November 10, 2010

Цамбагарав уул - Харганатын хадны зураг.

Цамбагарав уул
Хэдэн жилийн өмнө Цамбагарав ууланд аялж байсан нэгэн жуулчин хөтөчөөсөө: энэ уулыг яагаад Цамбагарав гэдэг юм бэ? гэж асуухад нөгөөх сэргэлэн хөтөч нь Цамба гэдэг хүн анх оргилд гарсан юм гэнэ лээ гэж хариулсан гэдэг. 
Эрт цагт өөлдүүд Цамбагарав уулыг ЦАСТ гэдэг байжээ. Нэгэн уран дархан хүн уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ ЦАМБАГАРАВ хэмээн нэрлэж Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбгарав хэмээн нэрийджээ. Өөлдүүд 11 багтай байсан бөгөөд баг бүхэн нь Цамбагарав уулаа тахидаг тахилгын овоотой байжээ. Тахилгат энэ уулынхаа үр жимс, ургамлыг хөнддөггүй байсан бөгөөд, гар хүрвэл тусгай уншлага уншин авдаг байсан уламжлал саяхныг хүртэл хадгалагдаж байжээ. Цамбагарав уул нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баян нуур сумдын нутагт оршино. Уулын ноён оргилыг ЦАСТ гэнэ.  Цаст нь далайн түвшинээс дээш 4208 метр өндөр. Домогт өгүүлснээр: Эрт дээр үеэс Өөлд, Мянгадууд Цамбагарав, Алтан-Хөхий хоёр уулаа Ховд голтойгоо шүтэж, хайрлан биширч, хүндлэн тахиж ирсэн уламжлалтай билээ. Цамбагарав уулыг хоймроо завилан сууж цай идээ, архи дарсаар дайлуулж байгаа эр хүний шинжтэй уул гэдэг учир Цамбагарав уулыг эр савдагтай. Түүний яг элгэн урдаас харж ханаран цэнхэртэх Алтан-Хөхий уулыг эр нөхрөө цайлж, дайлж байгаа эхнэр хүний дүрстэй учир эм савдагтай гэдэг домогтой ажээ. Хар ус нуурыг тогоотой цай нь, Ховд голыг тогоотой цайгаа самран сэлбэж байгаа шанага нь, баруун гар талд нь байгаа Майхан уулыг  тавагтай идээ нь өмнө нь байгаа шорвог давстай Баян нуурыг лонхтой архи нь зүүн талд нь байгаа Алтанцөгц нуурыг хундагатай архи нь гэдэг домогтой. Ийм учраас энэ хоёр уулын өвөрт нутагладаг Өөлд, Мянгадууд: Цагаан сарын шинийн нэгний өглөө Хотынхоо урд өндөрлөгт тусгай тавцан засаж эр савдагтай гадаг Цамбагаравдаа өндөр хавирга, Хонтшагай чөмөг, эм савдагтай гэх Алтан-Хөхийдөө өвчүү шатааж өргөж арван гурван сангаа тавьж мөргөдөг домогтой ажээ.
Сүүлийн үеийн аялал жуулчлалын guidebook/ ном товхимлуудад Монголын заавал очиж үзэх газруудын жагсаалтанд орсон байдаг.  Энэ ууланд жуулчдын хамгийн их очдог газар нь Намаржааны хөндий хэмээх зуслангийн газар байдаг.  Энд 6-р сарын 15 наас - 8-р сарын сүүлч хүртэл Эрдэнэбүрэн сумын өөлдүүд, Алтанцөгцийн казахууд хаяа дэрлэн буусан байдаг. Түймэр толгой хэмээх жижиг толгой хилийн зааг нь болж өгнө. Намаржааны хөндий нь Ховдоос Өлгий орох төв замын дагууд байна. Энэ хавьдаа Хаг нуур, Олон нуур, Хонгор өлөн, Сайр Сухайтын уулс гээд олон сайхан газрууд байна.
Цамбагарав уулыг 2000 онд ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилгоор улсын хамгаалалтанд авсан.
Мөн Цамбагарав уулын мөнх цасыг сүүлийн үед олон улсын судлаачид судалж, хэд хэдэн газарт хэмжилт хийх багажуудыг байрлуусан байна.  Цамбагарав уулын хойд туйлын байгалийн хувирал өөрчлөлтийг илэрхийлэгч байгалийн индикатор болж өгдөгөөрөө бас онцлог бүхий газар юм. Цамбагарав ууланд байрлуулсан хэмжилтийн багаж төхөөрөмжийн тусламжтайгаар дэлхийн дулаарал хэрхэн явагдаж байгааг судлахад ихээхэн төхөм болж өгдөг байна.
Хуягласан морьтон
Цамбагарав уулын Харганатын хад хэмээх газарт түүхийн олон үед хамрагдах хадны сүг зураг нилээдгүй байх бөгөөд үүн дотроос хөө хуяг бүхий цэрэг эрсийг дүрсэлсэн нэгэн зураг яах аргагүй анхаарал татна. Хадны дээд хэсэгт хойно хойноосоо цуварсан хоёр хуягт морин цэрэг, тэдний өөдөөс нэг хуягт морин цэрэг түүний араас нум сумаар зэвсэглэсэн явган цэргийг дүрсэлсэн байдаг.
Цэрэг эрсийн зарим өвч бүрэн хуягтай, зарим хуяггүй өргөн мөртэй,нарийн бэлхүүстэйгээр дүрсэлсэн байх бөгөөд морьдыг нь өвч хуягтайгаар дүрсэлсэн байна. Эдгээр зургийг анх судлаач Х. Шинэхүү судлаад Нирун улсын үе буюу IV-VI зуунд холбогдуулан үзсэнийг Д. Цэвээндорж, Г. Сүхбаатар нарын судлаачид дэмждэг. Эл хадны зураг нь Монголын цэргийн түүхийн судалгаанд маш ач холбогдолтой зураг юм.  Энэ зургийн хуулбар зураг Монгол цэргийн түүхийн музейд бий.

2 сэтгэгдэл:

Ganbayar.N said...

Үнэхээр сонирхолтой мэдээлэл бэлтгэж бичдэг шүү ах. Сүүлийн үед жаахан залхуураад байна уу кк

Anonymous said...

Цамбагаравын хар хадны

Post a Comment