November 19, 2010

Цагаан Дэлийн агуй

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг Цагаан дэл ууланд N45°37'31.9", E 109°06'25.4" солибцолд, д.т.дээш 1133 метрийн өндөрт оршино. Цагаан дэлийн агуйн Монгол нутагт одоогоор мэдэгдэж буй хөндийлжийн гаралтай агуйнуудаас хамгийн том нь юм. Агуйн нийт урт 607 метр, эзэлхүүн нь 53007 метр квадрат. Цагаан дэлийн агуй нь үндсэн 4 хонгил, 2 танхимаас бүрдэнэ. Агуйн адарт жоншны талст маш ихээр ажиглагдана. Агуй маш урт, явахад чөлөөтэй, адрын өндөр дунджаар 1-9 метр өндөр, агуйн зарим хэсэгт 10 метр хүртэл өндөр хүрнэ. Агуй нь хоёр амтай. Агуйн зарим хэсэгт жижиг хэмжээний тогтоол устай байв. Мөн агуйн хананы зарим хэсгээс усны шүүрэл гарч буй нь тод ажиглагдаж байв. Агуй руу орох аманд нутгийн хүмүүс жонш олборлож агуйн амыг маш ихээр сүйтгэсэн байна. Агуйн талаар Дэртийн худагт зусах Бор-Өвгөн, Дондогдулам гуай нар сайн мэддэг бөгөөд тэд бидэнд анх Цагаан Дэлийн агуйг олсон үүх түүхийг ярьж өгсөн юм. 1960-аад онд хэсэг хоригдлууд Цагаан дэлийн ууланд жонш олборлож байжээ. Нэг өдөр тэд машинаа нэг газар тавиад цайндаа оржээ. Тэднийг цайнд ороод ирэхэд машин тавьсан газар нь цөмөрч суусан байв. Ийнхүү Цагаан дэлийн агуйг олжээ. Цагаан дэлийн агуйг улсын хамгаалалтанд нэн яаралтай авч агуйн орчныг цэвэрлэн агуйн унаган төрхийг хадгалах хэрэгтэй санагдсан. Биднийг агуйд явж байхад агуйн орчимд жонш олборлогчид тэсэлгээ хийж байгаа нь бидэнд маш тод мэдрэгдэж, агуйн хана адар доргиж байлаа. Тэсэлгээ хийх үед агуйд нуралт үүсвэл яанаа гэж гэсэн бодол тархинд зурсхийж байв. Уг агуйг нутгийн хүмүүс зундаа сүү сааль, өвөлдөө идэш хадгалах газар болгон ашиглаж байжээ. Гадаа 36 хэмийн халуун байхад агуйд маш сэрүүхэн бүр нимгэн хувцастай орсон хүмүүс даарч байлаа.

0 сэтгэгдэл:

Post a Comment