November 15, 2010

Цонжийн чулуу.

Hexagonal rock.
Цонжийн чулуу
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт Цонжийн чулуу хэмээх хүрмэн чулуунаас тогтсон жижиг хадат толгой бий. Энэ толгойн чулуу нь болор шиг зургаан талтай, талуудыг нийлүүлж өрсөн мэт сонин, босоо тогтоцтой, хар саарал өнгөтэй. Энэ чулууг өнгөлбэл гялалзсан хар өнгөтэй болно. Энэ толгой дээр аянга их буудаг, аянга буух үед чулуу бутарч унадаг гэж нутгийнхан ярьдаг. Хүрмэн чулуу хайлмаг байх үедээ асар их даралтад орж, олон талт багана хэлбэртэй болдог гэж шинжлэх ухаан тайлбарладаг. Цонжийн чулуу нь Монгол оронд буй байгалийн өвөрмөц сонин тогтоцтой газруудын нэг, байгалийн эхийн бүтээл юм. Монгол оронд ийм хэд хэдэн газар байдаг боловч Цонжийн чулуу шиг зөв зургаан талтай чулуу байхгүй юм. Ийм тогтоцтой чулуу дэлхийд ч элбэг биш. Гэхдээ байгалийн энэхүү өвөрмөц тогтоц цөөнгүй газарт бий, миний мэдэхээр Хойд Ирланд, Солонгосын Чежу аралд байдаг. Олон улсад байгалийн энэхүү тогтоцыг hexagonal rock буюу зургаан талт чулуу гэдэг. Нутгийнханы аман яриагаар Цонжийн чулууны чулууг дээр үед хятадууд урагшаа зөөдөг байсан гэдэг. Цонжийн чулуунаас холгүй Хамбын ширээ гэж нэг жижиг толгой бий. Энэ толгойд үнэрт хамба шарилж ургана. Энэ шарилжийг Хамба Зундуй гэдэг хүн хятадаас захиж авчруулан тарьж ургуулсан гэдэг яриа бий. GPS: N 45° 58' 55.2", E 111°26' 10.6". Дэлгэрэх сумаас Түвшинширээ сум орох замын ойролцоо бий. Дэлгэрэх сумаас 22 орчим километрт бий.

0 сэтгэгдэл:

Post a Comment