November 11, 2010

Ишгэн толгойн хуучин чулуун зэвсгийн дурсгал.

Монгол алтайн нурууны ар биеэс эх авсан Урд, Цэнхэр, Дунд, Хойд Цэнхэрийн гурван гол Ховд аймгийн Манхан сумын төвийн орчимд нийлж урсах ба түүний хойд талынхныг Ишгэн толгой гэнэ. Энэ орчмоос эрдэмтэд хуучин чулуун зэвсгийн үеийн хайрган хучидас зэвсэг бүхий чулуун эдлэлийг олноор олж судалсаар байна. Цэнхэрийн голын хөндийд хүн эрт цагаас нутаглан ан гөрөө хийж амьдарч өөрсдийн хийж хэрэглэж байсан хөдөлмөрийн багаж зэвсэг төдийгүй урлан бүтээсэн урлаг соёлын гайхамшигт дурсгалаа үлдээжээ. Ишгэн толгойн хаднаа үхэр, адуу, буга, янгир, тэмээ зэрэг амьтдын дүрсийг хадны толио дээр энд тэнд гол төлөв ганц нэгээр толгойг дуртай зүг рүүгээ харуулан урласан бөгөөд зургийн сийлбэрийн өнгө хадны байгалийн өнгөнөөс бараг ялгарахгүй болж зөвхөн гараар тэмтрэхэд сийлбэртэй болох нь мэдэгдэх төдий буйгаас үзэхэд эдгээр зураг нь нэлээд эртний болох нь тодорхой. Аль ч үед зургийг хаднаа сийлэхдээ гол төлөв нөмөр талыг сонгон авдаг бол Ишгэн толгойн хадны ихэнх зураг түүний хойд талд, өөрөөр хэлбэл салхин талд зонхилж буй нь санамсаргүй мэт боловч цаашид сонирхон үзүүштэй баримт юм. Ишгэн толгойн хадны нийт 150 дүрс сийлснээс: хүн 1, адуу 18, үхэр 13, буга, хандгай, гөрөөс 19, тэмээ 1, янгир 17, аргаль 11, могой 5, бар 3, тэмдэг дүрс 9 чухам ямар амьтан болох нь тодорхой танигдахгүй амьтны дүрс 53 байна. Энд дан зэрлэг амьтдыг дүрсэлсэн бөгөөд дүрслэхдээ амьтдын биеийн ерөнхий талыг хүрээлэн цохиж гаргах бүх талбайг хонхойлгон цохих хоёр үндсэн барилыг хэрэглэн тухайн амьтны дүрсийг бодит байдлаар харуулахдаа яг байгаагаар хуулбарлаагүй харин онцлог шинжийг цохон урлахын зэрэгцээ янгирын махир эврийг гоёмсог байдалтай нум хэлбэртэй гаргаж нуруунд хүргэлгүй дүрсэлсэн байхад, аргалийн эврийг тал дугуй хэлбэрээр хүзүүтэй нь давхаралдуулан махирлуулсан байна. Амьтдыг дүрслэх дээрхи үндсэн хоёр барилаас гадна сонирхууштай өөр онцлог барилууд ч энд ажиглагдана. Тухайлбал амьтны биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж зөвхөн толгойн хэсгийн бүх талбайгаар хонхойлгон дүрсэлснээр Монголын чулуун зэвсгийн урлагийн нэгэн онцлог арга болохыг бид олонтаа мэдэж болно. Амьтдын ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж гаргахдаа түүний зүрхний харалдаа хонхойлгон цохисон хүзүү нуруунаас доош хөндлөн зураас гаргаж хонхойлгосон байх нь олонтаа бөгөөд ийм барил чандмань хар үзүүрийн зурагт басхүү тогтмол ажиглагдана. Түүнчлэн ишгэн толгойн, Чандмань, Хар үзүүрийн хадны зургийн аль алинд нь том адууны дэргэд жижиг адуу(унагатай гүү) дүрсэлсэн жишээ болон энэ хоёр газрын хадны зураг нийт дүрсэлсэн амьтад дүрслэлийн арга барил зэрэг бүхий л талаараа ижил төстэй тул нэгэн үед хамаарах нь тодорхой. Харин Ишгэн толгойн зурагт амьтны гадаад тэгийг хөвөөлөн цохиж гаргаад түүний хэвлий, хөл хоёрыг залгалгүй дутуу орхисон барил буйг тэмдэглүүштэй. Дүрсэлж буй амьтныхаа зарим хэсгийг ийнхүү дутуу орхисон зураг Хойд цэнхэрийн агуй дахь Палеолитын зосон зурагт бас элбэг дайралдана. Мөн түүнчлэн аргаль, гөрөөс зэргийг Ишгэн толгой, Хойд цэнхэрийн агуйн зурагт маш адилхан зурсан ба аль алинд нь 2 бөхтэй тэмээний зураг байна. Ишгэн толгойн хаднаа могойн зураг нэлээд хэд буй нь Палеолитын урлагт гарч буй шинэ зүйл бус юм. Байгаль нуурын чанадад Мальтамин палеолитын дурсгалаас олдсон арслан зааны соёогоор хийсэн ялтсан дээр гурван могойн хамт нэг дор мөн тусад нь сийлсэн могойн дүрс ч байдаг. Амьтны хүйсний харалдаа доор(зууван) тэмдэг дүрсэлсэн зураг Европ тивээс нэлээд олдсон бөгөөд манай хөрш зэргэлдээ Лена мөрний Эх Шишкиний хясааны палеолитын үед холбогдох зурагт ч бас байдаг. Ялгагдах тал нь Шишкиний хясаанд адуу үхрийн дүрс тэмдгийг зосоор зурсан байхад Ишгэн толгойн хаднаа адуу, үхэр, бугын дүрс тэдний доорх тэмдгийг хонхойлгон сийлсэн байна. Палеолитын урлагт амьтны хүйсний харалдаа доор дүрсэлсэн тэмдгийг судлаачид “эм амьтны хүйс, амьтдын үржлийг бэлгэдсэн тэмдэг” хэмээн тайлбарладаг. Ишгэн толгойн хадны зураг, Чандмань хар үзүүрийн чулуун зэвсгийн үеийн зурагтай сэдэв зохиомж , дүрсэлсэн арга барил бүх талаараа адил. Хойд цэнхэрийн агуй, Шишкиний хясааны дээд палеолитын үеийн зурагтай гол гол үндсэн шинжээрээ ижилсэж байгаа тул зургийн сийлбэр арга барил, дүрсэлсэн амьтад зэргээс эдгээр зургийн он цагийн дээд палеолитын үеэр тогтсон байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment