Богд Очирваань Отгонтэнгэр уул |
Богд Очирваань Отгонтэнгэр уулыг Монголчуудыг эрхшээн тэтгэгч Догшин Их Бурхан Богд Очирвааны дүр гэдэг. Отгонтэнгэр уулыг Бурхан багшаас замбуулинд хайрласан таван их тэнгэр уулын отгон нь гэсэн домог ч байдаг байна.
Тэнгэрийн цэнхэрлэгт бүтсэн, сэтгэлийн цэнхэрлэгт оршсон, мөнхжингийн цаглашгүйд амьсгалсан язгуур дээд Очирваань монгол хүн бүхнийг өлгий дээрээ инээмсэглэн тосон авч авралдаа багтаадаг байна. Очирваань бурханыг нэгэн үзүүрт сэтгэлээр сүсэглэн явбаас сүсэглэсэн хүнийг есөн үед нь элбэрлийн сахиусандаа авран хамгаалдаг.
Монголчууд яагаад Алтайн сүрлэг цаст оргилыг төрийн хэмжээнд тахидаггүй мөртлөө Отгонтэнгэр уулыг Хан Хэнтий уулын адил төрийн хэмжээнд эртнээс тахиж ирсэн юм бол?...Яагаад Отгонтэнгэр... Богд Очирваань гэж нэрлэсэн юм бол?... Отгонтэнгэр хэмээх энэхүү нэр үе үеийн бичгийн мэргэдийн оюун бодлын түлхүүрийг үл амраажээ. Энэхүү нэрийн учир шалтгааныг сонирхон судалбаас дараах таамаглалууд урган гарч ирдэг.
1. 1227 оны 7-р сард Чингис хаан Тангуд улсыг дайлаар мордох үедээ тэнгэрт хальжээ. Тэнгэрт хальсан газраас Их хааны төрөлх нутаг руу нь зөөсөн тухай "Монголын Нууц Товчоо"-нд дурдсан байдаг. Эзэн Богд Чингис хааны шарилыг ачсан хасаг тэрэг Алтайн нурууг даван Бурхан Халдун ууланд ирэх замдаа газрын холд шарилыг муутгахгүйн тулд Отгонтэнгэр уулын мөнх цасанд хөлдөөж хадгалсан байх магадлал өндөр байдаг. Тэнгэрт хальсан их хааныхаа шарилыг агуулж байсан энэ уулаа сүсэглэн хүндэтгэж "Отгонтэнгэр" гэж нэрлэсэн байж болох юм. "Отгон" гэдэг үгийн утга нь хамгийн сүүлчийнх гэсэн үг. Монголчууд эртнээс бага хүүгээ отгон хөвүүн гэж нэрлэдэг учиртай. "Тэнгэр" гэдэг үг нь тэнгэрийн хүү тэнгэртээ халилаа гэсэн утгатай болно. Монголчууд эзэн Богд Чингис хааныг мөнх тэнгэрийн хөвүүн гэж боддог.