх арга туршлага бий болж хуримтлагдах, хадгалагдан залгамжлагдах нэг ёсны хүн төлөвшлийн төв болох бөгөөд монгол айл гэрийн тоогоор энэ төв “ажиллаж” ардын сурган хүмүүжүүлэх өв туршлага нь улам баяжин хөгжсөөр иржээ. Ер нь аливаа ард түмний сурган хүмүүжүүлэх мэдлэг туршлага нь тэр ард түмэнтэйгээ хамтад үүсч хөгждөг бөгөөд тухайн ард түмний үр хүүхдээ болон ер иргэнийг сурган боловсруулж, хүмүүжүүлэх арга ухаан, туршлагын цогцыг ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлал гэж нэрлэн түүнийг судлах ухааныг Ардын сурган хүмүүжүүлэх зүй хэмээн үзсээр ирсэн байна. Өөрөөр өгүүлбэл монголчуудын хүнээр хүн хийх ухааны цогцыг ардын сурган хүмүүжүүлэх зүй гэж нэрлэвэл зохино. Чухам энэхүү ардын сурган хүмүүжүүлэх зүйн хүрээнд монголчуудын боловсролын тогтолцоо бүрэлдэж, цаашдаа улам боловсронгуйгаар шинэчлэгдсээр иржээ. Энэхүү боловсронгуй болж, шинэчлэгдсээр ирсэн боловсролын тогтолцоонд монголчуудын бичиг үсгийн соёл томоохон байр эзлэх бөгөөд монголчуудын боловсролын түүх чухам эндээс үүдэлтэй хэмээн үзэж болно. Хүн төрөлхтний буй болгосон боловсрол, бичиг үсгийн түүхэнд монгол туургатан ямар байр суурь эзлэхийг тодруулахын тулд юуны өмнө бичиг үсэг гэж юу болох, түүний хөгжлийн нийтлэг үйл явцыг товч боловч хөндөх нь зүйтэй юм.  Эх байгалиас ялгарч хүн төрөлхтөн буй болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн зүйлийн нэг нь яах аргагүй хэл бөлгөө. Хэлний үүргийг ном бичигт “харилцахын хэрэглүүр” хэмээн тодорхойлдог. Тэгэхдээ хэл харьцангуй хязгаарлагдмал нөхцөлд энэхүү үүргээ биелүүлнэ. Тухайлбал: цаг хугацаа, орон зайн шалтгаалцал давхацсан үед буюу өгүүлэгч, сонсогч хоёр этгээд тодорхой нэг орон зайд, тодорхой нэгэн хугацаанд хамт байх үед л хэл харилцахын хэрэглүүр болж чаддаг байлаа. Гэтэл хүний аж төрөл хөгжихийн хирээр цаг хугацаа, орон зайн хязгаарлагдмал шалтгаацлыг давах шаардлага гарч өгүүлэгч, сонсогч хоёр этгээд өөр өөр газар оронд, өөр өөр цаг хугацаанд байх нөхцөлд хэрхэн харилцаж болох боломжийг хайхад хүрч, үүний дүнд бичиг гэдэг бас нэгэн гайхамшигт нээлтийг буй болгожээ /Монголын соёлын түүх. Дэд боть, 1999, 5 дахь тал/. Бичиг хэмээх үгийн үүсэл гарлын тухай эрдэмтэд янз бүрийн санал, таамаглал хэлдэг бөгөөд тухайлбал, түүхч Г.Сүхбаатар:  “бичиг гэдэг үгийн гарлын тухай эрдэмтдийн саналыг дурдвал: 1. Түрэг судлаачид хятадын “би” (бийр) гэдэг үгийн эртний дуудлага “бити”-гээс бичиг гэх үг гаралтай нь эргэлзээгүй мэтээр үзэж байна. Монголч эрдэмтэн П.Поуха ч тэдний саналыг дагажээ. Бичиг гэдэг үг бичгийн хэрэгсэл бийр гэдэг үгнээс гарсан гэхэд үнэмшил багатай. Учир нь бийрнээс өмнө бичсэн бичгийг хүн үзэх ёстой. 2. К.Сиратори зэрэг эрдэмтэн бичиг гэдгийг монгол хэлний үгнээс гарсан гэж үзэж байна. Монгол орны монгол, түрэг угсаатны нүүдэлчдээс бүр урьд өрнөж дорно дахинд бичгийн өндөр соёл буй болсон болохоор уг үг зээлдмэл үг байх нь эргэлзээгүй мэт. Монгол орны эртний нүүдэлчдийн хувьд хятадын иргэншлийн нөлөөг бодвол энэтхэг-европийн иргэншлийнх нь илт давамгайлж байгаа учир бичиг гэдэг үг орос хэлний писать (бичих), письмо (бичиг) гэдгийн пис язгууртай гарал нэгтэй гэж үзэх нь түүх, хэлний талаар бүрэн нотлогдож болохоор байна. Орос хэлний пис язгуур нийт энэтхэг-европийн хэлний “pingere”, “peisai” мэтийн зурах, эрээчих, гоёх гэх утгатай үгнээс үүссэн гэж эрдэмтэд санал нэгтэй үзэж байна. Гэхдээ письмо бичиг нь язгуур нэгтэй үгс болохоос бус, нэг нэгнээсээ үүссэн гэж бид үзээгүй. Д.Доржиевийн бичсэнээр буриадууд Октябрийн хувьсгалын өмнө худам монгол бичиг хэрэглэж байхдаа бичиг гэхийг зурах, бэшэх гэж хоёр янзаар хэлж байв. Эдүгээ ч монголчууд гарын үсэг зурах гэж хэлнэ. Хиргис, якут мэтийн түрэг хэлэнд бичихийг мөн зурах гэж хэлдэг. Энэ нь уг үгний эртний утга хадгалагдсаар ирсний гэрч мөн байх” гэж тэмдэглэсэн байна /Г.Сүхбаатар, 1992, 124-125 дахь тал/.

Мөсний шагай.

Мөсний шагай хэмээх энэ Монголын уламжлалт тоглоом наадмаар наадагсад нилээд олон болж байгаа. Мөсний шагайчид долоо хоногийн Бямба, Ням гарагт Туул голын мөсөн дээр нааддаг юм байна. Мөсөн шагай гэх энэ тоглоомоор Монгол эрчүүд эртнээс тоглож ирсэн байдаг. Энэ тухай хамгийн анхны мэдээ баримт нь "Монголын Нууц Товчоо"-нд өгүүлсэн байдаг - Тэмүүжин арван нэгэн настай байхдаа Онон мөрний мөсөн дээр Жамухатай наадаж байгаад өөрийн гуулиар цутгасан шагай ба арц модон годилоо Жамухын гурын шагай ба бярууны эврийг нааж хийсэн дуут сумтай солилцож анд нөхөр болсон тухай өгүүлдэг. Үүнээс үзэхэд Монгол эрчүүдийн анд нөхөрлөлийн билгэ тэмдэг болсон энэ тоглоом маш эртний үүсэлтэй харагдаж байна. Мөсний шагай хэдийд хэрхэн бий болсон талаар судлагааны зүйлс нилээд хомс бололтой. Бидний мэдэх боулинг, керлинг зэрэг спорт тоглоомуудын өвөг эцэг нь мөсний шагай ч байж болох юм. Эдгээрийн тоглоомын арга барил, техник нь мөсний шагайн наадаанд тод харагддаг. Мөсний шагайн оноот тоглоом. 1,2,3,4,5 гэсэн оноог өгч тоглоно, хамгийн их оноо авсан нь хожно. Мөсөн шагайг тоглохдоо тоглогчид баг болж тоглоно. Мөсөн шагайн харвааны тэмцээн нь цуваа харваа, талын харваа гэсэн хоёр журмаар явагддана. Мөсөн дээр бог болон бод малын шагайг мөсөн тавиад зуу орчим метрийн зайнаас сум тавьж тоглодог. Шагайны оронд модон бай ч тавина. Гэхдээ үүнийг шагай гэж нэрлэдэг. Мөсөн дээр бог малын 8 шагай тэдгээрийн голд бод малын ганц шагайг төвд тавьж өгнө. Шагайны хооронд тодорхой зайтай. Мөсний шагай харваа нь гадна талаасаа төв рүүгээ тэмүүлэх байдлаар оноогоо өгдөг - хамгийн гадна талын шагай болон гадна талаасаа хоёр дахь шагай хоёрын дундуур сум гарвал нэг оноо өгнө. Энэ мэтээр оноог төв рүү тэмүүлүүлж өгнө. Голын том шагайг оновол хамгийн их буюу таван оноог өгдөг журамтай. Мөсний шагайчид сумаа гарын доорхи материал ашиглан өөрсдөө хийдэг. Ер нь өвлийн аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярьж буй өнөө үед энэ мэт үндэсний уламжлалт тоглоомуудын тухай ч судлах хэрэгтэй юм шиг. Мөсөн шагай нь тийм ч их мөнгө хөрөнгө шаардах тоглоом биш, сайн сурталчилаад өгвөл олон хүн сонирхох нь тодорхой. Мөсний шагайн харвааны хот, аймаг, улсын аваргын тэмцээнүүд ч мөн болдог. Гэвч олон нийтэд бага сурталчилдаг юм шиг санагддаг. Энэ уламжлалт тоглоом Архангай нутагт хамгийн өргөн дэлгэрсэн байдаг бөгөөд Архангайгаас олон мэргэн харваачид төрсөн байдаг. Мөсний шагай нь хүний биед их тустай, хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ, хараа хурц, нарийн мэдрэмжтэй болгодог гэж шагайчид ярьдаг.

December 19, 2010

Зулганай - Зулганайн баянбүрд.

Зулганайн баянбүрд гэж нэг газар байдаг. Энэ газрын тухай мэдээлэл ч бас хомс, интернет байгаа зураг нь бас худлаа байдаг юм байна. Энэ газрын зарим зурагнаас оруулъя. Говь цөлд тохиолддог үржил шимт хөрс бүхий мод, бут сөөг, өвс ургамал нь жигдэрсэн, цэнгэг уст булаг шанд ундарсан хэсэгхэн нутгийг баянбүрд гэнэ. Монголын говьд ч алдартай баянбүрдүүд олон бий. Эдгээр баянбүрд нь говийн байгал экологийг тэнцвэржүүлж байдаг гэж үзэж болно. Бургас, сухай, заг, зэгс, харгана, хармаг зэрэг олон төрөл зүйл бутлаг ургамал баянбүрдэд ургана. Мөн дан ганц зэгс голлосон бут сөөг хийгээд бусад, өвслөг ургамалтай баянбүрд ч байна. Зулганайн баянбүрдэд зэгс голлон ургасан баянбүрд юм. GPS: N 43° 34.86', E 100° 5.027'. Зулганайн гол өдөр элсэн доогуур шурган алга болж, шөнө ил гарч урсдаг гол. Зулганай бууж тухлах сайхан газар ч орой нар шингэх үед жижиг хар ялаа их гарч ирнэ дээ.

Харзны усанд орох уу?

Харзны усанд орох.
Улаанбаатарт харзны усанд орж биеэ эмчилж чийрэгжүүлдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэд долоо хоногийн амралтын өдрүүдэд цуглаад Туул голын мөс цоолоод харзны усанд ордог. Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж биеийг сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны энд тэнд бөглөрсөн бөглөөсийг арилгаж, хүний биеийн зарим хэсэгт бий болсон үхжилийг сааруулж, сэргээж өгдөг юм байна. Нилээд олон бүсгүйчүүд мөн харзны усанд орж байна лээ. Харзны хүйтэн усанд орох нь эмэгтэй хүний арьс болон суларсан булчинг чангаруулж, тураадаг гэнэ. Монголчууд усны эмчилгээний гайхамшигт чанарыг эртнээс мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн ард түмэн. Монголчууд Намарын дунд сарын 15-наас урсгал ус рашаан болж, таван махбодийг эмчилдэг гэж ярьдаг. Рашаан ус хүртэж биеэ эмчилдэг хүмүүс намар өөрийн өвчин шаналлыг арилгахаар рашаан усанд их явдаг нь дээрх үгийг батлах мэт. Харзны усанд ороход танд зориг л хэрэгтэй. Түүнээс биш ямар нэгэн бэлтгэл хэрэггүй. Харин мэдээж усанд орох хувцас, уснаас гарч ирээд бие арчих алчуур, нөмрөх хувцас, шаахай зэргийг авч ирэх хэрэгтэй. Мөн халуун савтай цай, цайндаа шар тос самраад аваад ирэх хэрэгтэй. Уснаас гарч ирээд ууна. Шар тостой цайг монголчууд осгосон хүн малд өгдөг нь хүний голын тамирыг сэргээж, голд хуралдсан хүйтнийг зайлуулж өгдөг гэж үздэг тул усанд орсны дараа уухад зүгээр байдаг юм байна. Мэдээж харзны усанд та бүх биеээрээ 3-5 секунд ороход л болно. Хамгийн гол биеийнхээ бүх хэсэгээ оруулах ёстой. Ингээд ороод үзээрэй. Хэрэв та харзны усанд орохыг зориглон хүсвэл энэ сайтаар зочилж заавар зөвлөгөө аваарай: http://reiki.mn/harz/. Монголын рейкийн холбооны сайт бөгөөд эдний хамт өвлийн туршид олон хүнийг харзны усанд оруулж мэргэжлийн зөвлөгөөг өгч, мэргэшсэн багш нар зааварчилгаа өгдөг.

December 14, 2010

«Арав дахь гариг» өөрийнхөө тухай мэдүүллээ

Нарны системийн зах хязгаар нууцаа хааяа нэг задлаж байна. Тийм уйл явдлыг эрдэмтэд аз дайрсан хэрэг хэмээн үздэг. Саяхан тэд гол гол гаригийн тойрог замаас хол оршдог тэнгэрийн хамгийн том биет болох Эридын хэр хэмжээг лавлан тодруулав. Мэргэжилтнүүд түүнийг аравдахь гаригийн хувьд Нарны системийн бүрэлдэхүүнд оруулах эсэхийг нэгэн үе эргэцүүлэн бодож байв. Эрид гариг алс хол нэгэн одны урдуур явж, түүнийг халхавчлах байсан. Баруун тал бөмбөрцөгийн хэд хэдэн одон орны оргил хиртэх ховор үзэгдэлд бэлдсэн ч Эридын сүүдэр туссан Чили дэх гуравхан дуран авайгаар л онцгой үзэгдлийг харсан юм. Одон 27-оос 76 хүртэл секундэд халхавчлагдав. Эдгээр секундын зөрөө нэн чухал болсон. Дуран авайн хоорондын зайг мэдвэл энэ зөрөөний тусламжтайгаар Эридын хэр хэмжээг тооцоолж болно гэж москвагийн одон орны судлагч Владимир Сурдин хэлээд Бух од маш хол орших учир одны гэрлийг зэрэгцсэн сацрал хэмээн узэж болно. Тэгвэл дэлхийн гадрагад туссан Эрид гаригийн сүүдэр дүрс бараатай нь төстэй. Суудрээр нь бид тэнгэрт нэгэн цэг мэт харагдах жижиг гаригийн хэр хэмжээг тооцоолж чадна. Энэ нь жижиг гаригуудын дотор 2500 км бүхий хамгийн том нь гэж саяхан болтол бид үзэж байсан. Харин барагцаалбал 2300 км байгаа нь илэрсэн гэлээ. Эдүүгээ Нарны системийн зах хязгаарт илрүүлсэн гаригийн тоо 1000-аас давсан. Тэдгээрийн дотор Эридээс гадна Макемак, Хаумеа гаригууд хамгийн том нь. Мөн Дэлхийн ван гаригийг энэ бүлэгт хамруулж, 9 дэх гаригийн статусгүй болгожээ. Чилийн хойд ууланд байгаа дуран авайгаар олонхи жижиг гаригийг олж илрүүлсэн гэж Владимир Сурдин хэллээ. Энэ нь хуйтэн устай Номхон далай дэргэд нь оршдог учир одон орны судлалд таарах тунгалаг сайхан агаар, цэлмэг олон шөнөтэй нутаг юм. Хойд Америк ба европын орнуудын одон орны судлагчид тийшээ очдог. Манай мэргэжилтнүүд Чилид очиж одон орны оргилуудын зарим багажийг тохируулдаг. Иймээс бид хоршиж хэд хэдэн багажийн ажиллагаанд оролцож байна гэв. Гэвч Чилийн бүх дуран авай ч тойрог замын «Хаббл» ч жижиг гаригийн нарийн тод дүрс өгөхгүй байна. Бүдэг цэг л харагдана. Оддын дэвсгэр дэх цэгийн хөдөлгөөнөөр тойрог замын траектори ба массыг тооцоолж болно. Одоогоос 80 жилийн өмнө нээсэн Дэлхийн ван гаригийн гадарга ямар байгаа нь өнөө болтол тодорхой биш байна. Тэр тусмаа манай гаригаас хоёр дахин илүү хол оршдог Эридын талаар тийм байна. Од хиртэх үзэгдэл гол гол нээлт хийхэд туслав.1984 онд Далайн ван гариг нэгэн одыг халхавчилжээ. Хиртэхийн өмнөхөн од ахар богино хугацаанд унтарч ассан байна. Энэ нь дэлхийгээс үл харагдах цагариг гаригт байгаагийн шинж тэмдэг билээ. 1988 онд Дэлхийн ван одыг халхавчласан үед тэр аажмаар унтарч байв. Бүх тооцоололтоос харахад мөн гариг агаар мандалгүй байсан. Иймээс дээрх үзэгдэл эрдэмтдийг гайхуулав. 2015 онд америкийн станцууд хажуугаар нь гарч түүний тод гэрэл зургийг авах бололтой. Тэгээд хэд хэдэн нууцыг нь задлах байх.

December 13, 2010

Толбо нуур

Толбо нуурын зүүн хойд тал
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос урагш 45 км-т, Өлгийгөөс Ховд хот орох төв замын дагууд Толбо нуур оршино. Энэ нуур нь зүүн өмнөөс баруун хойш сунаж байрлана. Нуурын хотгор тектоник гаралтай, цэнгэг устай, мөстлөгийн гаралтай нуур - хамгийн урт 21,5 км, өргөн 6 км хүрч усны мандал нуурын зүүн урд 2089м бол баруун хойд хэсэг Түргэний голын хавьд 2079м байна. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын эргэн тойрны уулсад эртний мөстлөгийн ул мөр тод ажиглагддаг, одоо хир нь Хүнгүй нуруу, Хатуугийн уулс /3820 м/ зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана. Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж 4 м өндөр Гичгэний толгой юм. Нуурын ус хуралдуулах сав газрын талбай 1980 хавт.дөр.км юм.
Толбо нуурын зүүн эрэг
Толбо нуур нь илүүдэл усаа Түргэн голоор Ховд голын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна. Толбо нуурт хүмүүс амарч зугаалах, загасчилахаар ирэх дуртай байдаг. Толбо нуурын эрэгт буудалж тухлах хэд хэдэн сайхан газрууд N48°35.547', E90°0.533 'бий. Толбо нуурын эрэг дагуу шувуудын амьдралыг ажиглах гол газар нь нуурын адагт Түргэний гол гарч буй хэсэг N48°36.125', E89°56.610', Толбо нуурын Жижиг нуур N48°27.221', E90°11.951' юм. Толбо нуурт усны нөмрөгт бүргэд Haliaeetus leucoryphus, идлэг шонхор Falco cherrug, Гангар хун Cygnus cygnus, Ангир, Тураг гогой буюу хар галуу зэрэг олон зүйл шувууд олноор ирж зусна.

December 7, 2010

Эльтерес хааны дурсгалын цогцолбор буюу Онгийн голын дурсгал.

Эльтерес хааны дурсгал
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, сумын төвөөс урагш 17км зайд Мааньтын голын хөндийд эртний түрэгийн нэгэн цогцолбор хүн чулууд бий. Энэхүү цогцолборыг анх оросын судлаач Н.М. Ядринцев 1891 онд судлаж товч тодорхойлолт гарган руни бичээст хөшөөний бичээсийг хуулбарлан авсан байдаг. Үүний дараагаар Д.А. Клеменец, П.К. Козлов, Л. Ийсл, Э. Трыярский судалсан байдаг. Судлаачдын дунд уг цогцолборыг Онгийн голын, Мааньтын, Тарималын, Тариалангийн гэх мэт олон янзаар нэрлэсэн байх нь бий. Сүүлд уг дурсгалыг судлаачид Түрэгийн хаан Эльтерес зориулан босгосон цогцолбор мөн тодорхойлсон байдаг. Хөшөөний бичээсийг тайлан уншсан судлаачид Эльтерес хаан, түүний хатан Эльбилгэ нарт нарт зориулсан болохыг баталдаг. Уг дурсгал нь уртаараа 68 метр, өргөнөөрөө 48 метр хэмжээтэй дөрвөлжин хэрэмтэй, зүүн талын ханандаа 3 метр өргөн хаалгатай, тойрон хүрээлсэншуудууны оромтой бөгөөд үүнээс зүүн зүгт 980 метр зайд 166 ширхэг зэл чулууг цувруулан зоосон байна. GPS солибцол: N46°20' 19", E102°11' 02".

December 1, 2010

Тэвш уулын хадны зураг.

Тэргийг дүрсэлсэн байдал
Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг, сумын төвийн дэргэд зүүн хойд зүг салбарлан тогтсон хар уулыг Тэвш уул гэж нэрлэнэ. Тэвш уулын эргэн тойронд олон тооны хадны сүг зураг байхаас гадна булш хиргисүүрүүд ч олон байна. Сүүлийн жилүүдэд Хонгорын элс элсийг зорих аялагч жуулчид Тэвш ууланд саатан хадны сүг зураг дүрслэлийг үзэж сонирхох нь их болсон. Тэвш уулын хадны зурагт элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн амьдрал ахуйг харуулсан зургууд голлоно. Ан амьтдын дотроос буга, янгир, тэмээ, адуу, нохой зэргийг хаданд хонхойлон дүрсэлсэн байдаг. Ахуй амьдралтай холбоотой зургуудад үхэрт нуруу ачсан, ямар нэгэн зүйлсийг чирүүлсэн, морь хөтөлсөн хүн, Морьтой болон явган хүмүүс адуу малыг тууж яваагаар дүрсэлсэн байна. Үүнээс харахад хүмүүс мал амьтныг гаршуулж уналга эдэлгээнд ашигладаг болсон үеийг харуулж байна. Мөн амьтдыг хашаа хорионд оруулж буй, Морьтой хүмүүсийг гартаа сүх шийдэм барьсанаар, Янгирыг нум сумаар харваж байгаа зураг олонтааг үзэж болно. Тэвш уулын зураг дүрслэлээс судлаачидын анхаарлыг татдаг зураг нь дөрвөн дугуйтай,ганц гуятай тэргэнд дөрвөн морь хөллөсөн, мөн хигээсгүй хоёр дугуйтай, тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай, ганц аралтай дөрвөн морь хөллөх зориулалт бүхий тэрэг зэрэг хэд хэдэн зураг байна. Эдгээр зургийг А.П. Окладников, П.И. Кожин, Д. Дорж, Э.А. Новгородова, Д. Цэвээндорж нар судалсан байдаг. Эдгээр тэрэгний дугуйн хигээс нь янз бүрийн тоотой байгаа нь тэрэгний хувьсал хөгжлийн түүхийг харуулж байгаа бөгөөд А.П. Окладников скифийн үе буюу Х.Т.Ө VII-III зуунд, Д.Дорж Х.Т.Ө III-I зуунд хамруулан үзсэн байна. Д. Дорж нь уг дөрвөн дугуйтай тэргийг "гэр тэрэг" гэж үзсэнтэй олон судлаачид санал нийлдэг.  Өнөөгийн байдлаар Монгол орны нутгаас 100 гаруй эртний морин тэрэгний зураг олдоод байгаа бөгөөд гол төлөв хоёр дугуйтай дугуй тавцан бухий ганц гуятай тэргийг эгц дээрээс нь харж дүрсэлсэн байдаг. Чулуут гол, Ямаан ус, Цагаан гол, Тэвш уул, Цагаан салаа, Бага Ойгор, Модтой толгойн тэргийг 4, 6, 8, 9 хигээстэй дугуйтай дүрсэлсэн нь тэрэгний дугуйн хувьсал хөгжлийг харуулж буй баримт юм. Эдгээр тэргүүд МЭӨ 2000 жилийн сүүлч МЭӨ 1000 жилийн эхний хагаст холбогдох бөгөөд энгийн уналга, тээврийн хэрэгслийн зориулалттай. Мөн ихэнх тохиолдолд энгийн тэрэг дүрсэлсэн байхад, Ямаан усны хаданд бүхээгтэй сүйх тэрэг, Тэвш уулын хаднаа дөрвөн дугуйтай тэрэгний дунд дээрээс нь харсан гэр мэт зүйлийг дүрсэлсэн байна. Хөвсгөл аймгийн Модтой толгойн нэгэн хавтгай хадны голоор зам мэт урт зураас хонхойлон цохиж гаргаад түүний баруун талаар цуварч яваа хос морь хөллөсөн хоёр тэрэг, хүний мөр, адуу, нөгөө талд хос морьтой нэгэн тэрэг, морь, туурай тамга, хүний мөр зэргийг дүрсэлжээ. «Модтой толгой»-н морин тэрэг нь сийлбэр ба дүрслэлийн хувьд дээрхи тэрэгнүүдээс их эртний шинжтэй бөгөөд МЭӨ 3000-2000 жилд холбогдоно.Тэвш уулын тэрэгний болон тэрэгтний зургийг судлах ажил үргэлжилж буй бөгөөд 1997 онд Г. Гонгоржав уг уулын Ар Элстийн амнаас гурвалсан морьтой, найман хигээст тэргэн дээр зогсож буй хоёр хүнийг дүрсэлсэн зургийг олсон байна. Энэ зургийн тэргийг дайн байлдааны зориулалтай байж болох юм гэж үзсэн байна.

Домбор буюу домбыра - Домбор хөгжимийн тухай домог.

Домбор
Домбор буюу домбыра - Дуу хөгжим, хурдан морь бол Казахын ард түмний хос жигүүр билээ. Казах түмнийг домборгүйгээр төсөөлөх аргагүй. Домбор бол Казах үндэстний эртний чавхдаст хөгжмийн зэмсгүүдийн нэг билээ. Казах айл болгонд домбор байдаг бөгөөд хүүхэд хөгшид гэж ялгалгүй домбор хөгжимөөрөө тоглож чаддаг. Домборыг гаднаас нь харахад том модон шанага шиг хэлбэртэй. Домбор нь шанага, нүүр, иш, чих гэсэн үндсэн хэсгүүдтэй. Домборыг урлахдаа нарс модыг шанаган хэлбэрт оруулан зорж цар үүсгэн хатаагаад, царан дээрээ хавтгай мод нааж хонь, ямааны өлөн гэдсийг ээрч утас хийгээд, хоёр утас татаж ишин дээр нь 9 эгшигийн хөг данг тохируулж өгнө. Ингэж домбор хөгжим бий болно.

Эрт цагт хүмүүс домборын чавхдасыг хонь ямааны өлөн гэдсээр хийдэг байсан бол одоо сатурк утас ашиглах нь элбэг болсон. Анхандаа казахчууд домборыг хоёроос гурван утастай хийдэг бөгөөд өнөө үед голдуу хоёр утастайгаар хийдэг. Орчин үед гурван утастай домбор хийх уламжлал Казахстаны Семиплатинскийн бүс нутагт л үлджээ. Домбороор олон хөг аяыг түүн дотроо эх нутгийнхаа уул тал, гол горхи, жигүүртэн шувуудын жиргэн донгодох, хонь ямаа, түмэн агтны төвөргөөнийг аялгуулан тоглодог. Казахууд домбороо маш их хүндэлж хайрлана. Адуу малдаа явсан ч биеэс салгахгүй, орой үдэш орон гэртээ харьж ирсэн ч домбороо хөгжимдэн, дуулан бүжиглэж, айл хотлоороо наргиж цэнгэнэ.