November 15, 2010

Сэндэртийн агуй.

Сэндэртийн агуйн ам - 2006 оны агуйн аялал
Баянхонгор аймгийн Заг сумын нутаг Хөх Хайрхан ууланд Сэндэртийн агуй гэж 70 орчим метр урт, шохой чулуун тогтоцтой, хөндийлжийн гаралтай агуй бий. Агуйд салаа салбар байхгүй. Агуйн мухарт сэндэр шороо байдаг. Нутгийн хүмүүс агуйгаас уг шороог авч эмчилгээнд ашигладаг. Сэндэр шороог түлэнхий болон яр шарханд түрхэж хэрэглэхээс гадна, цусны даралт ихэссэн үед ууж хэрэглэдэг гэж нутгийн хүмүүс ярьж байлаа. Сэндэртийн агуйгаас холгүй Халиутын рашаан гэж гидро карбонатын найрлагатай хүйтэн рашаан байдаг. Халиутын рашаан ойр орчимд Ламын агуй, Чихний рашаантай агуй, Далан тэмээ ачаа багтаадаг агуй гэж хэд хэдэн томоохон агуйнууд бий. Сэндэртийн агуйн солибцол: N46°37'19.8",E99°12'11.6", Далан тэмээ ачаа багтаадаг агуй: N46°44' 56.6", E99°19'27 ", Чихний рашаантай агуй: N46°45'19.3", E99°19' 20.1 " солибцолд тус тус оршино. Чихний рашаантай агуйн адраас ус дуслан жижиг тогтоол ус бий болгожээ. Энэ усыг чихэнд дусааж чихний өвчин эмгэгт ашигладаг. Энэ агуйн усыг судлаж үзэх хэрэгтэй санагдсан. Монгол оронд жижиг болон том хэмжээний тогтоол ус, бичил нууртай агуй нилээд хэд байдаг боловч агуйн усыг судлах тал дээр дорвитой судалгааны ажил хийгдээггүй байна. Даяндээрхи, Эхийн агуй, Хүнхэрийн агуй, Цагаан дэлийн агуй зэрэг нь өөртөө эмчилгээний чанартай усыг агуулж байдаг. Далан тэмээ ачаа багтаадаг агуйн уулын орой дээр шахуу байдаг. Хүрэх зам нилээд хэцүү, асга нуранги ихтэй. Далан тэмээ ачаа багтаадаг агуйд янгир ямааны хоргол энд тэндгүй байна. Зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтэнд янгир ямаа энэ агуйд сүүдэрлэн хоргоддог бололтой.

Сэндэртийн агуйд хэмжилт хийж байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment