November 28, 2010

Сант уулын зосон зураг.

Улаан морьтын - Зосон зураг
Төв аймгийн Эрдэнэсант сумын төвийн баруун урдуур дамналдан баруун хойноос зүүн урагшаа сунаж тогтсон боржин чулуун тогтоцтой, үзэсгэлэнт уулыг Сантын уул гэнэ. Энэ уулын баруун урд биеэр эртний булш, хиргисүүр нилээдгүй олон байдаг. Энэ ууланд хэдийд хэн үйлдсэн нь тодорхойгүй нэгэн улаан зосон зураг бий. Ганц адууны зургийг улаан зосоор зурсан байдаг. Нутгийнхан энэ газрыг тахилга шүтлэгтэй догшин газар гэж ярьж байсан. Нутгийн уяачид ихэд шүтэн, морьдынхоо хурд ирийг даатгаж ирсэн газар гэж нутгийн хөтөч залуу хэлж байлаа. Зосон зураг зурсан хадны ойролцоо хадаг яндар, жижиг модон морь, хурд морины эд хэрэглэлийн билэгдэн дуурайлгаж хийсэн зүйлсийг олноор тавьсан байдаг юм байна. Зурагт адууг том толгойтой, бахим хүзүүтэй, богино хөлтэй, урт сүүлтэйгээр дүрсэлсэн байх ба их биеийн зарим хэсэг нь нар салхины элэгдэлд орж ховхрон алга болсон байна. Хаданд ердөө ганцхан адууны дүрс зурагдсан байна. Энэ зурагт тахь дүрсэлсэн үү эсвэл монгол адууг дүрсэлсэн үү? Эргэн тойронд нь өөр зурсан зүйл үгүй болно. Энэ газрыг үзэхийг хүсвэл Сант уулын баруун урдуур Бүрэн сум руу явдаг замаар явна. Айлууд бий асуувал заагаад өгөх байх. Газрын нэрийг нь Улаан морьт гэдэг газар.

0 сэтгэгдэл:

Post a Comment